Тарбозаврын ясыг Монголд буцаан өгнө

Нью-Йорк хотод 2007 онд болсон үнэ хаялцуулах худалдааны үеэр АНУ-д хууль бусаар оруулсан тарбозаврын ясыг худалдан авсан этгээд уг ясыг Монголд буцаан өгнө гэж Америкийн Хуульзүйн яам мэдээлжээ.

Их Британийн “Guardian” сонинд бичсэнээр, Нью-Йорк хотын Өмнөд тойргийн прокурор Прит Бхарара болон Улсын аюулгүй байдал, цагаачлалын албаны ажилтнууд тарбозаврын ясыг хурааж авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Үлэг гүрвэлийн олдвор АНУ-д хууль бус замаар орж ирснийг мэдсэн уг олдворыг худалдан авагч этгээд тарбозаврын ясыг Монголд буцаан өгөхийг зөвшөөрчээ.

“Guardian” сонинд мэдээлснээр, энэ яс нь одоогийн Монголын Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийд амьдарч байсан тарбозаврын төрөлд хамаарах үлэг гүрвэлийн яс юм. Үлэг гүрвэлийн энэ төрөл нь Хойд Америкийн төрөлтэй ихээхэн төстэй учир тираннозаврын төрөлд хамааруулан тооцох нь бий. Монголын хуулиар бол, тус улсын нутаг дэвсгэрт олдсон үлэг гүрвэлүүдийн ясыг Засгийн газарт буцаан өгөх ёстой. Үүнээс гадна, эдгээр олдворыг Монголын нутаг дэвсгэрээс гаргахыг хуулиар хориглодог байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих