Мал шиг Монгол
Фейсбүүкийн хуудаснаа говийн сайхан амьтан, таван хошуу малын манлай нэгэн тэмээ Зайсангийн аманд байрлах аялал жуулчлалын компанийн ойролцоо, бас айлуудаас нэг их холгүй газарт дөрвөн хөлөө тийрээд амьгүй мэт хэвтэхийг олж үзлээ. Амаа ангалзуулан байхыг харвал амьд байгаа бололтой юм.
Зургийн дор “Энд нэг тэмээ долоо хоног шахуу ямар ч хөдөлгөөнгүй, тэгсэн мөртлөө гэдэс нь түнхэлзээд хэвтсээр л байна. Мал эмнэлгийнхэн ажлаа хийдэггүй юм байх даа” гэж шүүмжлэх өнгө аястай тайлбар хийсэн байлаа. Үүнийг бичигч зориуд зорьж очиж зургийг аваагүйгээс гадна тэр хавийн оршин суугч болох нь тайлбараас тодорхой байгаа биз.
Гэтэл энэ хүн, уг зураг дээр дүрсээ үлдээсэн ойр орчмын айл, иргэд буянт малынхаа нэгэн эс ширхэгт хайр халамжаа яагаад зориулж, өөрөө чаддаггүй юм бол мэргэжлийн байгууллагад нь юуны учир хандсангүй вэ.
Өвлийн гэнэтийн их цас, өвс бэлчээргүй болсны улмаас хот суурин газраар дайран нүүдэллэж, хоол тэжээл эрж явсан зээрийн сүрэг рүү нүд улаан, мөнгө цагаан болчихсон зарим этгээд уулгалан дайрч цөөнгүйг хороосон талаар мэдээлэл явж л байлаа. Бид яагаад ийм зэрлэг балмад харгис хэрцгий болчихов оо.
Амьдрал хүнд байгаа хэдий ч аяганы хийцгүй болтлоо ядарч, аглаг говийн сайхан амьтныг ашиглаж хэрэглэчихээд амь нь тасрахыг хүлээж суух хүртлээ монгол хүний мөс чанар хайлж, хөлийн чигчий хуруунд ч хүрэхээргүй болчихсон юм гэж үү. “Монгол хүн, мал хоёрын нэгийнх нь үс гаднаа, нөгөөх нь дотогшоо харснаараа л ялгаатай юм” гэж нэгэн кинон дээр гаднын археологич биднийг гоочилж байдаг даа. Гэхдээ энэ бол XXI зууны монголчууд биш ардын хувьсгалын өмнөх Чимид багшийн тухай яриа байсныг санаж байгаа байх.
Одоо бид брэндийн хувцсаар гангарч, гар утас хэрэглэж, цахим сүлжээгээр дэлхийтэй харьцдаг гэж гайхуулавч мал, амьтныг хайрлах, хамгаалах зүрх сэтгэлээр тэр үеэс дээрдсэн юм алга, яг л зөнгөөрөө өсч үржиж, үхэж үрэгдэж байдаг мал амьтан шиг. Би ч тэр л мал шиг монголчуудын нэг болчихжээ.
Д.Мөнхжаргал
URL: