“Оюутолгойг барьцаалж зээл авсан өдрийг түүхэнд хараар тэмдэглэх хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Г.Уянгаас цаг үеийн асуудлаар дараах асуултад хариулт авлаа.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио-Тинто компани байгууллаа. Энэхүү гэрээний үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэх гамшигт өдрүүд тохиолоо. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт гэж өмнөх ил уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан гэх 8.4 тэрбум ам.долларыг Оюутолгой гаргаж өгсөн. Тэр мөнгийг Сангийн яам баримтжуулан хүлээн авсан. Гэтэл дээрээс нь зургаан тэрбум ам.доларыг авч байна. Дээрээс нь анх ТЭЗҮ-ээр 5.1 тэрбум байсан төсөв 12.4 тэрбум болчихсон байх жишээтэй.
Энэ бүх мөнгөний 34 хувийг монголчууд бид өр болгон төлнө шүү дээ. Хүмүүс олон янзын тоо ярихаар баримжаалахгүй байх шиг байна. Амархан байдлаар жишээ татъя. 100 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцтай хүнээс нэг найз нь ирээд “Байрыг чинь барьцаанд тавиад мөнгө зээлээд жаахан эргэлдүүлээд өгье. Байраа суллаад өгчих. Харин би чамайг хоосон хонуулахгүйн тулд 5 сая төгрөг өгий.
Харин 2037 оноос бизнесийнхээ ашгаас хүртээе” гэсэнтэй яг ижил зүйл шүү дээ. Гэтэл энэхүү гэрээг ашигтай, монголын эдийн засаг сэргэлт авлаа гэцгээгээд байгааг үнэндээ гайхаж байна. Мөн Оюутолгой нь хөдөлчихсөн, сэргэх гэж байгаа бол Гачууртыг ухаж яаах нь вэ.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд хэрхэн байр суурьтай байна вэ?
-Монгол орон даяар жагсаалтаар нэр дэвшдэг асуудлыг эсэргүүцэж байгаа. Мөн мөнгөний нөлөөг багасгах заалтуудыг оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Өөр байдлаар өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй болов уу.
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т шалгуулах болсон үндэслэлээ тайлбарлана уу?
-Бие даагчдын зүгээс өмнө нь гурван ч удаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг гаргаж тавьж байсан. Н.Золжаргал нь өөрийн тойрон хүрээлэгч нарт нийт 3.2 тэрбум төгрөгийг “тараасан” тухай мэдээллийг ил болгож байсан. Газрын дарга нартаа 45, 100, 180 сая гэх мэт төгрөгийг орон сууцны буцалтгүй тусламж гэж өгсөн байсан хүн шүү дээ. Гэтэл тэрхүү мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанкны жирийн ажилтан залууг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн шалгаж байгаа гэнэ.
Энэ тухай н.Чулуунбаатар гэх залуугийн өргөдөл өнөөдөр надад ирлээ. Өөрөөр хэлбэл надад мэдээлэл өгсөн гэж хардаад шалгуулаад ажил төрөлгүй болгосон байна. Тэр залуу өмнө нь хоёр шатны шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгожээ. Гэтэл Н.Золжаргал албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гээд н.Чулуунбаатар гэдэг залууг дахиад АТГ-т хандаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлсэн байх юм. Би н.Чулуунбаатарыг танихгүй. Гэтэл Н.Золжаргал ор үндэслэлгүйгээр хүн гүтгэж шалгуулж байгааг гайхаж байна.
Тиймээс би Н.Золжаргалыг дахин АТГ-т өгч шалгуулахаар шийдсэн. Гэхдээ энэ хэргийг АТГ-аас С.Баярыг хэргийг замхруулсан шигээ аргацаахгүй гэж найдаж байна. Авлига өгсөн, тэрбум тэрбумаар нь өгсөн хүн нь шалгаддаггүй жирийн ажлаа хийгээд явж байсан ээжтэйгээ хоёулахнаа амьдарч, амьдралаа залгуулж буй залуугийн амьдралаар ингэж тоглож болохгүй шүү дээ.
Д.ЖАРГАЛ
ZALUU.COM
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Уянгаа яасан ч монголын эсрэг байх юм дээ одоо асуудлыг ёронхии сайд зөв шииджээ Ингэж чадаагуй бол дараагиин хөронгө оруулагч нь урд хөрш байх байлаа .Уянгаа ХБаттулга А Гансух нар эх орныхоо толоо юм шиг үр дүн нь яагаад монголын эсрэг байдгииг л ойлгохгуй юм Монгол улс монготой байж л тусгаар тогтнол ард иргэдээ хамгаална гэдгииг л жириин иргэд ойлгож байхад сайд нар их хурлын гишууд ойлгодоггуй нь сонин юм
Өөрөө эрлииз хүн гэсэн .