Х.Тэмүүжин: Хэн нэгэн хүнд зориулж хуулийг гуйвуулан тайлбарлаж болохгүй

176042-17122015-1450316886-837606583-1

Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудал улс төрийн хүрээнд нэлээд анхаарал татаад байгаа. Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр ялтайд тооцогдсон хэвээр байгаа гэж Б.Мэргэн гэдэг хуульч хэвлэлд ярьжээ.

С.Нарангэрэл: Одоо энэ талаар ярих хууль зүйн асуудал байхгүй

Үүнд Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тайлбар хийсэн байна. Тэрээр твиттер хуудастаа “…Намрын өршөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг өршөөсөн ”гээд“… Хэн нэгэн хүнд зориулж хуулийг гуйвуулан тайлбарлаж double standard үүсгэж болохгүй. Хууль нэг мөр ойлгогдох ёстой” гэж бичжээ. Мөн тэрээр “Сая батлагдсан Өршөөлийн хуулиар ялтай байдлыг гэмт хэргээр ялгалгүй өршөөсөн” хэмээх тайлбарыг хэллээ.

Энэ талаар Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Мөн гавъяат хуульч С.Нарангэрэлтэй утсаар холбогдож тодрууллаа.

С.Нарангэрэл:
-2009 оны Өршөөлийн тухай хуулийн “Ялтайд тооцох үлдсэн хугацааг нь өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалтад Н.Энхбаяр дарга хамрагдсан байгаа. Энэ хуулиар Н.Энхбаяр даргатай холбоотой 263 дугаар зүйл өршөөгдсөн. Тэгэхээр ялтайд тооцох хугацаа нь 2009 онд шийдвэрлэгдсэн гэсэн үг. Одоо энэ тал дээр ярих хууль зүйн асуудал байхгүй. Энэ бол одоо яригдаад байгаа шиг маргаад, мэтгэлцээд, олон тайлбар хэлээд байх шаардлагагүй асуудал. Маш энгийн. Хуулийнхаа заалтаар л асуудал нь шийдвэрлэгдсэн. Гэтэл одоо дахиад л өө сэв эрээд байна. 2009 оны Өршөөлийн хуулиар 263 дугаар зүйл хязгаарлалтад ороогүй. Хязгаарлалтад ороогүй, бүрэн өршөөн хэлтрүүлсэн учраас ялтайд тооцох хугацаанд мөн хязгаар байхгүй. Энэ талаар дахиад хэлэхэд олон тайлбар ерөөсөө хэрэггүй. Аль хэдийнэ асуудал шийдэгдсэн учраас одоо яригдаад байх ямар ч үндэслэлгүй.

Э.Эрдэнэжамъян:
ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОГДОЖ, ТОМИЛОГДОХОД ХАРШЛАХ ЭРХ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

-Олон нийтэд Н.Энхбаяр нь ялтайд тооцогдож байгаа тухай ташаа мэдээлэл тарааж байгааг дараах тайлбараар няцааж байна. Нэг: Улсын Дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775 тоот тогтоолоор Н.Энхбаярт холбогдуулсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг хоёр жил зургаан сараар тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны наймдугаар сарын 3-ны өдрийн Уучлал үзүүлэх зарлигаар Н.Энхбаярын үлдэж буй ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн болно. Үүнээс хойш 150.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцогдож байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу ялгүй болсон.

Хоёр. АТГ, Прокурорын зүгээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 4, “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78.2 дах хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж, өршөөн хэлтрүүлсэн байна.

Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангиар хорих ял эдлээгүй, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн учраас ялтайд тооцох хугацаа эхлэх, тооцох үндэслэлгүй болно. Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангид холбогдуулсан хэргийн хувьд 2009 оны, 150 дугаар зүйлд холбогдох хэргийн хувьд 2015 оны өршөөлийн хуульд хамрагдан ял шийтгэлгүйд тооцогдсон. Өнөөдрийн байдлаар төрийн албан тушаалд сонгогдож, томилогдоход харшлах эрх зүйн болон бусад ямар нэг хүчин зүйл байхгүй болсныг үүгээр тайлбарлаж байна.

З.Болд

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих