А.Ундраа: Бодлогын судалгаагаар манай нам харьцангуй урд яваа

МАН-ын дэргэдэх “Стратеги” академийн 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус академийн захирал, доктор А.Ундраатай ярилцлаа.

-Нэгэнт ой тохиож байгаагийнх, байгууллагынхаа түүхээс товч танилцуулна уу?

-Манай академи өнөөдөр 60 жилийн түүхээ эвхэж, ойгоо тэмдэглэж байна. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор Төв хорооны дэргэд 1956 оны арван хоёрдугаар сарын 19-ний өдөр Намын Түүхийн Институт нэртэй анх байгуулагдаж байсан. Намын түүх, Марксизм, Ленинизмын сонгодог зохиолын орчуулгын тасаг, Намын төв архив гэсэн гурван хэсэгтэй байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага нэрээ хэдэнтээ сольсон ч тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

1990-ээд оноос хойш “Прогноз” төв, “Прогноз” академи, Нийгмийн Ардчилал хүрээлэн, “Стратеги” академигэж нэрээ өөрчилсөн байна.

1990-ээд оноос өмнө намын үзэл суртал, манлайлах чиглэлийн бүх л бичиг баримт, бодлогоболовсруулах ажлыг хийдэг байсан. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш олон нийтийн санаа бодлыг тандах социологийн судалгаа, намууд болон улстөрчдийн рейтингийг тандах судалгаа, намын дотоодод болон дэмжигчдэд сургалт явуулах зэргээр ажиллаж байна.

Хуучин цагт 160 орчим хүнтэй том институт байсан. Одоо хамаагүй цомхон болсон ч дэргэдээ эрдэмтдийн зөвлөлтэй, цаг үетэйгээ хөл нийлэн алхаж байгаа урт түүхтэй чухал байгууллага билээ.

-Өнөөдрийн “Стратеги” академи намдаа болон нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Манайх өнөөдөр судалгаа, сургалт, хэвлэл мэдээллийн мониторинг гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Судалгааны бусад байгууллагатай адилхан социологийн сонгодог аргуудаар судалгаа хийдэг. МАН-ын гишүүд, дэмжигчдийн дунд төв, орон нутгийн шат шатанд тогтмол сургалт явуулж ирсэн. Багш нар маань багагүй туршлагатай. Мөн намын үйл ажиллагааны мэдээ, мэдээлэлд болон цаг үеийн асуудал, мэдээллийн тэнцвэртэй байдал зэрэг олон чиглэлээр хэвлэлийн мониторинг хийж байна.

Олон жилийн туршлагатай судлаачидтай, улстөрийн хамгийн том хүчин МАН-ын судалгааг эгзэгтэй үед шуурхай хийдэг. Хамгийн сүүлд л гэхэд саяхан “Бид хамтдаа” форумын үр дүн олон нийтийн санаа бодолд хэрхэн хүрсэн асуудлаар судалгаа хийсэн.

-МАН-аас өөр байгууллагын захиалгаар судалгаа хийдэг үү?

-Өөр байгууллагатай хамтран ажиллах тохиолдол бий. Жишээ нь Германы Социал Демократ намын дэргэдэх “Фридрих Эбертийн сан”-гийн захиалгаар Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа явуулсан. Түүний үр дүнг өргөн хүрээтэй танилцуулсан. ШУА-тай хамтран байгууллагуудын захиалгаар ч судалгаа хийж байсан түүх бий.

-Академийн үйл ажиллагааг өргөжүүлж, өргөн хүрээтэй бодлогын судалгаа хийхүйц чадвартай болох шийдвэр бодитоор хэрэгжиж эхэлсэн үү?

- Дэлхий нийтийн жишгээр улстөрийн томоохон намууд дэргэдээ тинк-танк байгууллагатай байдаг. Стратеги академийг ийм бодлогын судалгааны байгууллага болгон хөгжүүлэхшийдвэрийг МАН-ын XXVII Их хурлаас гаргасан.Энэ шийдвэр хэрэгжсэнээр бид зөвхөн социологийн судалгаа хийгээд зогсохгүй улс орны гол гол салбарын хөгжлийн бодлогыгтодорхойлоход шинжлэх ухаанчаархандах чиглэлд том хувь нэмэр оруулах боломжтой болох юм. Бодлогын судалгаа нь шийдвэр гаргах үйл явцтайгаа уялдаж, нам төр барих үед бодлого нь төрийн бодлого болон хэрэгжих учиртай.Дэлхий нийтийн тогтсон энэ жишигт хүрэхийн тулд бид ажиллаж эхэлсэн.

-Намын дэргэдэх судалгааны байгууллага гэдэг утгаараа танай судалгааг бодитой бус гэсэн хандлага байдаг. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Би академийн захирал болоод жил орчим болж байна. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үеийн судалгааг сонгуулийн дүнтэй харьцуулж үзсэн. Тэндээс харахад судалгааханатай гэх юмуу, ноён нуруу сайтай гарчээ гэж ойлгосон. Би өөрөө физикч хүн. Маш их хэмжээний мэдээлэл боловсруулах, тэндээс зөв мэдээлэл гаргаж авах, мэдээллээ зөв цуглуулах гэхчилэн олон зүйл судалгааны үр дүнд шууд нөлөөлдөг. “Юу тарина, түүнийгээ хураана” гэдэг шиг мэдээллийн чанартай байдлаас судалгааны үр дүнгийн чанар хамаардгийг их хэмжээний дата мэдээлэлтэй харьцаж байсан хүний хувьд сайн мэднэ. Энэ утгаараа ямарваа судалгаа нэмэх, хасах тэдэн хувийн дотор гэх тодорхойгүй байдлын хүрээнд л хүлээж авагдах ёстой. Түүнээс бус яг таг 100 хувь, эсвэл 50 хувь гэх мэтээр явахгүй, ер нь бол магадлалын ласуудал.

- Манайд өнөөдөр бодлогын судалгааныбайгууллага бий юу?

- Бодлогын судалгаа Монголд маань харицангуй шинэ зүйл. Би АНУ д Станфордын Их Сургуулийн Бодлого судлалын тэнхимд нэг хэсэг хугацаандбагшилсан. Олон улсын сургуульд нийгмийн, батлан хамгаалах бодлого судлалын зэрэг олон чиглэлээр бодлого судлаачид ажилладаг. Миний хувьд олон улсын аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан.

Монголд өнөөдөр бодлого судлалын институт хараахан бүрэлдэж бий болоогүй байна. Харьцангуй дэвшилттэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн Судалгааны Хүрээлэнг нэрлэж болно. Улстөрийн намуудын дэргэд бодлогын судалгааны байгууллага ажиллах шаардлагын үүднээсээ бол манай нам харьцангуй урд яваа. Бодлогын судалгаа хѳгжүүлэх тухай асуудал бүр “Прогноз” тѳв байх үеэсл яригдсан юм билээ. Бодлогын судалгаа хийхийн тулд сайн бодлого судлаачидтай байх хэрэгтэй. “School of policy thought” буюу “Бодлого боловсруулах школ” гэдгийг хөгжүүлэхийн тулд намын бодлогыг урагш нь чиглүүлж явах уураг тархи болсон намын удирдлага маань юуныөмнө үүнийг ойлгох хэрэгтэй. Сайн ойлгож байгаа гэж би боддог. Дээр нь мэдээж өндөр боловсролтой, чадвартай хүмүүст өрсөлдөхүйц цалин өгч байж чанарын үр дүн гарна гэх мэт яривал олон зүйл байна.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Дээр дурдсанчлан физикч мэргэжилтэй. Физикийн үндсэн судалгаа хийж байгаад бодлогын судалгаа руу ороод 10-аад жил болж байна. Нийслэлийн МАН-ын хорооны сонгуульт ажилтай, намын ажилд идэвхтэй оролцоод хоёр жил болж байна. Ер нь бол уг угшил маань судалгааны л хүн. Станфордын Их Сургуульд багшилж байгаад Монголдоо ирж Гадаад Харилцааны Яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн Судлалын Хүрээлэнд дэд захирлаар мөн хэсэг хугацаанд ажилласан.

Эмэгтэйчүүдийн манлайлал, залуучуудын манлайллын чиглэлээр би бас багагүй санаачлага гарган ажилласнаараа бас бахархаж, өөртөө урам зориг өгч явдаг. “Монголын залуу лидер” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн нь дэлхийн олон оронд боловсрол эзэмшин, төгсч ирсэн залуучуудыг нэгтгэн бие даасан ТББ болон ѳргѳжѳѳд байна. Саяхныг болтол “Америкт Төгсөгчдийн Холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажилласан. Одоо МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа.

-Улстөрийн намуудын асуудал өнөөдөр нэлээд эмзэг сэдэв болсон. Намуудад итгэх олон нийтийн итгэл ч буурсаар байна. Томоохон намын дэргэдэх судалгааны байгууллагын хувьд энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Төрийн бодлогын залгамж халаа гэдэг бол үнэхээр урт хугацаандаа тууштай хөгжихийн үндэс болов уу.Засаг солигдлоо гэхэд дараагийн засаг нь өмнөх бодлогоо үргэлжлүүлээд аваад явах хөдөлбөргүй сайн бодлого зарим чухал салбарт хэрэгтэй. Энэ үүднээсээ намууд бодлогын судалгаандаа анхаарч, зөвхөн манай нам төдийгүй бусад намууд ч энэ чиглэлийн чадавхтай болоосой гэж би бодож явдаг. Өнөөдөр олон нийт намуудад итгэхээ больж байгаа нь төр, засгийн эрх барьж байгаа намуудын бодлого, үйл ажиллагааард иргэдийн амьдралыг хүссэн хэмжээнд хүргэж чадахгүй байгаатай мѳн тѳрийн бодлогын залгамж холбоо алдагдсантай холбоотой.

- Ойн баяр болж байгаагийнх ярилцлагыгтөгсгөж үг хэлэх боломжийг Танд үлдээе.

- За баярлалаа. Манай академийн үе үеийн удирдлага, судлаачид, ажилтнууддаа болонманай байгууллагатай хамтран ажилладагт байгууллагууд, намынхаа мянга мянган гишүүдэд талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе. 2016 он сонгуулийн жил учраас бидний өмнө хариуцлагатай үе ирж байна. Судалгааны эрэлт хэрэгцээ ч их гардаг учраас манай байгууллагын хувьд ханцуй шамлан бэлтгэж байна.

Т.Бүдээхүү


URL:

Сэтгэгдэл бичих