Н.Оюундарь: Монгол улс үсрэнгүй уналтын босгон дээр зогсч байна
МАН-ын Бага хурлын гишүүн Н.Оюундарьтай уулзаж, ярилцлаа.
- Саяхан болж өндөрлөсөн МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлөө шинэчилж, Бага Хурлын гишүүнээр олон шинэ хүнийг сонголоо. Ерөнхийдөө бүтцийн хувьд их өргөжсөн байна. Үүний улс төрийн зорилго, үр дагавар нь юу вэ?
-Нэгдүгээрт, энэ удаагийн Бага хурал “Бид хамтдаа” үндэсний кампанит ажлын дараахан болж байгаагаараа онцлогтой. Зургаахан сарын дараа сонгууль болно. Манай намын хувьд нийгэмд төдийгүй улс үндэстний өмнө тулгараад байгаа олон асуудлаар судлаачдын болон олон нийт, улс төрийн намуудын байр суурийг сонсч, ярилцлаа. Тусгаар тогтнол, гадаад бодлого, улс орны бүрэн эрхт байдал зэрэг сонгуулийн өрсөлдөгчийн үүднээс талцаж, өрсөлдөж болдоггүй асуудал гэж бий. Бид үндэстнийхээ язгуур эрх ашгийн үүднээс эдгээр асуудлаар эрх ашиг, үзэл баримтлал, байр сууриа нэгтгэх түүхэн шаардлагатай цаг мөч ирснийг хүлээн зөвшөөрч байгаа. Ингэхээс өөр сонголт ч бидэнд байхгүй. Эрх баригчдын бодлогын дүнд бий болсон эдийн засгийн байдлын нөлөөгөөр хүмүүсийн амьдралын чанар муудсаныг олон зүйлээр нотолж болохоор байна. Хүн бүр санаа зовниж байна, зүгээр шүүмжлэхийн тулд ч биш, сонгуулийн өмнөх жил шувтарч байгаа болохоор эрчимжиж байгаа шүүмжлэл ч биш юм. Ерөөсөө сэрэхгүй бол, даруйхан засч залруулахгүй бол оройтож мэдэхээр, оройтчихсон ч асуудлууд цөөнгүй байна. Хоёрдугаарт,Бага хурлын гишүү дийг шинээр сонгох зайлшгүй шаардлага байсан юм. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн, төрийн албанд ажиллах болсон, нэг хэсэг нь дипломат алба руу шилжсэн, гадаадад сургууль соёлын мөр хөөсөн гэх олон шилжилт хөдөлгөөн хийгдсэнээр шинээр сонгогдох гишүүдийн орон гарсан байсан. Бага хурлын гишүүнээр нийтдээ 29 хүнийг шинээр сонголоо. Аймгуудын намын дэд дарга нарыг өөрчиллөө. Намын Удирдах зөвлөлийг өргөжүүлж, 10 хүнээр гишүүдийн тоог нь нэмлээ. Намын гол түшиг тулгуур болсон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудынхаа төлөөллийг удирдах зөвлөл рүүгээ татлаа. Таамгаар дүгнэх аргагүй тулхтай хүчин гэдгээ харууллаа гэж бодож байна. Эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмадын байгууллагын төлөөлөл одоо Удирдах зөвлөлийн хуралд үгээ хэлэх боломжтой боллоо. Шийдвэр гаргах төвшинд дуу хоолойгоо хүргэж чадахаар болж байна. Улс төрийн намуудын хувьд анхдагч алхам юм. Түүнчлэн намын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараа Удирдах зөвлөлдөө орууллаа. Залгамж чанар бол манай намын үндсэн шинж. Үүнийгээ хадгалж өмнөх ололттой бодлого, ажлуудаа өвлүүлэх уламжлал, шинэчлэлийг хослуулах маягаар ажиллахаар тогтсоныг эндээс харж болно. Аливаа ажлын хүндийг үүрч яваа гэдэг утгаараа УИХ дах намын бүлгийн дарга, Монгол Улсын хүн амын тал нь суурьшсан нийслэлийн ИТХ-д буй намын бүлгийн даргыг бас Удирдах зөвлөлд оруулсан. Энэ бол цаг үеийн шаардлага, дээр нь бидний эв нэгдлийг харуулсан улс төрийн шийдвэр болсон юм. Намын Удирдах Зөвлөлийн өөрчлөлт бол намын эв нэгдэл, уламжлал, шинэчлэлийн бодлогын илэрхийлэл төдийгүй МАН сахилга баттай, дүрэм журамдаа захирагддаг, дотооддоо ямар ч зөрчилгүйгээр нэгдсэн нэг удирдлагатай улс төрийн хүчин гэдгийг харуулсан үйл явдал гэж бодож байна.
-Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, эрх баригчдад итгэл алдарч байна. Энэ нь танай намын сонгуулийн амжилтад эерэгээр нөлөөлөх үү. Олон нийтийн итгэл найдвар, хандлага та бүхэн рүү эргэж байна уу. Та саяхан хөдөө орон нутгаар явж хүмүүсийн аж байдлыг нүдээр үзсэний хувьд хэрхэн дүгнэх вэ?
-Эрх баригчдын алдаа манай намын ололт биш гэдгийг хатуу хэлмээр байна. Хот хөдөөгүй л иргэд энэ хямралт байдлаас хэрхэн хохирол багатай гарахаа ярилцаж байна. Бид эрх баригчдыг муулах гэж хот,хөдөө явдаггүй юм. Эрх баригчдын алдаа бидний хувьд ч гэсэн ухралт. Бага хурлаар намын даргын илтгэлийг хэлэлцээд энэ хямралаас гарах зүг, чигийг тусгасан олон санааг гишүүддээ түгээлээ. Намын даргын хэлж буй гол санаа нь “хүн” төвтэй намын хувьд аливаа асуудлыг тогтвортой хөгжлийн зарчмаар урагшлуулна. Хүн рүү чиглэсэн бодлогыг тогтвортойгоор авч хэрэгжүүлнэ гэсэн мессеж өгсөн. ЕНБ-ийн даргын илтгэл ерөнхийдөө намын байгууллага өөрөө хэрхэн ажиллаж, нийгэмд ямархуу өнгөөр хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг гал тогооны ажлыг нарийвчлан авч үзсэн. Би Сэлэнгэ аймгаас Бага хурлын гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд Сэлэнгэ аймгийнхаа 17 сум, 6 тосгонд ажиллаад, олон түмний аж амьдралтай танилцан, хэлж ярьж буй яриа хөөрөөг сонсч яваад ирлээ. Амьдралын чанар муудсан байна, хүн бүр л ямар нэг хэмжээгээр зээлтэй, түүнийхээ хүү, төлбөр төлөх хуваарьтаа баглуулж гүйцжээ. Ажилгүй иргэд их байна. Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч ард түмэн маань “Одоо л бид хямрах гээд байна шүү” гэж ярьж сууна лээ. Улс орны эдийн засгийн хямрал өнөөдөр Монгол орны маань аль ч иргэнд хар сүүдрээ тусгасан нь нэгэнт тодорхой байна. Гэр бүлд нэг байтугай хүн ажилгүй, орлогогүй байхаар энэ их зээлтэй улсад ямархуу ирээдүй харагдах билээ. Улс орны хувьд ч гэсэн энэ их өр зээлээс хэрхэн ангижрах, иргэд эдийн засгаа яаж өөд татаж сайжруулах, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх вэ. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрөө яах вэ, идэж уух өмсч зүүхээ яах юм гэх мэт үй олон асуудал байна. Энэ мэтчилэн иргэд хэрхэн аж төрж байгаа талаар дор бүртээ санаа, оноогоо ярьж явлаа.
-Иргэд танаас цаашлаад МАН-аас ямархуу зүйл хүсч, хүлээж байгаа нь анзаарагдаж байна вэ?
-Хатуухан хэлэхэд, бид ирэх жил улс оронтойгоо, тусгаар тогтнолтойгоо, газар шороон дээрээ байх уу гэдгээ сонгох цаг үед ирээд байна. Бид зөвхөн сонгуульд ялах гэж биш, улс орноо хадгалж авч үлдэхийн тулд маш их хариуцлага үүрч, ирэх жилийн сонгуульд орно. Мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа энэ тархи угаалт, их өр зээл, энэ их хууль бус үйлдлийг яс махандаа тултал ойлгож байгаа хүмүүс бол иргэд, хувийн хэвшлийнхэн. Тэднийг сонсох, тэднийг нэгтгэх, хүсэл эрмэлзлийг нь төрийн бодлого болгож хувиргах ажлыг л хийж, хойтонгийн сонгуульд оролцоно. Үе үеийн сонгууль хариуцлагатай байдаг, энэ удаагийнх бүр онцгой их хариуцлагатай. Улс орны өр зээл, төсвийн алдагдал, хаалгаа барьж байгаа аж ахуйн нэгж гээд эрх баригчдын бодлогын алдааг хэмжих шинэ хэмжүүр гартлаа цөхөрсөн байна. Хүнээ ч, намаа ч зөв сонгох хариуцлагатай цаг үе ойртож байна. 90 жилийн түүхтэй манай нам үздэгээ үзээд, алддагаа алдаад эрийн цээнд хүрсэн. Бид сонгуульд ялагдсан намын байр сууринаасаа аль хэдийнэ салж, сөрөг хүчний байр суурьтаа шилжсэн. Бидэнд саналаа өгсөн сонгогчдын хувьд ч, бидэнд найдаж байгаа хүмүүсийн хувьд ч алдах эрхгүйгээр энэ сонгуульд оролцох ёстой. Улс төрийн ууган хүчний хувьд зөв, тогтвортой хөгжлийн бодлогоо хүн төвтэйгээр явуулж ирж, хөгжлийг сааруулсан харалган бодлого явуулж байгаагүйг манай намын 90 жилийн түүх гэрчилнэ. “МАН засаг барихад улсын эдийн засаг сайжирдаг, АН засаг барихаар улсын эдийн засаг мууддаг”гэдгийг иргэд мэддэг, ярьдаг болжээ.
-Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаас НАМЭХ-г “улс даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан”гэж сайшаасан байна лээ. МАН эмэгтэйчүүдээ илүүтэй дэмждэгийн илрэл гэж ойлгож болох уу?
-Эмэгтэйчүүдийн асуудлыг энд ярих нь зөв. МАН-ын дэргэдэх НАМЭХ Монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан олон асуудлаар идэвхтэй олон талт үйл ажиллагааг явуулж, улс төрийн түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих шинэ хандлагыг төлөвшүүлэхэд олон түмний анхаарлыг хандуулан ажилладаг. Канадын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Жастин Трюдо Ерөнхий сайд болчихвол Засгийн газрын танхимынхаа талыг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэсэн амлалтдаа ч хүрч, кабинетийнхээ 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүллээ. Ингэхдээ хууль, шүүх, банк, санхүү, сэтгүүл зүй зэрэг салбартаа тэргүүлэгч, туршлагатай олонд танигдсан чадварлаг эмэгтэйчүүдийг багтаасан. Үүнийгээ нийгмийн хөгжлийн цаг хугацаатай уялдуулан “Өнөөдөр бол 2015 он” гээд дүгнэчихлээ. Энэ нь жендерийн тэгш байдлыг хангахад бараг жишиг болчих шиг боллоо. Дэлхий нийт ч энэ хандлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид олон жил жендер ярьсан боловч энэ нь онолоосоо нэг их салаагүй, их сайндаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт чимэг төдий яваад баймааргүй байна. Улс төрийн намын шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ оруулж, шийдвэр гаргахад оролцуулж санал бодлыг нь сонсч байж төрийн эрх барих байгууллагын шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ дэмжих оюун санаа, сэтгэл зүйн уур амьсгал бүрдэх учиртай. Энэ талаар манай нам зоригтой алхам хийлээ. Ингэж байж бид эмэгтэйчүүдийнхээ боловсрол мэдлэг, торгон ухаан, эх хүний мэдрэмж, сэтгэлээр төрийн том ажлын алдаа оноог засч залруулан эвлүүлэх хүчин болгож чадна. Тэр шоолон инээлдэж буй нийгмийн тодорхой бүлгийн харанхуй бүдүүлэг бодлыг засч, гэрэлтүүлэх учиртай. Эмэгтэйчүүдийн эрхийг бүх төвшинд, бүх салбарт хангах ёстой гэж үзэж байна.
- Сонгуулийн хар машиныг шатаасан, улс төрийн намуудын жагсаал олон нийтийн шүүмжлэл дагуулж байх шиг байна. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай Улс төрийн намуудын шаардлага нэг удаагийн жагсаалаар дуусахгүй. Парламентын төвшинд, бодлогын төвшинд ч үргэлжилнэ. СЕХ-ны хийсэн танилцуулгын үеэр манай намаас шаардсан хар машины программын кодыг гадны компанийн өмч учраас задруулах боломжгүй гэж хариулсан тухай хэвлэлээр гарсан. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Сонгууль бол Монгол төрийн эрхийг өгч авалцах, Үндсэн хуулийн төвшинд хамгаалагдсан, ардчиллын үнэт зүйлсийн нэг. Яагаад энэ үнэт зүйлсийн үйл явц гадны нэг компанийн өмчид хамааралтай байх ёстой талаар эрх баригчдаас хатуу хариулт шаардах болно. Үүнийг засч, залруулах ёстой. Эцсийн дүндээ сонгуулийн санал хураах техник технологиороо хүртэл хараат байж, хараат байхыг хүсч болохгүй. Энэ тэмцэл цаашид үргэлжилнэ.
-Ярилцсанд баярлалаа.
У.Од
URL: