Д.Зоригт: “Оюутолгой” ХХК 34:66-гийн харьцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй нь тодорхой

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХАРЛУУЛАХ, ЗОГСООХ, СОНИРХОЛ ЗАРИМ ХҮНД БАЙХ ШИГ

-Сүүлийн үед Оюутолгойн ордын хувь эзэмшлийн асуудал олны анхаарлыг татаж байна. “Оюутолгой” ХХК давуу эрхтэй хувьцаа гаргах болсныг Та юу гэж үзэж байгаа вэ?

-Оюутолгойн давуу эрхтэй хувьцааны талаар би урьд өмнө олон нийтэд тайлбарлаж байсангүй. Сүүлийн үед хүмүүсийн толгойг зориуд эргүүлэх гэсэн улс төрийн зорилго ажиглагдах болсон учраас дэлгэрэнгүй тайлбарлая. Оюутолгой бол одоогоор эхний хөрөнгө оруулалт нь тав гаруй тэрбум ам.долларын төсөл. Төслийн эзэн “Оюутолгой” ХХКийн 66 хувийг “Айвенхоу Майнз” компани, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Монгол” ХК эзэмшдэг. “Оюутолгой” ХХК таван тэрбум ам.долларыг өөрийн хөрөнгөөр, зээлээр гэсэн хоёр замаар л босгоно. Эсвэл аль нэг газраас мөнгө зээлнэ. Эсвэл хувь нийлүүлэгчид нь гаргана гэсэн үг.  Бид энэ аж ахуйн нэгжийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг, хэрэв өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэвэл тэр хэмжээний мөнгийг өөрсдөө гаргана эсвэл нөгөө талын хувьцаа эзэмшигч бидэнд хүүтэй зээлнэ гэсэн үг. Жишээлбэл, 1 тэрбум ам долларыг өөрийн хөрөнгөөр гаргана гэвэл 340 сая долларыг манай өмнөөс гаргаж тэр хэмжээгээр Эрдэнэс МГЛ-ийн дансанд өр бичигдэнэ гэсэн үг.  Олон зуун сая доллар “Эрдэнэс МГЛ”-ийн баланс дээр өр болж бичигдэх тул хэд хэдэн сөрөг талтай. Энэ компанийг Засгийн газар олон улсын хөрөнгийн зах дээр IPO хийлгэнэ. Тэр цагт шинэ тутам байгуулагдсан хийгээд балансдаа өртэйн хэрээр хувьцааны нь үнэ буурч таарна. Тиймээс аль болох Монголын талд зээл нэмж бичүүлэхгүй, “Оюутолгой” ХХК-ийн нэрээр зээл авахуулах нь зүйтэй. Тийм, би Монголын нуруун дээр дахиад олон зуун сая долларын өр зээл үүрүүлэх буруу гэж үзэж байна. “Эрдэнэт”-ийг барьсан оросууд манай дансанд өр хуримтлуулж бичиж л байсан, их өрийн хүрээнд харин ч нааштай шийдсэн. Нийтдээ яг ийм байдлаар хуримтлагдсан 11 тэрбум шилжих рублийн өрийг яаж хуримтлуулснаа мартах болоогүй байх.Харин ч Оросуудтай энэ асуудлаа нааштай шийдэж чадсан. Яг тийм маягийн өр рүү явуулах ямар хэрэгтэй юм?  Нэг зүйлийг бас цохон тэмдэглье. Монголын талаас баахан мөнгө төлж, хөрөнгө оруулалт нэрээр 34 хувийнхаа төлөө мөнгө төлсөн юм шиг яриа гаргаж байгаа зарим хүмүүс.  Тийм юм огт байхгүй. Одоогийн байдлаар Монголын Засгийн газрыг төлөөлж буй “Эрдэнэс МГЛ” компанийн нуруун дээр нэг ч долларын өр байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Харин бүх санхүүжилтийг хувьцаа эзэмшигч нөгөө тал босгож, Оюутолгой ХХК-гийн нэр дээр зээлж авч төслийг санхүүжүүлж байгаа. Давуу эрхтэй хувьцаа бол Оюутолгой төслийг санхүүжүүлэх зээлийн л нэг хэлбэр шүү дээ.  “Оюутолгой” ХХК өөрөө мөнгө босгож байгаа нэг арга хэрэгсэл.

-Тэгээд “Оюутолгой” ХХК зээл авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд Монголын талын 34 хувь буурна гэсэн шуугиан дэгдлээ. Та уг ордын хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурсан Монголын Засгийн газрын гурван сайдын нэгийнхээ хувьд “34 хувь хэвээрээ” гэсэн тайлбар өгсөн. Хувь хэрхэн хадгалагдаж байгааг тайлбарлахгүй юу?

-Эхлээд зээл яаж авдгийг тайлбарлах нь зүйтэй байх. Банкнаас авч болно, эсвэл хувьцаа эзэмшигчдийн зээл байж болно, эсвэл давуу эрхтэй буюу санхүүжилтийн хувьцаа гаргаж болно. 2010 оны гуравдугаар сард гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл 740 орчим сая доллар, гуравдугаар сараас хойш оруулсан 700 сая орчим гээд нийт 1.4 тэрбум долларын хөрөнгө Оюутолгойд оржээ. Үүнийг яаж санхүүжүүлсэн бэ?  “Оюутолгой” ХХК давуу эрхтэй хувьцаа гаргахаар шийдсэн. Давуу эрхтэй хувьцаа бол ердөө л өрийн бичиг. Тийм ч учраас давуу эрхийн хувьцаа нэртэй өрийн бичгээр хувь нийлүүлэгчдийн шийдвэрт огт нөлөөлж чадахгүй юм. Харин энд нэг асуудлыг ярих ёстой гэдгийг би ойлгож байгаа. Банкны, хувьцаа эзэмшигчдийн зээлүүд, давуу эрхтэй хувьцаа их байх тусам манай талын 34 хувь буурахгүй, харин хоёр талын ногдол ашгийн хэмжээ багасана.  Тиймээс зээл ч бай, давуу эрхтэй хувьцаа ч бай тэдгээрийн хүү 9.9 хувийг, түүн дээр нэмэгдэх АНУын инфляцын хувийг төлөх нь л гол хүндрэл. Авсан зээлээ төлж байж ногдол ашгаа хуваадаг нь энгийн зарчим гэдгийг бизнес хийж үзсэн хүмүүс ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд гол асуудал бол санхүүжилтийн зээлийн хэмжээ, хүүг яаж бууруулах вэ гэдэгт л байгаа.  Түүнээс биш, 34:66-гийн харьцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй нь тодорхой. Оюутолгойн гэрээг “аймшгийн” сайхан болсон гэж би хэлэхгүй. Зээлийн хэмжээг бууруулахын тулд хөрөнгө оруулалтыг хянах ёстой, хүүг бууруулахын тулд талууд дахин хэлэлцээний ширээнд сууж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дэх “давуу эрхтэй хувьцаа” гэдэг ойлголт нь хүмүүсийн болгоомжлоод байгаа шиг хувь эзэмшилд нөлөө үзүүлдэг хувьцаа биш. Тиймээс гэрээнд “өрийн бичиг” гэсэн нэр томъёог хэрэглэж, “давуу эрхтэй хувьцаа” гэдгийг хасах шаардлагатай гэж үзсэн.

