“Монголчуудын эсэргүүцлээс болж ордуудын гэрээг өөрчлөх гэж байна” гэжээ

Монголын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, эзэмшлийн хувиа нэмэх гэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байна. Тэд үүний шалтгааныг янз бүрээр тайлбарлажээ.

“DOW JONES NEWS WIRES” АГЕНТЛАГ: “РИО ТИНТО”-ГИЙНХАН АЙХГҮЙ БАЙНА

Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьсны дараа “Айвенхоу Майнз” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийв. Тэрбээр “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай ямар ч яриа байхгүй” гэжээ. Оюутолгой төслийн өөр нэгэн хувь эзэмшигч болох “Рио Тинто” компанийн зэсийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Эндрью Хардинг Монголын Засгийн газрын энэ үйлдлийг ирэх онд болох сонгуультай холбон тайлбарлажээ.

Энэ бүхнээс гадна Оюутолгойн ордын нөөц асар их учир олон хөрөнгө оруулагч хамтрах сонирхлоо илэрхийлсэн нь Монголчуудын хувьд хэлсэн үгнээсээ буцах шалтгаан болсон ч байж болох юм. Гэхдээ “РиоТинто” компанийн удирдлагууд Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд найдаж байгаа учир өмнө нь хэлэлцэж тогтсон хувь хэмжээгээ өөрчлөхгүй гэж үзэж байгаа аж. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль, эрхзүйн тогтвортой орчныг хангаж өгөх баталгаа болжээ.

“WWW.STEELORBIS.COM” САЙТ: “ДОЙЧИ БАНК”, “МОРГАН СТЭНЛИ”-Г УРЬЖЭЭ

Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хятад, АНУ, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий Тавантолгой төслийг саяхан батлахаас татгалзсан. Үүний шалтгаан нь Тавантолгой ордоос эзэмших хувиа нэмэхийг зорьж байгаатай нь холбоотой аж. Монголын Засгийн газар Тавантолгой төсөлтэй холбоотой шинэ хэлэлцээрт “Дойчи банк”, “Морган Стэнли”-гийн төлөөлөгчдийг урьж оролцуулахаар болжээ.

“ASIA TIMES” СОНИН: МОНГОЛЫН ТӨР ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТААГҮЙ ХАНДАЖ БАЙНА

Тавантолгойн баялгаас болж Монголын Засгийн газар болон олон улсын хөрөнгө оруулагчдын харилцаа хурцдаж эхэллээ. Мөн Монголын ард иргэдийн зүгээс төр засгаа гадныхантай хэтэрхий их хамтарч байгааг шүүмжилсэн нь С.Батболдын Засгийн газрыг өмнө нь тохиролцсон гэрээ, хэлэлцээрээ өөрчлөх шийдвэр гаргахад нөлөөлжээ. Монголчууд байгалийн баялгаа мөнгө болгох зорилгоор олон орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулсан. Гэхдээ Тавантолгой бол тэдний алинтай нь зүйрлэхийн аргагүй асар их нөөцтэй орд.

Тиймээс хөрөнгө оруулалттай холбоотой иймэрхүү маргаан тасрахгүй байна. Нүүрсний олборлолтоор Тайландад тэргүүлдэг “Banpu” компани Монголын “Хүннү Коал” компанийн хувьцааны 12 хувийг эзэмшдэг. Харин саяхан үүнийгээ нэмж, бүх хувьцааг нь худалдан авах саналтай байгаагаа илэрхийлсэн.

“Banpu” компани “Хүннү Коал”-ыг бүрэн мэдэлдээ оруулахын тулд Монголын холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл авах ёстой. Гэвч одоохондоо энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. “Хүннү Коал” нь Монголд нүүрсний олборлолтын 11 төслийг хэрэгжүүлж байгаа учраас томоохон компанид тооцогддог билээ.

Ийнхүү эрх баригчдын зүгээс гадны хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний дарамт учруулсаар байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Монголчуудын дунд гадны компаниудаас болгоомжлох хандлага их байгаа. Энэ нь эрх баригчдынх нь шийдвэрт нөлөөлж эхэлсэн бололтой. Монголын Засгийн газар гол мөрний урсац, ойг хамгаалахтай холбоотой хууль батлах үеэс гадны хөрөнгө оруулагчдад таагүй хандах болсон.

Түүнчлэн уул уурхайгаас бусад салбарын бизнесийг хөгжүүлэхийн тулд 108 тэрбум төгрөг буюу 85.8 сая ам.долларын бонд гарган арилжаалж байгаа. Монголын Засгийн газар ажилгүйдэл, архидалтыг бууруулж, иргэдээ мэдлэг боловсролтой болгохыг зорьж эхэлсэн. Гэвч энэ бүхэн нь уул уурхайн салбарын орлогоос бүрэн хамаарах учир Монголын эрх баригчид гадны хөрөнгө оруулагчдыг үргээх нь оновчгүй юм.

“THE DIPLOMAT” СЭТГҮҮЛ: ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛУУД ЭРХ БАРИГЧДЫНХ НЬ ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛСӨН

Монголд өнгөрсөн сард Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Финляндын албаны төлөөлөгчид дээд хэмжээний айлчлал хийсэн. Төр, засгийн тэргүүнүүдээс гадна үндэстэн дамнасан корпорациудын бизнесийн төлөөлөл Монголыг зорих болсон нь Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдэд нь нөлөөлөх гэсэн оролдлоготой холбоотой.

Европын бүтээн байгуулалт, хөгжлийн банкнаас гаргасан тооцоогоор уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өсөлтийн ачаар Монголын эдийн засгийн өсөлт Ирэх онд 12 хувьд хүрэх юм. Харин энэ нь гадны орнуудын анхаарлыг татаж байна. Оюутолгой, Тавантолгой төслийн ажлыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч Монгол Улс дэлхийн эдийн засгийн гол тоглогч болох уу, аль эсвэл өчүүхэн жижиг орон хэвээр үлдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих