Хямралыг гэтлэх ганц алтан боломж
Х.Цэвлээ: Хямралыг гэтлэх ганц алтан боломж
Монгол орон шударга олны тамын орон, шуналт цөөнхийн жаргалын өлгий болон хувирлаа. Үүнийг өөрийн өнцгөөс олж хараад “Хүхдүүд минь, хүн шиг байгаад өгөөч” гэж төр засгийн дээдсээс бүгдээс нь хүсэх санаа гэнэт төрлөө.Монголчууд “Шунал ихэдвэл шулам болно” гэж шууд л хэлдэг. Тэр утгаар ойлговол шулам гэдэг бол хөрст алтан дэлхий дээр хөлхөлдөж явдаг хүн төрхт амьтсын нэгэн сүрэг мөн аж.
Тэдгээр шулмын сүрэг дотор энэ цагийн Монгол дээлтэй шуламнууд манаргаж л явдаг байгаа юм. Тэд бол хаанаас нь харсан ч орчин үеийн монгол хүн харагдана. Бүр дэндүү гоё хүн харагдана. Монгол хэлээр ярина. Магнаг торгон дээл өмсөнө. Аль л сайн машин хөлөглөнэ. Нэлээд нь өндөр зэрэглэлийн мэргэжил боловсролтой, хэд хэдэн гадаад хэлтэй. Төрийн түшээ, сайд,дарга, аль нэг намын дээд тушаалтан ч байж болох талтай.
Энэ цагийн дээлтэй шулам гэдэг нь малаар бол им тамгатай, амьтнаар бол өнгө зүсэмтэй, хүнээр бол цол гуншинтай байдаг. Жишээ нь авилгачид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Мөлжигчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Мөнгөхүүлэгчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Хувиа хичээгчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Бусдыгаа хорлон хохироогчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам.
Энэ цагийн дээлтэй шулам гэх тэд үнэн чанартаа хэн юм бэ гэвэл авилгачид, мөлжигчид, мөнгөхүүлэгчид, хувиа хичээгчид, хорлогчид л юм байна. Тэгэхлээр шулам гэдэг бол бусдын зовлонгоор зоолж таргалдаг нэргүй араатнууд мөн бололтой.Дээлтэй монгол шулмууд өнөөдөр эх орныхоо зовлонгоор хооллож байна. Ардчилал зах зээлмйн зовлонгоор хооллож байна. Төр засгийнхаа зовлонгоор хооллож байна. Түмэн олныхоо зовлонгоор хооллож байна. Эцэст нь тэд эцэг хуулийнхаа зовлонгоор хооллож байна.
Монголд эдүгээ нүгэлт шуламнуудын нэн хүчирхэг засаглал нэгэнт тогтсон байна. Жаахан мөшгөж хэлбэл энэхүү шуламжсан засаглал монголын төрийг хавчиг үүрэг үүрч, хоёр саваа тулсан хөл нүцгэн бадарчин болгосон. Энэ засаглал монгол төрийн түшээ түшмэдүүдийг авилга, хээл хахууль хайсан албан тушаалын хэнээтнүүд болгосон. Энэ засаглал манай эгэл жирийн ихэнх хүнийг төрийн зарц, өрийн боол, дээлийн голболгосон.
Шуудхан хэлэхэд шуламнууд бол цөмөөрөө урвагчид. Төрөөсөө урвасан шуламнууд нь авилгачид болж байна.Түмнээсээ урвасан шуламнууд нь мөлжигчид болж байна. Монголоосоо урвасан шуламнууд нь мөнгөхүүлэгчид болж байна. Шашнаасаа урвасан шуламнууд нь хувиа хичээгчид болж байна.
Энэ цагийн урвагч шуламнууд бол эрт цагийн Жамух эзнээсээ урвасан таван урвагчидтай ацаг шүдний зөрүүгүй адилхан байгна. Шулам ба шуламжсан засаглал нь манай өнөөдрийн нийгэм эдийн засаг, улс төр, ёс суртахууны гүн хямрал оруулж ирсэн гол гэмтнүүд.
“Авилга авах, авилга авах улам их авилга авах”. “Мөлжих, мөлжих улам их мөлжих” “ Мөнгөхүүлэх мөнгөхүүлэх улам их мөнгөхүүлэх”, “Хувиа хичээх, хувиа хичээх улам их хувиа хичээх”, “Бусдыгаа хорлох, хорлох, улам их хорлох”, “Урвах, урвах бас дахин урвах”. Дээлтэй шуламнуудын таван их шуналыг товчхон томьёолбол нэг иймэрхүү.
Гэвч энэ увайгүй шунал тачаал нь монголчуудыг мохоож, ардчиллыг алмайруулж эс чадъю. Чингисийнхээ үлдээсэн нинжин сэтгэл, үнэнч нөхөрлөл, шударга ёсны уламжлалаараа хуяглан зэвсэглэж хямралыг гэтлэн дэлхийн хөгжлийн дээвэр дээр гарах алтан боломж зөвхөн монголчууд бидэнд л бий.
Монголын нууц товчоог (МНТ-г) уншиж суухад хоёр Чингис хоорондоо нэг холдож, нэг ойртож, нэг тодорч нэг бүдгэрч үзэгдэнэ. Хаан Чингис сэлмээ гялалзуулж сүртэй харагдана.Хүмүүн Чингис сэтгэлээ дэвсэн өмөлзөх нь өрөвдмөөр үзэгдэнэ. Хаан Чингисийг хамаг дэлхийн улс түмэн аль эртнээс анзааран судалсан. Бүр ул дол болтол шахам судалсан, судалсаар ч байх амой. Гэвч Чингис шиг аугаа хаан хараахан төрөөгүй л байна.Хүнийг нь хаячихаад хааныг нь авч болдоггүй юм хойно яалтай билээ.
Харин хүмүүн Чингис маань дэмий хаясан дээс, сул хаясан сур адил хүн амьтанд торж харагдахгүй олон зууныг элээж одоотой золгожээ. Би түүнийг энэхүү 2015 оны зунаас л МНТ-ны онгож шарласан хуудаснаас олж харсан. Харахаар үл барам сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Нэгэнт ингэж мэдэрсэн болохоор хүмүүн Чингисийг би заавал эхэлж бичих үүрэгтэй төрсөн байна гэж итгэсэн. Эл итгэл үнэмшлээ ч чадан ядан биелүүллээ.
Хүмүүн Чингис гэдэг нь жирийн бидэн шиг л хүн байсныг саянаас л таниад авсан. Бидэн шиг, тан шиг, над шиг эгэл нэгэн монгол хүн мөн байсныг МНТ бүр сайн ойлгуулж өгсөн. Тэмүжин бээр хар нялхаараа хал үзэж халуун чулуу долоосон хөөрхий нэгэн юм билээ. Татаарууд хорон санаа өвөрлөж яваад хайрт эцгийг нь хорлон Тэмүжин хүүг нялхаар нь өнчрүүлжээ. Бэхтэр түүнийг байнга дээрэлхэж байв.
Тайчууд атаархан хорсохдоо амь насыг нь бүрэлгэх гэж зовоов. Дээрэмчид найман шарга морийг нь дээрэмдэж зугтаав. Түүний үзэж туулсан зовлон энэчлэн гашуун агаад бэрх юм. Тэгсэн тань тэр цагийн түүнийхтэй адилавтар зовлон зүдүүрийг өнөөдрийн хорин нэгдүгээр зууны монголчууд бас амсч эдэлж байдаг юм байна. Өнчирч байна уу? Өнчирч л байна. Өлсөж байна уу? Өлсөж л байна. Есүхэйг хорлосон шиг хорон санаатан байна уу? Байж л байна. Бэхтэр шиг дээрэлхүү этгээд байна уу? Байж л байна. Тайчууд шиг атаархан хорсогчид байна уу? Байж л байна.
Найман шаргыг дээрэмдэн хулгайлсан шиг хулгайч, луйварчид байна уу? Байж л байна. Энэчлэн харьцуулж харваас хүмүүн Чингисийг зовоосон шиг зовлон зүдүүр өнөөгийн монголчуудыг бас зовоож байна. Зовлон бэрхшээлийн тухайд найман зууны өмнө ба хойно гэдгээрээ ялгаа байвч мөн чанартаа адилхан байна.Зовлон бол хаана, хэзээ ч зовлон л байдаг аж. Гэвч хүмүүн Чингис өнөөгийн бидэн шиг зовлондоо уусан зохицож амиа хоохойлохыг хүсээгүйгээрээ онцлог давуутай юм байна.
Тэмүжин-Чингис гэх тэр хүн зовлон үзэх тусмаа сэтгэлийн хат сууж, нийгмийнхээ тэр зүдэг балай орчныг урван тэрслэгч хог шаарнуудаас цэвэрлэж ариутгахаар өөрөө тэргүүлэн тэмцэж, бүгдийг ялан дийлжээ. Тэр биднээс үүгээрээ илүү давуутай юм.Гэхдээ тэр хүн цор ганцаараа тэмцээгүй юм.Хань хамсаатнаа өөрөө бүрдүүлж чадсан нэг онцлог чадвар түүнд заяасан байна.
Яг өөр шигээ үзэл санаа нэгтэй нөхдийг аядуу зөөлөн сэтгэлийнхээ сайхнаар соронздон цуглуулж хамтдаа тэмцсэнээрээ тэр аугаа их ялалт амжилтад хүрсэн байх аж. Өнөөдрийн Монголын энэ бохир заваан орчныг зөвхөн олон зуун мянгаар, бүр саяар тоологдох хүмүн Чингис л хамтын хүчээр цэвэрлэж чадах нь үлэмж ойлгомжтой байна. Хангалттай тооны хүмүн Чингисгүйгээр монголыг энэ цагийн тэр олон урваач шарваач, атаач матаачдаас цэвэрлэх арга зам байхгүй. Гэтэл тэдгээр олон зуун мянган хүмүн Чингис нь эдүгээ хаана байна вэ? Монголд одоохондоо тийм олон тоотой хүмүн Чингис байхгүй.
Тэнгэрээс унаж, газраас ургахгүй. Гэвч гутарч гуних хэрэггүй. Боломж бий. Юуны өмнө найман зууны тэртээх хүмүн Чингисийг нааш нь татаж XXIзууны монгол орчинд нутагшуулан үржүүлнэ гэж нэг сайхан арга бий. Чингэж нутагшин үржих бололцоотой байдаг нь Чингис гэх тэр хүний өвөрмөц чанар мөн байгаа юм. Учир юун хэмээвэл тэр бээр онцгой төрсөн нэгэн бус зүгээр л эгэл жирийн монгол хүн мөн байсан учраас өсгөн үржүүлэх боломжтой байна.
Энэ талаас нь харвал жирийн монгол хүн бүр хүмүн Чингистэй адил чанарын хүн байх бололцоотой байна. Ямар ч нөхцөлд хэзээ, хаана ч зөвхөн монголоо шүтэж явдаг тууштай хатуу байр сууриараа ялгардаг хүн бол хүмүн Чингис яалт ч үгүй мөн билээ. Монголоо хайрлан бишрэх тухайдаа ижилгүй үнэнч хүн байсан нь МНТ-ны хуудас бүрээс харагддаг.
Тухайлбал, тэр бээр монгол үндэстнээ шүтнэ, монгол улс гүрнээ шүтнэ, монгол хүнээ шүтнэ, монгол газар нутгаа шүтнэ, монгол хэл соёлоо шүтнэ. Монгол төр ёсоо шүтнэ. Монгол мал сүргээ шүтнэ. Монгол өвөг дээдсээ шүтнэ. Монголоо шүтдэг энэ үзэл итгэл бол хүмүн Чингисийн амьдрал үйл ажиллагаа, тэр тусмаа амиа дэнсэлсэн аливаа дайн тулалдааны нь ганц зорилго болж байсан түүхтэй. Тэгэхлээр монголын ард түмэн зөвхөн монголоо шүтэн бишрэх үзлийг хүлээн зөвшөөрч түүнийг тойрон хүрээлж нягтрах боломжтой юм.
Үүнийг монгол түмэнд хэлсүгэй гэж надад анх харагдаж, танигдсан мөнөөх хүмүн Чингис үүрэгдсэн гэж ойлгож байгаа.”Хүмүн Чингис” хэмээх нэгэн бэсрэг номыг саяхан бүтээсний учир ийм буюу. Монголоо шүтэх үзлээс гадна өрөвч нинжин сэтгэл, үнэнч ариун нөхөрлөл, эрс шударга зангаараа бусдаас ялгардаг Чингисийн дотоод мөн чанар гэж маш ховор нандин ертөнц бий. Монголоо шүтэх үзэл, Чингисийг шүтэх үзэл хоёр бол эцсийн дүндээ нэг зоосны хоёр тал.
Аль аль нь 13 дугаар зуунд Монголыг дэлхийн зулай дээр өргөж мандуулсан шигээ XXI зуунд хүмүүн төрөлхтний хөгжлийн оргил тэргүүн дээр Монголыг өргөж гаргах тэнхээтэй нийтлэг үзэл суртал гэж харж байна.Монгол, Чингис хоёртоо хайргүй монгол хүн байдаг гэж үү! Санамсар болгоомжгүйн харгайгаар, хэд гурван халтар төгрөгний ашиг бодож улс, эх орныхоо эрх ашгийг хохироох явдал хааяа үзэгддэгийг эс тооцвол тийм хүн байхгүй. Харин шунал нь ихдэж монгол дээлтэй шулам болсон хэсэг нөхөд байгааг энэ өгүүллийн эхэнд дурдсан. Хэрэвхүйеэ миний энэ бодол үнэний хувьтай бол “Монгол” ба “Чингис” хоёроо хамтатган шүтэх үзлийг монголын ард түмний нийтлэг үзэл суртал мөн гэж албан ёсоор зарласан ч болно. Мөн биз. Ингэлээ гэхэд огт буруудахгүй.Зөвдөж л таарна.
Учир шалтгаан гэвэл Засгийн эрх барьж бүхий аль нэг намын үзэл бодлыг нийтлэг үзэл суртал болгох боломж байхгүй. Нийтлэг үзэл сурталгүйгээр тууштай хөгжих боломж бас байхгүй. Сүүлчийн гарч ирсэн улс төрийн нам, хүчин нь өмнөхийнхөө, түүний дараагийнх нь бас түүний дараагийнх нь гэхчлэн устгаад хаячихдагийг 1990, 1996, 2012 оны сонгуулийн дараахь он жилийн явдал суудал үзтэл тодорхой харуулсан бус уу. Монгол Улсын хувьд ямарваа нэгэн анги намын үзэл бодол улс орныг хөтөлдөг байсан тэр дэг жаяг нэгэнт өнгөрсөн гэхээр харагдаж байна. Эдүгээ цорын ганц гарц үлдсэн. Зөвхөн ганц гарц! Энэ бол монгол ба Чингисийг шүтэх үзэл санааг тойрон хүрээлж шулмын засаглалыг шударга ёсны засаглалаар халах ганц зам бидэнд байна. Өөр өгөөжтэй, өөдтэй сайн арга зам байхгүй. Үлдээгүй.
Бид монголоо хайрлаж, хаан эцэг Чингисийнхээ гаргасан замаар явах ёстой. Түүнээс бусад нь мөхөл сүйрлээс өөрийг авчрахгүй нь тодорхой боллоо. Хүмүн Чингис шиг өрөвч нинжин сэтгэлтэй, эрс шударга зантай, нөхөрсөг ханилгаатай, урвагчтай нөхөрлөдөгүй баймааж нь Монгол Улс монголоороо хөгжих болно. Үүний тул түүнийг онцлов.
Х.Цэвлээ
URL: