Монголын “ирээдүй” нохойн үүрнээс дор оромжид өсөн бойжиж байна
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн байгууллагын Facebook хуудаснаа нэгэн зургийг нийтэлсэн нь олны анхаарлыг маш ихээр татав. Энэ нь 7 хүүхэдтэй өрх толгойлсон эхийн гэр бүлээрээ амьдардаг оромжны зураг байлаа.
Гаднаас нь харахад л, хаана нь 8 хүн багтаж амьдардаг юм бол оо хэмээн гайхмаар, баян айлын нохойн үүрнээс ч долоон дор энэхүү оромж дотор монголын маань ирээдүй болсон 7 хүүхэд амьдран аж төрж байна гэж төсөөлөхөөр л хэн хүнгүй сэтгэл эмзэглэхээр дүр зураг харагдаж байна.
“Лантуун Дохио” ТББ нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн ажлуудыг зохион байгуулан буянлаг үйлс бүтээж буй залуус билээ. Энэ л ажлынхаа чиглэлээр тэд эмзэг бүлгийн хүүхдүүдэд Өвлийн өвгөний бэлэг тарааж явахдаа энэхүү гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Өрхийн тэргүүн эмэгтэй Номин компанид үйлчлэгч хийдэг, 3 хүүхэд нь дунд сургуульд суралцдаг, их ажилсаг цэвэрч нямбай хүн байна гэнэ. Үүнийг дуулаад энэ эмэгтэйгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ.
Тэрээр хэдий үгээгүй ядуу тарчиг амьдралтай ч хүнээс гуйж, хулгай хийж амьдарсангүй. Өөрийн чадлын хэрээр иймэрхүү оромж босгоод үр хүүхдүүдтэйгээ толгой хоргодоод болгоод л байж. Өөрөө Номинд ажиллан, гурван хүүхдээ сургуульд явуулан, иймэрхүү амьдралын орчинд гармааргүй асар их сэтгэлийн тэнхээг энэ эмэгтэй гаргаж байгаа нь бүхэнд илхэн байна. Ээж хүн гэдэг ийм агуу гэсэн сэтгэгдлийг ч төрүүлэхээр.
Хэрэв сэтгэлийн тэнхээгүй нэгэн байсан бол амьдралын энэхүү догшин шуурганд аль хэдийн бууж өгөөд өөрөө архичин завхуул болж, үр хүүхдүүдээ талаар нэг тараагаад тэнүүлэхгүй гэх баталгаа үгүй. Гэтэл энэ ээж өөрийн бүхий л чадлаар амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байгаа нь илт харагдахаар. Ийм л хүмүүстээ төр засгаас анхаарал халамж тавьж, улс орны хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг амьдрах наад захын орчин нөхцлөөр хангаж өгмөөр санагдана.
Харьяа дүүрэг, хорооны нийгмийн халамжийн ажилтнууд ч иймэрхүү эмзэг бүлгийн иргэдийнхээ амьдрал ахуйд сэтгэл гарган хандаж, хариуцаж буй ажилдаа судалгаа дүгнэлт сайтай ажилламаар. Хэрэв энэ “Лантуун дохио”-ын залуус энэ өрхийн талаар мэдэж, олон нийтэд мэдээлээгүйсэн бол энэ янзаараа хичнээн удаан амьдрах байсныг хэн мэдлээ!
Харин энэхүү зураг олон нийтийн сүлжээгээр түгсэний ачаар нийгэм энэ өрхөд анхаарлаа хандуулж, өрх толгойлсон эмэгтэйн ажлын газраас ч зохих ёсны анхаарал тавьж эхэлсэн талаар сайн мэдээ зах зухаасаа сонсогдож эхэллээ. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Иймэрхүү зөв хандлагатай, амьдрах хүсэл эрмэлзлэлтэй эмзэг бүлгийн иргэдэд олон нийт, тэр дундаа, морь, бөх, миссд мөнгөө хайрлахгүй цацдаг эрхэм баячууд маань тусалбал хойч үр хүүхдэд нь хязгааргүй их буян болон үлдэх нь дамжиггүй юм.
Д.Мигаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
ЭНЭ ХЭНИЙ ГАВЪЯА ВЭ? мэдээж АН-ы