-Хэлэлцээ хэр амжилттай явж байгаа бол?

-Санхүүжих зээлийн хүүгийн хэмжээ одоогийн байдлаар 9.9 дээр нэмэгдэх инфляцын хувь гээд ойролцоогоор 11.5 хувь байгаа. Зээлжих эрсдэл өндөртэйд тооцогддог манай улсын хувьд тийм өндөр хувь биш. Гэхдээ бид хүүг бууруулахын төлөө нэлээд хатуу хэлэлцээ үргэлжлүүлж байна.

-”Төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед Хувь нийлүүлэгчдийн гэрээг нууцалсан” гэж УИХын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд нар хэлээд байгаа шүү дээ?

-УИХ-аар хэлэлцэх үед бүх гишүүний гарт Хөрөнгө оруулагчдын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байсан. Оюутолгой төслийн нэг ширхэг ч зүйлийг нууцлаагүй. Хоёр гэрээний аль алины талаарх гишүүдийн асуултад би ил тод хариулж байсныг телевизээр шууд нэвтрүүлсэн шүү дээ. “Давуу эрхтэй хувьцаа гэж юугаа яриад байгаа юм бэ” гэсэн асуултад би хариулж л байсан. “Нууц” гэж яагаад андуурсныг нь би мэдэхгүй, мушгиад байгаа юм биш үү.

-Монголын тал Оюутолгойгоос ногдол ашиг авч эхлэх хугацаа хэзээ вэ?

-Нэг жилийн өмнө бид 2021-2023 онд гэж төсөөлж байсан. Гэхдээ санхүүжилтийн зээлийн хүү буурах тусам ногдол ашгаа хүртэх хугацаа наашилна. УИХын зарим гишүүн татварын орлогыг ногдол ашигтай холиод байгаа. Татварын орлого тусдаа. Ногдол ашиг биш шүү дээ.  Энэ жил бид Оюутолгойгоос тав орчим тэрбум төгрөгийн татвар авсан. Тэнд хараахан ажил эхлээгүй учраас ашиг гараагүй байгаа. Ердөө л оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, зээлийн төлбөр зэргээс нь л авсан татвар.  Цаашдаа зөвхөн НӨАТ-ын орлого нь 500 сая доллараар нэмэгдэнэ.

-”Айвенхоу майнз” Оюутолгойд санхүүжилт хийхийн тулд, Олон улсын санхүүжилтийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авахаар болсон. Тэгвэл “Оюутолгой” компани ч мөн адил олон улсын байгууллагуудаас зээл авах боломжгүй гэж үү? Тэгвэл хүүгийн хэмжээ арай хөнгөлөлттэй байхгүй юу?

-Зээлийг банк санхүүгийн байгууллагаас, эсвэл хувь нийлүүлэгчдээсээ авч болно гэж хэлсэн дээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк ч гэсэн нөгөө талаасаа банк шүү дээ. Тиймээс аливааг бизнесийн нүдээр л харна. “Оюутолгой” ХХК бол шинээр байгуулагдсан компани. Харин хувь нийлүүлэгч нь болох “Айвенхоу майнз” овоо том, Монголоос өөр орнуудад ч үйл ажиллагаа явуулдаг.  За тэгээд “Айвенхоу майнз”-ын дотор хувь эзэмшиж байгаа байгаа “Рио Тинто” бол бүр том, уул уурхайн салбартаа дэлхийд эхний гуравт жагсдаг гээд бод. Энэ компаниудад бага хүүтэй зээл олдоно. Илүү найдвартай, нэр хүндтэй учраас тэр. Тиймээс бид хувь нийлүүлэгчид нь зээл авах юм бол ямар нэгэн хүү нэмэлгүйгээр “Оюутолгой”-д өгнө шүү гэж тохирч байгаа л даа. Гэхдээ “Оюутолгой”-н түвшинд ч мөн зээл авахаар ярьж байгаа. Эцэст нь ганц зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс МГЛ” гэдэг бол та бидний өмч. Энэ компани хэдий хэмжээний өртэй байна вэ, төдий хэмжээгээр Монгол Улс өртэй.  “Оюутолгой” ХХК бол өөр асуудал, бид 34 хувийг нь эзэмшиж байгаа. Энэ компани өөрөө зээл авч, ажлаа хийх тусам бидэнд ашигтай. Харин “Эрдэнэс МГЛ”-ын нуруун дээр өрийн дарамт үүрүүлэх нь аюултай.

-Оюутолгойн гэрээг улам сайжруулах боломжтой гэж яриад байгаа. Та ямар боломжууд харж байгаа вэ?

-Гэрээг сайжруулахын төлөө байгаа хүмүүс ялгаатай байна л даа. Үнэн голоосоо юу нь болохгүй байна, алийг нь сайжруулах вэ гэдгийг одоо манай ТУЗ-ийн гишүүд байнга надтай ярьдаг. Гэхдээ тэд сонин хэвлэлд өдөр бүр ярилцлага өгөөд, ардын баатар болоод явж байна уу, үгүй.

Гэтэл зарим нэг нь үүнийг улс төрийн асуудал болгох гээд байна л даа. Хамтарсан Засгийн газрын хамгийн том амжилт болох Оюутолгойн гэрээг харлуулах, бүрмөсөн зогсоох, буцаах гэсэн сонирхол зарим хүнд байх шиг. Бодоод үз л дээ. “Эрдэнэт”-ийн гэрээнд бид 20 жилийн дараа өөрчлөлт хийсэн. Тэгээд өнөөдөр “Эрдэнэт” Монгол орны эдийн засгийн ноён нуруу болж л байна. Үүнтэй адил Оюутолгойг хэн ч зөөгөөд явчихгүй. Өнөөдөр хүртэл зуу зуун сая доллараар нь хөрөнгө оруулаад л байна шүү дээ. Хямралын үед эдийн засагт нэмэр болох үүнээс илүү зүйл байхгүй.

-Оюутолгойн гол хөрөнгө оруулагчид болох “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гийн хооронд бас маргаан дэгдээд байгаа. Үнэн худлыг нь мэдэхгүй, гадаадын хэвлэлүүд Хятадын “Чайналко” Оюутолгойд 600 сая долларын санхүүжилт хийсэн гэх юм. Энэ тал дээр Та тодорхой хариулт өгөөч…

-Тийм зүйл гаргахгүйн төлөө бид явна аа. Хятадын компанидаа асуудал байгаа юм биш. “Рио Тинто” гэх том компанид бид энэ төслийг хариуц гэсэн үүрэг өгч, гэрээг баталсан. Энэ тохиролцоог хэрэгжтэл бид ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэж бодож байгаа. Хятадын талаас ямар ч хөрөнгө ороогүй гэдэг баталгааг бид нөгөө талаасаа авсан.

ТАВАНТОЛГОЙД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ КОМПАНИЙГ ЗАРЛАХАД БЭЛЭН БОЛСОН

-Оюутолгойн дуулианд дарагдаад ч тэр үү, Тавантолгой сүүлийн үед чимээгүй болчихлоо. Тэрүүгээр сонин юутай вэ?

-Тавантолгойн тухай УИХ-ын тогтоол гарсан. Энэ хүрээнд “Эрдэнэс МГЛ”-ийн харьяа “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани гаргана. Хамгийн сайн судлагдсан Цанхийн зүүн хэсэгт нь “Эрдэнэс МГЛ” өөрөө хөрөнгө оруулаад, ашиглах юм. Тэгээд олон улсын хөрөнгийн биржид IPO хийж, 30 хүртэлх хувийг нь арилжна, иргэд болон дотоодын компаниудад хувьцааг нь өгнө гэж байгаа. Гэхдээ олон улсын хөрөнгийн биржид IPO хийхийн тулд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн компаниар олборлолтоо хийлгэх ёстой.  Тэр шалгарсан компанитайгаа нэг тонноос тэдэн доллар гэсэн цэвэр ажлын хөлсөөр тохиролцох юм. Харин гаргасан нүүрсийг нь “Эрдэнэс МГЛ” өөрөө борлуулна. Эхний ээлжинд жилдээ 15 сая орчим тонн нүүрс олборлоно гэсэн тооцоо бий. Сонгон шалгаруулалтыг зарласан ч хүчингүй болоод, дахиад зарлах гэж байх шиг байна. Яагаад гэвэл орсон компаниудын зарим нь материалаа дутуу өгсөн, зарим нь хэтэрхий үнэтэй тоо хэлсэн гэдэг.  Гэхдээ хөрс хуулалт эхэлчихсэн бөгөөд нүүрс олборлох ажилд бэлэн болсон. Сар гаруйн дараа сонгон шалгаруулалт дуусаад, шууд олборлолтын ажлаа эхэлнэ. Өнөө маргаашгүй гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг томилох гэж байна. Гэхдээ энэ бол миний хариуцах ажил биш, ТӨХ-ны ажил юм.

-Тавантолгойн тендерт хөрөнгө оруулах компанийг ойрын үед зарлана гэсэн байсан?

Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар материал нь орчихсон. Ер нь эцэслээд, одоо бол зарлахад бэлэн болсон, оноос өмнө зарлачих байх.

-Цанхийн баруун хэсэгт нь олон улсын тендер зарлаж байгаа гэл үү?

-Цанхийн баруун хэсэгт бол УИХ-ын ажлын хэсэг олон улсын сонгон шалгаруулалт хийж хөрөнгө оруулахаар хамтран ажиллах талыг сонго гэсэн үүрэг өгч, тогтоолоор баталсан. Энд шалгарсан компани өөрөө хөрөнгө оруулж, олборлож, борлуулна гээд заагаад өгчихсөн байгаа. Засгийн газраар хэлэлцэж, батлаад, сонгон шалгаруулалтыг зарлана.  Үүнийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хариуцаж, С.Баярцогт бид хоёр яриа хэлэлцээрийг нь хийж байгаа юм. Бид транзит тээврийн асуудлыг шийдэх ёстой, угтуулан тавих нөхцөл байх ёстой, хамгийн гол нь нөгөө урьдчилгаа төлбөр байна шүү дээ. УИХ-ын энэ чуулганаар амжихгүй бол дараагийн чуулганаар оруулах ёстой.

-Тавантолгойг төр 100 хувь эзэмшинэ гэдэг шийдвэр гарснаас хөрөнгө оруулж, хувь эзэмших сонирхолтой “BHP Billiton” мэтийн томоохон компаниуд замаасаа ухарсан гэдэг үнэн үү?

-”BHP Billiton” тэр тогтоол гарахаас өмнө буюу хоёр жилийн өмнө Монголоос гараад явчихсан шүү дээ. Ер нь Хятадын “Шиньхуа энержи”, Японы “Иточу” болон “Мицуй”, БНСУ-ын КОРЕС, ОХУ-ын “Оросын төмөр зам”, Америкийн “Пибоди энержи”, Энэтхэгийн “Жиндал стийл энд пауэр”, Бразилийн “Вале” зэрэг компани, консорциум оролцсон. Асар том компаниуд оролцож л байна ш дээ. Гэхдээ Тавантолгойн сонгон шалгаруулалтыг дахиад зарлахад компаниуд нэмж орж ирж магадгүй. Энэ бол нээлттэй.  Ерөнхийдөө төсөл маань өртөг ихтэй учраас жижиг компаниуд орох бололцоогүй. Тавантолгойд төмөр зам, цахилгаан станц гээд бүгд ороод, 4-5 тэрбум долларын асуудал болох юм.

-Үндэсний компаниудаа Тавантолгойгоос шахаж байна гээд байгаа. “Монгос 999″-өөс эхлээд…

-”Монгол 999″ дотор “Тавантолгой транс” байгаа, тийм үү? Тэгвэл тэр компани яагаад өнөөдөр жижиг Тавантолгойд тийм гялалзсан үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм бэ?  Очоод үз л дээ. Ажилчдынх нь орон сууцнаас эхлээд байгаль орчны асуудлыг нь хар. Ер нь орон нутгийн жижиг Тавантолгойн тендерийг хэн явуулсан юм бэ? Хэн шалгаруулсныг нь та нар мэдэх үү? Тэгж ярих юм бол “Тавантолгой транс” чинь “Тавантолгой” ХК-ийн дотор хувьцаа эзэмшдэг хүнийх нь компани. Тэгэхээр сонирхлын шууд зөрчил байгаа биз.

-Тэрийг нь тэгээд хэн шалгаж байгаа юм бэ?

-Тэр чинь орон нутгийн өмч, би шалгах эрхгүй. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал л мэднэ. Монголын компаниудыг муулаад байгаа юм биш ээ. Яг дээхнэ талд нь Ухаа худагт гялалзсан үйл ажиллагаа явж л байна. Гэхдээ “Энержи ресурс” яагаад гадаадын компаниар олборлолт хийлгэж байгаа юм бэ? Яагаад гэвэл олон улсын зах зээлд IPO хийхэд олон улсын хэмжээний том компанид л итгэнэ.  Мэдээж Монголын компаниуд Тавантолгойд орно, бас ханган нийлүүлнэ. Нийт ард түмний өмч болоод байгаа энэ компанийн юуг нь “Монгол 999″ авах гээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улсад 24 мянган аж ахуйн нэгж бий. Яагаад бид заримыг нь онцлох ёстой юм бэ?

-Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд огцом өсөж байна. Гадаад, дотоодын нүүрсний компаниуд ч богино хугацаанд мэдэгдэхүйц томорлоо. Тавантолгойн олборлолт эхэлснээр нүүрсний бусад компанид хэрхэн нөлөөлөх бол?

-Сайнаар л нөлөөлөх байх даа. Яагаад гэвэл дэд бүтэц сайжирна, хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрнэ. Ард түмэнд Тавантолгойн хувьцаа тараагдсаны дараа хүмүүс нүүрсний бизнесийг ойлгодог, дэмждэг болно.

-Нүүрсний үнийг тооцоолоход хэцүү, зэс, алт шиг биш гэдэг. Энэ төрлийн бизнесээс татвар авахдаа үнийг нь яаж тооцоолдог юм бэ?

Б.Батхүү: -2007 онд гарсан Засгийн газрын 88 дугаар тогтоолоор нүүрсний зах зээлийн үнийг тооцоолж эхэлсэн л дээ. Бид Хятадын http://www.coalworld.net гэдэг цахим хуудаснаас үнийг нь авч, яамныхаа цахим хуудсанд сар бүр шинэчлэн байршуулдаг болсон. Яг энэ үнээр тооцож роялтиг нь авдаг юм.

А.Эрдэнэпүрэв: -Гэхдээ энэ бол татвар ногдуулж авахад зориулсан жишиг үнэ юм шүү дээ. Нөөц ашигласны төлбөр авахдаа баримталдаг жишиг үнэ. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдийг тэдэн төгрөгөөр нүүрсээ борлуул, экспортол гэдгийг бид заахгүй. Ер нь компаниуд нүүрс төдийгүй бусад ашигт малтмалын үнээ цэвэр маркетингийн аргаараа тогтоож байгаа.

-Монголчууд одоо нүүрсээ зөвхөн Хятадад л экспортлоод байгаа. Бусад зах зээлд бүтээгдэх үүнээ хүргэх талаар төрийн бодлого бий юү?

-Хятад ойрхон учраас тээврийн зардал бага гардаг. Тэр хэмжээгээр үнэ нь бага байж, амархан борлогдоно гэсэн үг шүү дээ. Мэдээж түүхий эд гаргах биш, нэмүү өртөг шингээгээд, БНСУ, Япон мэтийн стратегийн зорилтот зах зээл рүүгээ зүтгэх улсын бодлого бий.

-Тэгвэл нүүрсээ боловсруулж эхэлж буй компаниудад төрөөс ямар дэмжлэг үзүүлж байгаа юм бэ?

-Олон талын дэмжлэг бий. Гол нь татварын бодлогоор дэмжиж байна. Тухайлбал, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлнэ. Хилийн боомтуудын хүндрэлтэй асуудлыг нөгөө компаниудтайгаа нийлж байгаад шийдээд өгвөл сайн. Энэ тухай Засгийн газрын тогтоол гарчихсан шүү дээ. Хилийн боомтуудыг сайжруулах нь их хөрөнгө шаардсан ажил болохоор богино хугацаанд шийдэхэд төсвийн бололцоо хүрэхгүй байгаа.

-Нэгэнт нүүрсний үнэ ярьж эхэлсэн болохоор цахилгаан станцуудад түүхий эд нийлүүлдэг уурхайнуудынхаа асуудлыг сөхөхгүй байхын аргагүй. Нүүрсний үнэ чөлөөлөх тухай нааштай шийдвэр ойрын хугацаанд гарах нь уу?

Д.Зоригт: -Цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрсний үнэ өнөөдөр зах зээлийн ханшаас доогуур байгаа нь үнэн. Багануурын уурхай л гэхэд тонн нүүрсээ 18200 төгрөгөөр нийлүүлж байгаа шүү дээ. Энэ тоо 23-24 мянган төгрөгт хүрч байж үйлдвэр алдагдлаа нөхөж, ашигтай ажиллана гэж өөрсдөө үзэж байгаа юм билээ.

Тийм ч оргүй тоо биш. Хувийн компаниуд нүүрсээ олборлож, доллараар гаргаж байгаатай харьцуулж үзэхэд 23 доллар гэдэг харьцангуй хямд байгаа. Гэхдээ нүүрсний үнийг нэмэнгүүт эрчим хүчний үнэ өснө, тийм үү? Эрчим хүчний үнэ өсөхөөр бүх суурь үнэ нэмэгдэнэ, инфляц гаарна.

Тиймээс УИХ нүүрсний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2013 оны эцэс гэхэд бүрэн зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх үүргийг бидэнд өгч байгаа юм. Гэхдээ энэ хүрээнд нийгмийн эмзэг бүлэгт ирэх дарамтыг багасгах чиглэлийг УИХ тогтоолдоо оруулсан. 150 кВтцагийг хэрэглэдэг айл өрхийн цахилгааныг 2014 он хүртэл одоогийн үнээр нь үргэлжлүүлж олгох юм. Манай эрчим хүчний салбарын нийт орлогын 20 хувийг айл өрхүүд бүрдүүлдэг.

Тэдний 64 хувь нь 150 кВтцаг хүртэл хэрэглэдэг юм билээ. Тэрнээс дээш гарч байгаа хэрэглээг болон аж ахуйн нэгжүүдийн авах эрчим хүчийг зах зээлийн үнэ рүү үе шаттайгаар шилжүүлэх тогтоолыг УИХ баталж өгч байгаа юм.

ОДОО БИД XXI ЗУУНЫ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ШИНЭ ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛЭХ ЁСТОЙ

-2003 онд ашигт малтмал Монголын экспортын 59 хувийг эзэлдэг байсан бол одоо энэ үзүүлэлт 85 хувьд хүрлээ. Эдийн засгаа, экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? -Ойрын жилүүдэд уул уурхайн салбар манай эдийн засгийн тэргүүлэх салбар байна гэдгийг эхний ээлжинд нийтээрээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай байгаа юм. Эргээд нэг харъя л даа. Монголын уул уурхайн салбар гэж юу юм бэ? Хоёрхон жилийн өмнө ерөөсөө л “Эрдэнэт”, “Монголросцветмет” хоёр л байсан ш дээ.  Одоо бол Ухаа худаг, Нарийн сухайт, Тавантолгой, Оюутолгой гээд хүнд үзүүлэх юм босож эхэлж байна. Гэхдээ цаашаа хөгжих ёстой. Аймгийн хэмжээнд биш юм аа гэхэд бүс нутгийн хэмжээнд нэг том уурхайтай болж байж л дэд бүтэц болон нийгмийн хөгжлийн асуудлаа чирч явах ёстой. Одоо бид говийн хөгжлийн тухай ярьж байна. Томоохон уурхайнуудыг дагаад авто зам, төмөр зам, цахилгаан, усны асуудал шийдэгдэж байна шүү дээ.  Уул уурхайн салбараа дагаад хөгжсөн орнууд байна уу гэвэл байна. Канадыг хар, Австралийг хар, хэн ч тэднийг дорой хөгжилтэй гэж хэлж чадахгүй. Гэхдээ урт хугацаанд эдийн засгаа олон төрөлжүүлэх шаардлага бий. Диверсификаци хийх гэдэг шүү дээ.  Үүний тулд аж үйлдвэржилтийн шинэ шатанд гарах шаардлагатай болов уу. 1960-70- аад он бол Монгол орны аж үйлдвэржилтийн эхний үе байжээ гэж би боддог юм. Тухайн үед маш том цахилгаан станц, үйлдвэрүүд баригдсан. Бидний эцэг эх бүгдээрээ л үйлдвэрт ажилладаг байсан шүү дээ. Манай аав цахилгааны инженер, ТЭЦ 3, диспетчерийн төвд ажиллаж байлаа. Одоо бид ХХI зууны аж үйлдвэржилтийн шинэ үе шатыг эхлүүлэх ёстой. Төмөрлөгийн, зэс хайлуулах, кокс химийн зэрэг дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүд лүүгээ ороод, түүнийгээ дагаад илүү мэдлэгтэй, ур чадвартай ажилчин анги бий болгох шаардлагатай байна. Дээрээс нь менежмент хийж чаддаг өндөр мэргэжлийн хүмүүс бий болж байж одоогийн БНСУ, Япон шиг болно.  Энэ орнууд хүнээр л баян шүү дээ. Харин бидэнд хүнээс гадна байгалийн баялаг бий. Тиймээс уул уурхайн салбараа ашиглан хүнээ аль болох түргэн хөгжүүлэхэд л анхаарах шаардлагатай байгаа юм. 

Б.Батхүү: -Дэлхийд нэлээд нэр хүндтэй Австралийн компаниар зөвлөгөө хийлгэсэн. Монгол Улс стратегийн ордууддаа түшиглээд эхний ээлжинд аж үйлдвэрийн дөрвөн бүсийг байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг тэднийх өгсөн. Хүний нөөц болоод дэд бүтэц нь бэлэн байгаа хойд буюу Дархан, Эрдэнэтийн бүсэд эхний үйлдвэр, мөн Төв буюу Улаанбаатар, Шивээ-Овоо, Чойрын орчимд дахин нэг бүс, дээр нь Сайншанд, Өмнөговийн аж үйлдвэрийн төв гээд нийт дөрвөн бүс байгуулах юм. Ингэж аж үйлдвэржүүлэхийн тулд нэлээд хэдэн зохицуулалт хийх хэрэгтэй.  Жишээлбэл, өнгөрсөн оны сүүлчээр Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль батлагдсан. Журамд нь аж үйлдвэрийн паркуудыг газрын төлбөрийн, үл хөдлөх хөрөнгийн, орлогын албан татвараас хөнгөлөх гэх мэт хэд хэдэн хөнгөлөлтийг тусгаж байгаа. Мөн НӨАТ-ын тухай хуульд уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртгийн албан татварыг 100 хувь буцааж өгөхөөр тусгасан.  Өмнө нь уул уурхайн бүтээгдэхүүн л бол бүгдэд нь өгдөг байсан бол одоо 17 нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд л буцааж өгнө. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргавал НӨАТ-ыг буцааж олгохгүй гэсэн үг. Мөн Үйлдвэр, технологийн паркт орсон үйлдвэрүүдийн татварын орчин тогтвортой байхаар хуулийн асуудлыг судалж байгаа. Нэлээд их хөрөнгө оруулалт хийх учраас татварын орчин олон жилийн хугацаанд тогтвортой байх шаардлагатай.  Энэ чиглэлийн техник, төхөөрөмж Монголын хилээр нэвтрэхэд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл бэлтгэгдсэн. Эхний ээлжинд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр энэ хөнгөлөлтөд хамрагдана.

-Тавантолгой зэрэг томоохон ордын ашигт малтмалыг баяжуулаад экспортолъё гэж байгаа нь сайн хэрэг л дээ. Гэхдээ төсөл болж Засгийн газрын хэмжээнд яригддаггүй ч гэсэн цайр, төмөр, хайлуур жонш, гянт болд, цагаан тугалга, хар тугалга зэрэг ашигт малтмалууд одоо хүртэл хүдрээрээ гарч байгаа. Ашигт малтмалаа түүхийгээр нь биш боловсруулж, нэмүү өртөг нь дотооддоо шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг нийт ашигт малтмал дээр хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ? Зөвхөн томоохон төсөл, тодорхой металл дээр л энэ асуудлыг ярьдаг. Жишээлбэл төмрийн хувьд зөвхөн Дарханыг л ярьдаг. Гэтэл Дарханаас гадна төмөртэй олон орд байгаа?

Д.Зоригт: – Аль нэг төслийг онцлоод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дэмжих бололцоо өнөөгийн нийгэмд байхгүй. Бүх аж ахуйн нэгж тэгш эрхтэй. Тиймээс бид хэлэлцээд, төмрийн хүдэр гаргаж байгаа бол арай өндөр татвар, баяжмал болгож байгаа бол арай бага татвар, эцсийн бүтээгдэхүүн байвал түүнээс бага татвар оноох бодлого барьж байгаа.  Жишээ татахдаа л бид аль нэг төсөл үйлдвэрийг онцолж байгаагаас биш бодлого болоод хэрэгжээд эхлэхээрээ энэ бол татварын бодлогоор, бүс нутгийн бодлогын дагуу л хэрэгжинэ. Гэхдээ энд нэг зүйлийг заавал онцолмоор байна. Боловсруулах үйлдвэрийг дэмжиж, аж үйлдвэржилтийн шинэ түвшинд хүргэж байж бид өөрсдөө хөгжлийн шинэ түвшинд гарна. Гэхдээ энэ асуудалд болгоомжтой, тооцоотой хандахгүй бол маш том алдаа гаргасан жишээ бусад улс оронд бий. Тухайлбал, Австрали дэлхийд хамгийн их нүүрс, төмрийн хүдэртэй орон. Энэ ашигт малтмалын хамгийн том экспортлогч. 1980-1990 оны үед яг бидний адил боловсруулах үйлдвэр барих, эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар хэлэлцүүлэг хийгээд гангийн үйлдвэр, машины үйлдвэр байгуулсан. Гэтэл гангийн үйлдвэр нь ажиллахгүй, сүүлдээ хаагдсан шүү дээ.  Түүнчлэн Австрали машин өнөөдөр Австралиас өөр хаана ч зарагддаггүй, тэд өөрсдөө л худалдаж авч унадаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ашигт малтмал, түүхий эд бүхэн зах зээлийнхээ жамаар л явах учир боловсруулах үйлдвэр бариад ашиггүй байх тохиолдол маш их гардаг. 

Б.Батхүү: -Зэс хайлуулах үйлдвэр Эрдэнэтэд барья гэж бид 30 жил ярилаа. Өнөөдөр Эрдэнэтэд 20 сая орчим тонн хүдэр боловсруулаад, 500 мянган тонн баяжмал гаргаж байгаа. Үүнээс 120 орчим мянган тонн цэвэр зэс л гарна. Одоо бид зэсийн баяжмалаа БНХАУ руу зөөгөөд, тэнд нь хайлуулж, баяжмалынхаа үнийг авдаг. Зэс хайлуулах үйлдвэр бол маш өндөр өртөгтэй учраас үйлдвэрлэлийн зардлаа удаан нөхдөг. Зэс хайлуулах үйлдвэрийн ашигт нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол ТC-RC.  Өөрөөр хэлбэл, хайлуулах, цэвэршүүлэх зардал гэсэн үг. Энэ зардлын хэмжээнээс үйлдвэрийн ашиг хамаарна. Бусад орны туршлагыг авч үзье. Жишээлбэл, Чили зэсийн баяжмалыг экспортолдог. Харин Япон түүнийг нь худалдаж аваад хайлуулж, цэвэршүүлээд цэвэр зэс болгодог. Энэ хоёр улс хоорондоо тохиролцсоноор, TC-RC-н үнийг 400-500 долларын орчимд барьж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд БНХАУ маш олон хайлуулах үйлдвэр барилаа. Шинээр байгуулагдсан энэ үйлдвэрүүд зэсийн баяжмалыг маш их хэмжээгээр авснаас болж TC-RC-ийн үнэ бууж эхэлсэн. Ингээд буучихаар зэс хайлуулах үйлдвэр бусад орнуудад ашиг багатай болж байгаа юм. 

Д.Зоригт: -Эцсийн дүндээ TC-RC-ийн үнэ өндөр байгаа тохиолдолд л зэс хайлуулах үйлдвэр барих нь ашигтай. Гэтэл хэтэрхий буучихлаа. Гэхдээ Эрдэнэт энэ үйлдвэрийг барих шаардлагагүй гэж хэлж байгаа юм биш. Аж үйлдвэржилтийн бодлогын хүрээнд асуудлыг авч үзээд зориуд барих шаардлагатай гэж үзвэл тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж, төрөөс зориуд онцолж хийх нь зүйтэй гэсэн үг.

СТРАТЕГИЙН ОРДЫГ НЭМЭХ, ХАСАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ

-Монголд стратегийн 15 орд бий. Энэ жагсаалтыг хэзээ шинэчлэх вэ? Тухайлбал, Бороогийн алтны нөөц шавхарч байгаа ч стратегийн орд хэвээр байна. Оронд нь Гацууртыг багтааж болох уу? Стратегийн гэсэн нэр томъёо ашигт малтмалын шинж чанараас хамаарч байна уу, эсвэл ордын нөөцөөс шалтгаалах уу?

Д.Зоригт: -Ашигт малтмалын тухай хуулийн дагуу улс орны хөгжилд онцгой нөлөөтэй, ДНБ-ий таваас дээш хувьтай тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, мөн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа эсэх гээд үндсэн гурван үзүүлэлтээр стратегийн ордыг тодорхойлно. Үүний дагуу 15 ордыг сонгосон. Дахиад нэмэх, хасах боломж нээлттэй. Шинээр батлагдсан “урт нэртэй” хуулийн дагуу энэ жагсаалтыг удахгүй шинэчилнэ.

-”Centerra Gold” Гацууртыг ашиглах асуудлаар ЭБЭХЯ-тай хэлэлцээр хийж байна гэж хэдэн жил ярилаа. Хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ? Мөн тус компанийн нэлээд хэдэн лицензийг цуцалсан. Гэхдээ тэдний дотор “Гацуурт” байхгүй гэж “Блүүмберг” мэдээлсэн.

Д.Зоригт: -Урт нэртэй хууль батлагдсанаас хойш энэ хэлэлцээр бүрэн зогссон. Яагаад гэвэл хайгуул хийж буй талбай дотор усны ундарга бий. Харин лицензийг нь цуцлах 254 ордын тоонд ороогүйн учир нь энэ бол үндсэн орд. Өөрөөр хэлбэл стратегийн ордын тоонд багтана гэсэн үг. Эсвэл лицензийг цуцална. Өөр гарц байхгүй.

- Газрын тосны олборлолт, экспорт 2006 оноос өсөөд, өнгөрсөн жил бүр огцом нэмэгдсэн байна. ЭБЭХЯ-ны бүх газраас зөвхөн Газрын тосны газар л улсын төсөвт хамгийн их мөнгө төвлөрүүлсэн гэж үнэн үү?

А.Эрдэнэпүрэв: -Газрын тосны газар өнгөрсөн онд 29.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ онд 57.2 тэрбумыг оруулах ёстой. Энэ сарын 1-ний байдлаар 45 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

Д.Зоригт: -Ер нь нэлээд мөнгө энэ салбараас орж байгаа. Манай улс энэ онд анх удаа газрын тосоо олборлодог боллоо. “Дачин Тамсаг”-ийн арван есдүгээр талбай дээр “Петрочайна”-гийн охин компани болох “Дачин Тамсаг”-ийн хайгуул дуусаад, нөөцийг нь 119 сая тонн гэж тогтоосон. Олборлолтоо эхэллээ. Гэхдээ газрын тосны үйлдвэр барих хэмжээнд арай хүрээгүй. Жилд хоёр сая орчим тонн тос олборлодог газарт үйлдвэр барих нь тохиромжтой гэсэн дэлхийн жишиг байдаг. Энэ хэмжээнд арай хүрэхгүй байгаа ч бид өөрсдөө бага хэмжээгээр ч болов боловсруулж, экспортын хамаарлыг багасгах бодлого баримталж байна.

-”Петрочайна” компанитай хийсэн гэрээ маш алдагдалтай болсон гэж ярьдаг. Энэ үнэн үү?

А.Эрдэнэпүрэв: -Тухайн үед бид гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гэрээний маш олон нөхцөлийг хөнгөлж байсан. Гэрээ цаашид энэ хэвээрээ мөрдөгдөх үү гэдэг асуултыг бидэнд байнга тавьдаг. Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа. Хуульд өөрчлөлт ороод, мөрдөгдөөд эхлэхээр өмнөх бүх асуудлыг цэгцлэх болно.

Д.Зоригт: -Нөөц ашигласны төлбөрийг “Петрочайна” бусад компанийн адил төлөх ёстой гэсэн шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас тавьж буй. Хуулийг шинэчилсний дараа энэ хэлэлцээрт эргэн орно.

-Олон лиценз цуцалсантай холбоотойгоор эдийн засгийн өсөлт буурах уу?

Д.Зоригт: -Алтны 254 шороон орд буюу манай улсын нутаг дэвсгэр дэх алтны нийт батлагдсан нөөцийн 40 орчим хувь нь цуцлагдаж байна. Эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямрал дуусаагүй шүү дээ.  Маш олон орон хямралын байдалтай байна. Эдийн засаг нь өсөхгүй байгаа учир хөрөнгө оруулалтын төлөө тэмцэж, хоорондоо өрсөлдөж байна. Гэтэл Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эцсийн байдлаар долоогоос доошгүй хувиар өснө гэж урьдчилан тооцоолсон. Бид хямралын өмнөх үеэсээ илүү өндөр түвшинд гарчихаад байна. Энэ байдлаа эвдэж болохгүй. Яагаад гэвэл бид хөрөнгө оруулалтыг татахын төлөө бусад оронтой өрсөлдөж байгаа.

-Цөмийн энергийн газар, “Хан ресурс” компанийн хоорондын маргаанд ОХУ холбоотой гэсэн таамаг иргэдийн дунд бий. Энэ үнэн үү? Ер нь ураны салбарт ОХУ-ын дарамт, шахалт байдаг уу?

-Цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлогод Монгол Улс ураны салбарт стратегийн түнштэй хамтарна гэсэн заалт бий. ОХУ бол манай түншээс илүү түнш. Түүний зэрэгцээ уран олборлолтоос өгсүүлээд атомын цахилгаан станц барих хүртэл бүх цикл дээр хамтран ажиллахад хамгийн өрсөлдөх чадвартай түнш.  Тиймээс ОХУтай яриа, хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ Монгол Улсын хуулийн хүрээнд, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтынхаа хүрээнд харилцана. Харин аж ахуйн нэгж хоорондын маргаанд ОХУ-ыг холбож тайлбарлах нь огт үндэслэлгүй, шахалт дарамт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

- Төмөртэйн ордод бизнес хийж байсан хятадууд Засгийн газрыг шүүхэд өгсөн.

-Төрийн өмчийн үйлдвэрийн захирал хийж байсан хүн лицензийг хууль бусаар шилжүүлсэн байсан тул Төмөртэйн ордыг төрийн өмчид эргүүлэн авсан.

-Эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах боломж ямар байна вэ?

-Эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг хангах станц баригдана. Хаана, ямар хүчин чадалтай станц барих вэ гэдэг асуудлаар бид Азийн хөгжлийн банктай хамтран судалгаа хийж байна.  Ирэх сарын эцсээр судалгааг дуусгаад тендер зарлана. Хоёрдугаарт, Тавантолгойн ордыг түшиглэсэн эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдах ёстой. Эндээс Оюутолгойн орд руу эрчим хүч зарах гэх мэт асуудлаар “Оюутолгой”, “Эрдэнэс МГЛ” компани хэлэлцээр хийж байна.  Мөн бусад нүүрсний ордыг түшиглэж цахилгаан станц барьж, улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна экспортлох саналыг бизнесийн салбарынхан бидэнд тавьж байгаа. 2012 онд Оюутолгойн ашиглалт эхлэх гээд байна. Тэр үед 250 мВт эрчим хүч хэрэгтэй. Мандалговиос шугам татлаа гээд 50 мВт л очно. Үлдсэнийг нь хаанаас хангах вэ?  Гэхдээ үйлдвэр ашиглаж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор тэнд цахилгаан станц барих ёстой. Түүнийг бид барьж өгөх үү, тэднээр өөрсдөөр нь бариулах уу, гуравдагч талаар бариулах уу гэдэг шийдвэрийг гаргахаар судалж байна.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт хэзээ энгийн иргэдэд үр ашгаа өгөх вэ? Та салбарын сайдын хувьд энэ талаар ямар хүлээлттэй байна вэ?

-Энэ тал дээр асар том парадокс байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг таван тэрбум долларт хүрсэн байна. Саяхан ганц тэрбум долларын эдийн засаг байлаа шүү дээ. Намайг сургууль төгсөөд ирж байхад улсын төсөв 400 сая доллар хүрдэггүй л байсан шүү дээ. Өнөөдөр хоёр тэрбум даваад гараад явчихлаа. Манай нэг хүнд ногдох ДНБ гурван зуун хэдэн доллар л байлаа. Өнөөдөр 2000 дөхчихлөө. Тэгэхээр эдийн засаг өсөж байна. Гэтэл яагаад мэдэгдэхүйц ахиц гарахгүй байна вэ гэхээр би хувьдаа хоёр дүгнэлт хийж байна л даа. Бид өөрсдийнхөө бодох, сэтгэх арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй. Ураны Канад болъё. Нүүрсний Австрали болъё гэх мэт. Ийм зорилт тавиад тийшээ алхаж орох хэрэгтэй. Гэтэл бид тийм биш, аваад хуваадаг хувилбар руу хэлбийгээд байна.  Эдийн засгийн хямралтай үед үүнийг хийх ёстой. Харин урт хугацаанд үргэлжилбэл маш буруу. 1.5 сая төгрөгийг эдийн засгийн хямралыг даван туулахад дотоодын хэрэглээг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх чухал арга хэмжээ. Нөгөө талаасаа, иргэд нь төрдөө итгэх итгэлийн чухал сэдэв.  Харин цаашид энэ талаар бодох зүйл их байх шиг байна. Урт хугацаанд Хүний хөгжлийн сандаа мөнгө хуримтлуулаад түүгээрээ орон сууцжуулалт, эрүүл мэнд, сургууль боловсрол, хүний хувийн хуримтлалыг дэмжих ёстой. Нөгөө талаар Тогтворжилтийн санд хөрөнгө хуримтлуулж энэ сангаар дамжуулж төсвийн хуримтлалын санг бий болгох ёстой. Хямралын цаг ирэхэд түүгээрээ төсвөө тэтгэдэг байх ёстой.  Гуравдахь үндсэн чиглэл нь хөрөнгө оруулалтыг дэмжих асуудал байгаа. Үүнийг Хөгжлин банкаар дамжуулж хийх хэрэгтэй. Энэ тогтолцоо руу шилжиж чадвал бид шинэ түвшинд гарна. Нөгөө мэдэгдэхүйц өөрчлөлт чинь энэ үед л гарна. Харин зүгээр тараагаад байх юм бол өсөхгүй л дээ.

-Монгол орны хөгжлийн нэн чухал салбар болсон эрдэс баялаг, эрчим хүчний тулгамдсан асуудлаар ард олны сонирхож буй олон асуултад хариулж, тайлбар өгсөн Та бүхэнд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

- Олон нийтэд бүрэн, зөв мэдээлэл өгөх боломж олгож, санаачилга гаргасан “Өнөөдөр”-ийнхэнд баярлалаа. Танай хамт олонд сайн сайхныг ерөөе.

Тэмдэглэсэн
Б.Энхцэцэг,  Д.Мөнхчимэг, Б.Цэцэгсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих