Ард түмэн аль ч намаас агуу
Өнгөрснийг мартах нь ирээдүйгээ ухраадаг. Харамсалтай нь өнөөдөр бид тэр ухралтыг амсаж байна. Амсах нь байтугай төр засагтайгаа хамт “өмхий намагт шигдчихээд” хаашаа яаж хөдлөхөө ч мэдэхгүй таг зогсоцгоож байна.
Гэвч өмнөх үеийнхээ ухаантай хүмүүсийн сургамжтай үгийг санаж, бодож, эргэцүүлэх нь алдаагаа засах, төөрөгдлөөсөө ангижран гарцаа олоход тусалдаг. Тэгвэл хэрсүү нэгэн улс төрчийн тухайн үед сануулан хэлж байсан, “гарц олох”, өнөөгийн бидэнд ухаарал нэмэх тэр л үгийг сонины шарласан хуудаснуудаас олсноо олзуурхан уншигч тантай хуваалцахыг зорилоо.
Гэндэнсамбуугийн Зуунай гэж хүнийг өнөөгийн залуусын олонхи төдий л сайн мэдэхгүй байх. Тэр хүн одоогийн зарим улс төрчид шиг “олонд танигдахын дон тусаж” сайн муугаараа дуудуулсан элдэв ов сэдэж яваагүй ч авъяас чадвар, авхаалж самбаа, мөс жудгаараа оюутан цагаасаа олны танил болсон монгол эр хүн, ухаалаг хэрсүү зан чанараараа нийгэмд үнэлэгдсэн улс төрч, бас сайн нийтлэлч, шүлэг найргийн онгодтой бичгийн хүн байлаа. Ухаантай хүний үг удах тусам алт мэт өнгө орохын үлгэрийг эндээс та болгоох буй за.
О.Л. Гэндэнсамбуугийн Зуунай – Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан хоёр жилд багагүй туршлага хуримтлуулсан хүний нэг. Тэрвээр 1992 оны сонгуулиар бие дааж нэрээ дэвшүүлэгчдээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон цорын ганц хүн болжээ.
1. Та МАХН-ын гишүүн. Яагаад өөрийн намаас биш бие дааж Улсын Их Хуралд нэрээ дэвшүүлэх болов ?
Сонгуулийн хуулинд намаас нэр дэвшүүлэх, бие дааж нэрээ дэвшүүлэх гэсэн хоёр боломж батлагдсаны сүүлчийнх нь надад оногдсон юм. Оногдсон гэдгийн учир МАХН-аас уг нь миний нэрийг дэвшүүлэх гэсэн боловч Төв хороо, орон нутгийн намьн зарим хүмүүсийн санал онол нь ээдэрч бага зэрэг “цувчаа” ороод бүгд хурлаас нэр гарч ирээгүй.
Хоёрдугаарт, сонгуулийн хуулинд хэдийгээр их шахалт хавчилттай боловч хамгийн ардчилсан хэсэг нь бие дааж нэрээ дэвшүүлэх боломжтой байсан нь намайг “ардчиллын төлөө” зоригжуулсан хэрэг. Мөн Говь-Алтай аймгийн 7 сум, аймгийн төвөөс миний нэрийг гаргаж сонгуульд өрсөлдөөч гэсэн, бас тодорхой зарим хүмүүс сонгуулийн уралдаанд намайг “сойж” урам хайрласнаас үгэнд нь орсон тал бий. Тэгээд ч би намаас илүү ард түмэндээ итгэдэг болохоор төрийн албанд зүтгэх эсэхээ хэнээс асуух нь зүйтэй вэ гэдэг нь аяндаа ойлгомжтой болсон юм.
2. Сонгуулийн хуулинд хэдэн “цоорхой” байсан гэж та бодож байна?
Сонгуулийн хууль олон цоорхойтой. Нам гэсэн хаягтай том шүхрийн дор хэн нь ч мэдэгдэхгүй хүн төрийн удирдлагын багт сэмхэн орж явчихыг зөвтгөхөд хэцүү л санагдаад байгаа шүү. Тэгээд бас төрийн хэвлэл мэдээллээр тэр хүмүүсийг нэр дэвшсэн үед нь бичиж сурталчилж болохгүй гээд хуулинд заачихсан байгаад байдаг /21 дүгээр зүйлийн 5/. Сонгуулийн хуулинд намыг бурханчлан шүтсэнээс болж ямар ч олон нам шинээр төрж, тэгээд ч ард түмний шүүрээр “гоожив” доо.
Монголд одоо “нам – изм” газар авч анархистууд “ангалзаж” байна. Сонгуулийн хуулиар зарим тойрогт нэг хүн 4 хүний төлөө санал өгч байхад заримд нь 2 хүний төлөө санал өглөө. Үүнийг ямар ёс гэх вэ? Тэгээд бас заавал энэ л тогтоосон тоогоор шүү. Аль нэг дургүй хүндээ санал өгөхгүй байх, эсвэл оронд нь өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй байх ёстойсондоо.
Энэ хуулийн хамгийн нэг эвгүй хэсэг нь 42 дугаар зүйл болно. Санал хураалгасан 26 тойрогт барианд ороогүй үлдсэн нэр дэвшигчдийн дотроос хамгийн олон санал авсан хүнийг элдэв шалтгаанаар чөлөөлөгдсөн гишүүний оронд нөхөн сонгогдсонд тооцно гэсэн болохоор тэдгээр хүмүүсийн “зарим” нь урьдахь хүмүүсээ тогтвортой сайн ажиллаад байгаасай гэж ерөөдөг болов уу? Яадаг бол!
3. Сонгуулийн хуулийг батлахад Та өөрөө оролцсон биз дээ? Хуулийн “цоорхой” сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөв? Улсын Их Хурлын сонгууль бидэнд ямар сургамж үлдээв?
Би хоёрдугаар хэлэлцүүлэгт нь оролцож чадаагүй юм. Нэгдүгээр хэлэлцүүлэгт олонхи хүмүүс намынхаа суудлын төлөө улайрчихаад бусдынхаа хэлсэн үгийг тэр бүрий хүлээж авч чадахгүй байснаас олон зүйл нь оновчгүй болсон.
Уг хуулийн “цоорхойнууд” сонгуулийн үр дүнд ямар нэг хэлбэрээр нөлөөлөв бололтой. Гэхдээ эцсийн үр дүн үүнээс болоогүй өөрсдийгөө ардчилсан гэж нэрлээд байгаа “лийдэрүүд” /лидер/ олны итгэл хүлээх чадваргүй, ёстой “биеэ би-д, бэтгээ цатгаланд” бодоод байдгаа одоо нэг сайн ухаарах хэрэгтэй. Үүнээс илүү улс төрийн сургууль гэж юу байхав дээ. Улс төрийн сургамжийн тухайд бол ард түмэн хэзээд аль ч намаас агуу их гэдгийг л хэн хүний яс маханд нь шингэтэл хэлж өглөө шүү дээ.
4. Ойрын хэдэн жилийн Монгол Улсын улс төрийн байдал, улс төрийн тогтолцооны төлөвийг та хэрхэн төсөөлж байна вэ?
Улс төрийн байдал бүрэн тогтворжих болоогүй. Тогтолцооны хувьд ч буруу зөрүү зүйл нэлээд бий. Тухайлбал төр, засгийн эрх мэдлийг хэрхэн хуваарилж тогтворжуулах, төр, засгийг сонгож төвхнүүлэхэд намын оролцоо, хэр хэмжээ ямар байх хийгээд хууль шүүхийн байгууламжийн тогтолцоо, бүрэн эрхийн асуудал өнөөдөр зөвхөн онолын түвшинд байна гэхэд хилс болохгүй.
Эдгээрийг ойрын жилүүдэд хэрхэн шийдвэрлэхээс монголын төрийн хувь заяа, монгол түмний төөрөг олон талаар хамаарна. Яаж шийдэх нь яаж ажиллахаас хамаатай. Хэн “удирдаж” ажиллахыг ард түмэн хэлээд өглөө. Тэгэхээр МАХН-ын “толгой” яаж ажиллахаас л олон зүйл шалтгаалах боллоо доо. /Ярилцсан В.Бат-Эрдэнэ “Ил товчоо” сонин 1992.7.1./
Ингэж сануулж байсан Г,Зуунай агсан цааш намын талаар “\”Бодлын солбицол” сонины 1992 оны дугаарт “Үзэл бодлоо хэд хувааж, үзүүрсгэн дээлээ хэзээ өмсөх вэ?” гарчигтайгаар ийнхүү бичиж байжээ.
1.Намын тухай бодлын хэлхээс
Миний бие хүүхэд ахуйдаа шүлэг номонд шүлэнгэтэн үг хөөцөлдөж “нам” гэдэг үгийн үндсэн утгыг өндөртэй эсэргүүцэлдсэн үг, нам дор газар, эсвэл нам жим болох гэх зэргээр ойлгодог байснаа нэг удаа “нараа дагавал сүүдэргүй, намаа дагавал буруугүй” гэсэн зүйр үгнээс үүдэж төр түмнийг удирдан дагуулдаг бие нь харагддаггүй энэхүү хүчтэй байгууллагыг яагаад “нам” гэж нэрлэснийг ухаарах гэхдээ гарын дор олдох элдэв толь бичиг сөхөж хэл бичгийн багш, мэргэжлийн хүмүүсээс нам гэж чухам юу гэсэн үг болох, яагаад МАХН-ыг нам хэмээн нэрлэсэн тухай асуугаад нам гэж нам л байхгүй юу, чи яагаад намыг ойлгодоггүй юм бэ? гэснээс илүү олигтой хариу авч чадаагүй билээ.
Гэтэл нам гэдэг үгийн дүйсэн орчуулга нь орос болон бусад олон хэлэнд партия гэсэн үг байх бөгөөд тэр партия гэдэг үг нь бас л тодорхой тайлбар багатай, харин франц зэрэг хэлэнд бүхэл бүтэн зүйлийн нэг хэсэг, цуврал олон юмны тухайн хэрчим гэсэн утгатай, шатарт болохоороо нэг удаагийн тоглолт буюу өрөг болох жишээтэй үг ажгуу.
Одоогийн нийтээр нэг мөр ойлгодог болсон партия буюу манайхаар тэр нам гэдэг үг маань нам доор, нам жим зэрэг утгаасаа улам бүр хөндийрөн улс төржиж аль ч толь бичигт “Нам гэдэг бол нийгмийн нэгэн ангийн жолоодох хэсэг нь бөгөөд түүний ашиг тусыг хамгаалж нөгөө эсрэг ангитай явуулах тэмцлийг нь удирдах улс төрийн байгууллага” \Я.Цэвэл\ гэдэг утга нь голлох болжээ.
Ийнхүү миний бие нам гэдэг үгийн утгыг үл ойлгон нэг хэсэг хугацаанд нам болж мартаад хэдэн жилийн дараа эр бие өсч сэхээтэн болсон хойноо гишүүн нь болохоор сэтгэл шулуудаж намын тухай дахин бодох болж Монгол ардын нам анх яаж үүссэн баримт бичгийг сонирхон сөхсөн боловч яагаад нам гэж нэрлэсэн талаар албан ёсны зүйл үл олдож харин нэлээд учир мэдэх байрын зарим хүмүүсээс тэр чинь ойлгомжтой зүйл шүү дээ.
Анх нам чинь нууц байдалд үүсч бий болсон зүйл. Тэгээд ярилцсан зүйлсээ нийтэд задруулалгүйгээр “сэм хуйвалдаж нам дарна” гэсэн үг байхгүй юу гэдэг юм байна. Тэр үед нь энэ нам маань яагаад ч ийм хачин нэр авсан юм бол доо гэж нэг эвгүй бодогдоод л өнгөрч билээ. Гэтэл сүүлийн үед намын тухай бодол гуравдахь удаагаа намайг зовоож, нам гэдэг үгний тухай төдийгүй, намын тухай бодол шил дарж үг алдуулах нь энэ.
2. Намуудын “нанчилдаан”
Миний бие Монгол оронд олон намын тогтолцоо бий болж үзэл бодлоо чөлөөтэй уралдуулах бололцоо үүсч ахуйд ихээхэн урамшдаг нэгэн билээ. Гэтэл нийгэм улс төрийн амьдрал хямарч асуудал хурцдах тутам намуудын хоорондох үл ойлголцол ихэсч ам, ажил хоёр нь алд дэлмээр зөрж соёлгүй маргаан, ичгүүргүй байдал ихэссээр байгаа нь сэтгэл эмзэглүүлж итгэл найдвар алдруулах боллоо.
Одоогоор манайд албан ёсны бүртгэлтэй байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг зэрэгцүүлж үзэхэд ерөнхий зорилго нь онцын зөрүүгүй … хүнлэг \хүмүүнлэг гэвэл уг нь зөв билээ\ ардчилсан нийгэм байгуулж хүний эрхийг баталгаатай хангах, ард түмнийхээ амьдралыг өөд татаж Монгол орныг хөгжүүлэх гэсэн л зорилготой байх атал тэдэнд маань хамтарч ажиллахын ухаан л лав үгүй бололтой.
Үүний тод жишээ нь ЗХУ-д болсон 8 дугаар сарын үйл явдлын дараа манайд болсон бужигнаан гэдгийг хүмүүс мартаагүй л байна.
Олон жилийн түнш, хөрш их гүрэнд төрийн эргэлт хийх оролдлого гарч улсын маань амь амьдралд осол эндэл болуужин гэж үндэсний ухамсраар эвлэн зөвлөлдөх учиртай тэр халуун мөчид намын дарга нар ерөнхийлөгч дээр цуглаж ярилцаад учраа ололгүй тарж юмны өнгө тодорхой болоод ирэхээр цэцэрхэцгээж бие биенээ нүүр амгүй гөрдөлцөн олны нүдний булай болцгоосон билээ.
Үндэсний дэвшил намын даргаас МАХН-ын удирдлагад хандаж гудамжны цуглаан дээр хийсэн мэдэгдэл, тэдний үнэн худал нь үл олдох мэтгэлцээн хөндлөнгийн хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлснийг төсөөлөхөд хэцүү.
Тийнхүү улс төрийн байдал ээдрээ төвөгтэй үед нэг нь нөгөөгөөсөө өө сэв эрж хэмхэлцдэг, давхидаг нохой шиг зан гаргадаг нь юуных вэ? “Ер нь одоогийн манай намын зүтгэлтнүүдийн байр суурь хэвлэл сонины нь баримталж байгаа бодлогын өнгө аясаас харахад юмны голыг олохоосоо урьд хэт намчирхах, үнэнээс гажиж дэгсдүүлэх, хүнийг хүний нь хувьд ойлгох сэтгэлээ таг мартаж ёс суртахууныг уландаа гишгэх үзэгдэл газар авч байна биш үү? Ингэж үндэснийхээ эрх ашгаас урваж зөвхөн “манай нам” гэсэн атгаг сэтгэлээр туйлширч оноо авахыг л гол болгоод байвал хүмүүс улс төрийн аливаа байгууллагад итгэхээ больж бүр цаашдаа намын харшилтай ч болох төлөвтэй. …
Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан дээр \1990 оны 9 сард\ намынхан \дарга нар нь\ цөөхүүлээ нийлж байгаад “зөвлөлдөж” ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг чухал албан тушаалтнуудаар наймаа тохиролцсоныг ард түмэн шударга гэж үзэхгүй байгаа. Ардын Их Хурлын удирдлагыг сонгохдоо ч … тэр туршлагаа энэ жил ч бас давтсан билээ.
Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг улс төрийн адармаатай хүнд нөхцөлд тохиролцож гаргасан нь чухал боловч шинэ сонгуулийн үр дүнд Их хуралтай болсон хойноо ч түүнээ засч залруулахын оронд Улсын Бага Хуралдаа ард түмэн нь хэд дахиулаад ч сонгоогүй депутат биш хүмүүс оруулж төлөөлөх ардчилал, сонгуулийн зарчмыг үл тоомсорлосон шийдвэр гаргаснаа хүртэл олон улсын хэмжээн дэх улс төрийн шинэ санаачлага шахуу юм ярьж булхайцдаг хүмүүс ч бий болсон сон.
Үндсэн хуулиндаа: “Монгол улсад засгийн бүх эрхийг ард түмэн мэднэ. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох болон өөрсдөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” \гуравдугаар зүйл\ гэж заасан байтлаа амьдрал дээр очоод улс төрийн хүчний хэдэн удирдагчид хоорондоо яриад сэмхэн “тохиролцчихдог” маягтай болов. … Гэтэл ихэнх намуудын дарга нар бусдынхаа бодол саналыг нэгтгэн авч чадахгүй будилах, “би л намын дарга гэж муйхарлах”, эсвэл зөнд нь тавих нь ердийн үзэгдэл боллоо гэж аль ч намын гишүүд \социал демократаас бусад нь\ гомдоллон ярилцах болсныг юугаараа ч нуух билээ.
Ардын Их Хурлын депутатуудын шийдвэрлэх ёстой бүрэн эрхийн асуудлыг өнөө л хэдэн намын дарга нар урьдчилж тохирчихоод тэдэнд мунхаг мулгууг нь дуудан байж тулган хүлээлгэдгийг нь бодоход зүрх шимширч суудаг боллоо. … “Усаа муу гээд юугаа уух вэ, урагаа муу гээд хэнтэйгээ ярих вэ” гэсэн ардын цэцэн үг байдгаа бодсон ч, бидний хэн маань хэзээ хаанаас гарч ирсэн гэж хэнийгээ голох болж байна? Аль эсвэл Америкаас юм уу, харь гаригийнхнаас боловсон депутатууд урьж зовлон жаргалаа ярилцах болж байна уу.
Нам нам гэж туйлширсан нь ухаантай болж нам жимхэн байсан нь хоцрогдсон болдог ч ёс байхгүй байх аа.Энэ байдлаас үзэхэд монголд төрийн албан хаагчид нь төрийн хэрэг шийдвэрлэх эрхгүй, тэнд суулгасан гишүүддээ нам нь бүрэн итгэдэггүй байдал гаргах, олон салаа утгатай бодлого хэлэх, санал зөвлөмж нь байн байн өөрчлөгдөх зэрэг тавьтаргүй үзэгдэл газар авав. Тэгсэн атлаа өөрийн гишүүдтэйгээ зөвлөхийн өмнө өөр намьн дарга нартай тохиролцдогийг нь бодоход Намын дарга нарын намын үүр бий болсон санагдана. Ганц намын дарлалаас гарч, олон намын орооцолдоонд орох нь хэнд хэрэгтэй вэ?
“Намгүйгээр улс төрийг сэтгэх аргагүй. Тэд маань л нэг юм зам зааж сонгууль яаж явуулахыг хэлж өгнө. Эс тэгвээс бид чинь сохор хорхой шиг болж удирдагчаа ч олж чадахгүй төөрч мунгинасан юм болно” гэнэ. Шилжилтийн үеийн зовлон ч гэж байгаа л байх. Гэхдээ л ийм байж боломгүй. Тэгээд яах вэ? Бодох л учиртай юмны нэг биш үү.
3. Олон нам олиг болох нь ээ.
Намууд ийнхүү намайг зовоох нь бага хэрэг гэлээ ч намба төрх нь танигдахтайгаа байвал сайнсан. Монголд олон намын тогтолцооноос урьд оноо түүгчдийн клуб шиг юм олшрох төлөвтэй.
Уг нь хоёр сая хүндээ цөөдөхөөргүй л нам байгаа юмсан. Өнгөөрөө бол улаан, ногооны ч нам, үзлээрээ бол хурц ширүүн, бөөрөнхийдүү ч нам, аль аль нь ч байна санж. Ааг нь ихдээд байгаа залуучууд ардчилсан намдаа орж ааш нь эвдрээд байгаа ахмадууд алдаа оноогоо ярьж өөгөө засч өөдөө босох л дээр биш гэж үү?
Тэрнээс биш, бурхны шавь нарын ч гэнэ үү, буруудаж явсан хүнийх ч гэнэ үү, бүр сүүлийн үеийн мэдээгээр бүгдээрээ найрамдах ч намын сурагтай байгаа нь гол биш ээ. Малчдын гээд мал малчин хоёртоо халгаатай, бурхны шавь нарын нэртэй ч буруу үзлийн номтой, лам, нам хоёр нь ялгагдахаа больж лай тус хоёр нь холилдсон, эсвэл хөдөлмөрийн гээд хөдөлмөрийг хүндэтгэдэггүй, хөрөнгөтний гээд … хөрөнгөнд аймшигтай дуртай тийм л гажиг намууд битгий бий болоосой билээ бурхан минь. Хувьсгалт намаасаа хувирагчид ардын намдаа ч эргэж чадалгүй, сэхээтний ч гэнэ үү сэргэн мандалтын ч гэнэ үү бас л нам болж буй аж. Зуун ямаанд жар жараар нь ухна тавиад ямархуу “үр төл” гарна гэж хүлээх билээ.
Монголд ийнхүү хэн дуртай нь намын баг \маск\ хийж өмсөөд юу ч хамаагүй ярих эрхтэй болж намыг, нам гэдэг үгийг улс төрийн оноо цуглуулах сагс, албан тушаал ахих дөрөө, мөнгө зоос олох арга хэрэгсэл болгож байна биш үү? Энэ бол угтаа ихээхэн хортой үзэгдэл мөн. …
Нам гэдэг маань “сэм хуйвалдаж нам дардаг”-аа болиод задрал бутралын замбараагүйдэл болох нь энэ үү?
Нэг хүн үзэл бодлоо хэд хувааж, хоёр сая хүнээ хэдэн хэсэг болгох вэ? Ядарч сөхөрсөн улс орноо яаж хөл дээр нь босгох вэ? Өнгө мөнгөнд хавчигдаж үнэн алга болов уу? Өвөл зунд шахагдаж хавар ховор болов уу? Үнэнийг хэлдэг нам хаана байна? Өвлийн дараа хавар хэзээ болох нь вэ? Үзүүрсгэн дээлээ өвөл өмсөх үү, хавар өмсөх үү?! …
Боржигон овгийн нүүдэлчин Гэндэнсамбуугийн Зуунай
URL: