Хүний амийг 35 мянган төгрөгөөр “хөнөөж” байна
Энэ ертөнцөд хүн болж бүрэлдэх нь зүүний үзүүр дээр арвай тогтохын адил ховорхон хувь тавилан гэж эртний нэгэн сударт өгүүлсэн байдаг. Тиймээс ч үртэй болох хувь тохиож буйг хүндэтгэн үзэж, дээдэлдэг нь хүний ёсон. Гэтэл сүүлийн жилүүдэд ховорхон заяах энэхүү хувь тавиланг хурууны үзүүрээр устгах болсон. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд үр хөндөлтийн асуудал дэндүү их байгаа нь хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа юм. Хорвоод хүн болж мэндлэхээр тэмүүлэх бяцхан үрсээ “Чи ирэх болоогүй” хэмээн хөнөөх хүйтэн сэтгэлтнүүд олширсоор байгаа нь эмгэнэлтэй. Манай улсад 1992 оноос хойш үр хөндөлтийг хүссэн хүн бүхэн хийлгэх эрхийг нээлттэй болгосноор энэ төрлийн бизнес арилжаа наймаа мэт цэцэглэснийг Улаанбаатар хотын өнцөг булан бүрт тавхан алхмын зайтай байрлах эмэгтэйчүүдийн эмнэлгүүд гэрчилнэ.
Жилд дунджаар төчнөөн үр хөндөлт хийгддэг гэсэн тоо баримт байхгүй. Учир нь, дийлэнх үр хөндөлт хөшигний ард буюу хууль бусаар хийгддэг. Нийслэлийн хэмжээнд нэг, хоёр, гуравдугаар төрөх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон хувийн 20-иод эмнэлэг энэхүү мэс ажилбарыг хийх эрхтэй байдаг аж. Гэтэл түүнээс гадна эмэгтэйчүүдийн эмнэлэг нэрээр үйл ажиллагаа явуулж, ил далдаар үр хөндөлт хийж байгаа газруудыг тоолоод баршгүй.
Бид нэг эмнэлэгт өдөрт хэдэн хүн үр хөндүүлдэг, мөн үр хөндүүлэх гол шалтгаан нь юу болохыг сурвалжлахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон юм.
Биднийг тус төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн хаалгаар ороход төрөх дөхсөн бололтой бүсгүйчүүд нааш цааш холхилдож байлаа. Би ч анх удаа энд ирж байгаа болохоор жижүүрийн ширээний дэргэд очоод “Эгчээ, үр хөндөлт хаана хийдэг юм бол оо. Үнэ нь хэд вэ” гэж асуухад тэрбээр “Хоёр давхрын 209 тоотод хийж байгаа. Үнэ нь сараасаа хамаараад 25-35 мянган төгрөгийн хооронд байгаа” гэсэн юм. Хоёр давхар руу гарахад “209- Ажилбарын хэсэг” гэсэн хаяг шууд л нүдэнд туслаа.
Хаалганы хажууд 20-иод хүн дугаарлан зогссон харагдав. Хоёр нь гэр бүлийн хүмүүс бололтой их л дотночлон ярилцана. Удалгүй 20 гаран насны эмэгтэй “Эход харуул гэнэ ээ” хэмээн гарч ирэхэд үүдэнд зогсож байсан хижээл насны эмэгтэй яаран зөрж оров. Энэ хооронд би хажууд зогсож байсан 20 орчим насны хоёр охинтой танилцаж хэдэн үг солилоо. Тэдний нэг нь 23 настай Н, харин нөгөөх нь 19 настай Г аж.
-Хүүхдээ авахуулах гэж байгаа юм уу. Их өвддөг байх даа?
- Н: Тийм ээ, эм уухаар гайгүй ээ. Би өмнө нь ууж байсан. Юм үлдчихгүй бол зүгээр.
- Г: Эм уусан нь дээр юм болов уу, соруулах нь дээр болов уу, айгаад байх юм аа. Та бас авахуулах гэж байгаа юм уу?
-Хараахан шийдээгүй ээ, эргэлзээд л явж байна. Та хоёр жирэмслээд хэдэн сар болж байгаа вэ?
- Н: Нэг сар зургаан хоногтой. Би бол бүр шийдчихсэн. Уг нь өглөө 08.00 цагт ирсэн. Хүн их байна аа. Бараг цаг гаруй зогслоо.
- Г: Сар арай хүрээгүй. Тестээр хоёр удаа үзээд итгээгүй. Тэгээд сургуулийнхаа хажуугийн эмнэлэгт үзүүлсэн чинь хоёр долоо хоногтой гэсэн.
-Сар хүрээгүй бол авдаггүй юм биш үү?
- Г: Сайн мэдэхгүй байна. Эмчээс нь асууж байгаад л болно доо.
- Н: Сар хүрээгүй бол хэдэн хоногийн дараа ир гээд явуулчихдаг юм байна лээ.
-Нөхөр чинь хамт ирсэн юм уу?
- Н: Үгүй ээ, манай нөхөр мэдээгүй. Би жирэмсэн болсон юм шиг байна гэсэн чинь баярлаад л байсан. Тэр ямар өөрөө төрүүлэх биш, би л зовно шүү дээ. Одоо авахуулчхаад “Болоогүй байсан байна аа” гээд л хэлчихнэ дээ.
-Та хоёр бүр шийдчихсэн юм уу. Би бол айгаад байна аа. Гаргаж болохгүй шалтгаан байгаа юм уу?
- Н: Хүүхэд маань одоо дөнгөж нэг ой хүрэх гэж байгаа. Уг нь хүүгээ дүүтэй болгомоор л байна. Даанч би гуравдугаар курст байхдаа жирэмсэн болоод сургуулиасаа гарчихсан. Ирэх жилээс дахиад сурах бодолтой байгаа.
- Г: Би одоо хоёрдугаар курс болохоор гаргах ямар ч боломжгүй ээ. Өнөөдөр хичээлээ тасалчихсан. Уг нь сүүлийн цагууддаа сууж амжих байх гэж бодсон чинь их хүнтэй байна.
- Н: Юу вэ, чи хүүхдээ авахуулчхаад шууд харихгүй бол болохгүй шүү дээ. Юуны чинь хичээлд суух вэ, болохгүй шүү. Гам барихгүй бол үргүй болдог гэсэн.
Биднийг ийн ярьж зогстол хэд хэдэн эмэгтэй мэс ажилбарт ороод тэдний орох ээлж дөхсөн байв. Гарч ирсэн хүмүүсийн ихэнх нь эход харуул, мазокийн шинжилгээ өг гэсэн бичигтэй байх аж. Тэд “Заавал энд эход үзүүлэх юм уу? Өөр газар үзүүлээд ирсэн шүү дээ” хэмээн ам уралдан ярьцгааж байлаа. Тун удалгүй Н гарч ирлээ. “Заавал эход үзүүл гэнээ. Өчигдөр шал дэмий үзүүллээ. Хайран мөнгө одоо дахиад 10 мянгаар эход харуулах юм байх даа” гэж үглэсээр доошоо буусан юм.
Түүнийг эргэж ирэхийг хүлээх зуур дугаарлах хүмүүс улам нэмэгдсээр байсан нь үйлчлүүлэгч тасардаггүйг харуулах аж. Энэ эмнэлэгт хоёр төрлийн аргаар үр хөндөлт хийдэг гэнэ. Нэг нь гар соруурын арга, нөгөө нь эмийн арга. Эмийн аргаар жирэмсний есөн долоо хоног дотор үр хөндөлт хийдэг. Харин гар соруурын аргаар 1-3 сарын дотор үр хөндүүлэх боломжтой байдаг талаар эмэгтэйчүүд ярилцаж, бас самбар дээр дэлгэрэнгүй бичсэн харагдав. Энэ эмнэлгээр ирж байгаа хүмүүсийн ихэнх нь аль аргаар үр хөндүүлэхээ мэдэхгүй, бие биенээсээ асууж ярилцана. Тэднийг ажиглаж хэсэг зогслоо. Төд удалгүй миний ээлж болоход хамт зогсож байсан охин “Гялс ороод үзүүлчих ээ, гайгүй гэсэн битгий ай. Нэгэнт ирчихсэн юм чинь орчихгүй юу. Есөн сар зовж байснаас л дээр” гээд намайг түлхээд оруулчих нь тэр. Өрөөнд ороод юу ярихаа мэдэхгүй сандраад зогсож байтал эмч “Эход үзүүлсэн үү. Хэдэн сартай вэ” хэмээн асуулаа. Би ч сандраад мэдэхгүй ээ үзүүлээгүй гэхэд эмч “Эхлээд эход үзүүлчихээд ир. Тэгж байж үр хөндөлт хийх эсэхээ шийднэ” гээд бичиг хийж өгөөд “Дараагийнх нь ороорой” хэмээн орилсон юм.
Надтай зөрөн, түлхэж оруулсан 25 орчим насны эмэгтэй хаалга татан орлоо. Тэрбээр анх удаа жирэмсэлсэн ч найз залуу нь хүүхдээ төрүүлэхийг хүсээгүй учир үр хөндүүлэхээр явж байгаа гэсэн юм.
Тус эмнэлэгт байх хугацаанд бараг 30 гаруй эмэгтэй тус эмнэлгийг зорьж ирсэн юм. Үүнээс зарим нь сар хүрээгүй гэх шалтгаанаар буцаж, үлдсэн нь эмийн болон гар соруурын аргын аль нэгийг нь сонгож үлдсэн нь гар соруурын аргыг сонгосон үр хөндүүлсэн юм. Өөрөөр хэлбэл намайг тус эмнэлэгт байх хэдхэн цагийн хугацаанд нийт 22 хүүхдийн амийг ээжийнх нь хүсэлтээр тасаллаа. Ямар аймшигтай тоо вэ? Үр хөндүүлсэн эмэгтэйчүүд ээлж дараалан гарч ирэхэд сэтгэл шимширч суусныг нуух юун. Зарим нь бүр хэвлийдээ бойжиж байсан бяцхан үрийнхээ амийг таслуулчхаад тоосон ч шинжгүй “Баярлалаа эмч ээ” гээд инээгээд гарч ирж байгааг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй.
Эмэгтэйчүүдийг анх өрөөрүү ороход нь ажилбарын хэсгийн зөвлөх эмч нь тодорхой хэмжээнд зөвлөгөө өгч, авахуулахгүй байх талаар ярилцаж байсан ч энэ нь зөвхөн нэр төдий зүйл мэт санагдсан. Учир нь үүдэнд нь олон хүн дугаарлан зогсож байгаа учраас бодлоо өөрчилтөл ятгах, хор хөнөөлийг нь бүрэн гүйцэт ойлгуулах боломжгүй байсан юм.
Уг нь тус эмнэлэгт үр хөндүүлэхээр ирсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг. Үр хөндүүлэх нь ямар ямар хор уршиг дагуулдаг вэ гэдгийг ойлгуулах үүрэгтэй нэг хүн байдаг бол шийдвэрээ өөрчлөх бүсгүй цөөнгүй байгаа гэдэг нь ажиглагдсан. Ялангуяа 20 орчим насны охид анхны үрээ хэвлийдээ тээсэндээ эргэлзэн хэнд хандах, яах ёстойгоо мэдэхгүй айснаасаа болоод шууд үр хөндүүлэх аргыг сонгодгийг бидний үеийнхэн сайн мэднэ. Арга ч үгүй биз дээ. Өөрсдөө хүүхдээрээ шахуу байгаа болохоор амьдралын гэрэл гэгээ, баяр баясал болсон хүүхэд гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг ойлгоогүй яваа. Тиймээс тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, ядаж л үр хөндүүлэх нь өөрийнх нь ирээдүйд ямар хор уршигтайг ойлгуулаад хэлчих хүн байдаг бол нэг ч гэсэн хүүхэд энэ хорвоод эсэн мэнд төрөх боломж байна шүү дээ.
Ер нь манай улсад үр хөндөлтийн талаар төрийн бодлого бараг байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Зөвхөн энэ эмнэлэг ч биш бусад үр хөндөлт хийж буй эмнэлгүүд нэг хүүхдийн амийг ердөө 25-100 мянган төгрөгөөр үнэлж “хороож” байна. Төлбөр хэтэрхий хямд байдаг нь үр хөндөлт ихэссэний бас нэгэн шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй юм. “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Энэ төрлийн хэрэг тус эмнэлэгт өдөр бүр, цаг минут тутамд гарч байгаа нь харамсалтай.
Хүүхэд төрүүлэх эсэх нь тухайн хүний эрх ч нөгөө талдаа энэ хорвоогийн нарыг харах өдрөө хүлээн буй бяцхан үрсийн амийг хөнөөж буй гэмт хэрэг биш гэж үү. Яагаад та анхны үрээ үгүй хийж байгаа юм бэ. Яагаад та ээж болж болохгүй гэж. Амийг таслах тэр л агшинд таны хүүхэд яаж тарчилдаг бол…. Бодохоос ч аймшигтай.
Нийслэлд энэ мэтчилэн олон эмнэлэг өглөөний ургах нартай уралдан үүдээ нээж аймшигт ажилбараа хийсээр байна. Хүссэн бүсгүй бүхэнд энэ ажилбарыг хийсээр байх уу. Үүнд л асуудал байна. Хамгийн эмзэглэмээр зүйл нь үр хөндөлтийг хийлгэж буй бүсгүйчүүд нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй насныхан байх юм. Тэд ийм арга зам сонгосноороо насан туршдаа үргүй болох магадлалтай. Тиймээс тэдэнд, бидэнд мэдээ мэдээлэл, чин сэтгэлийн зөвлөгөө өгөх эмч хэрэгтэй байгааг дуулгамаар байна. Адаглаад амь насаараа дэнчин тавин байж үр хөндүүлэхгүй жирэмслэлтээс хамгаалах олон арга буйг өсвөр насныханд хэлж өгөх хүн байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч олуулаа болцгооё хэмээн уриалж буй нь сайшаалтай. Үндэсний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг үр хүүхэд гэдгийг залуус маань ухаараасай. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод дэлбээлдэг гэдэг дээ. Монголын маань үрс маш олон болтугай.
”Бид энэ сурвалжлагаараа Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг муулах санаа зорилго агуулаагүй гэдгийг уншигч та ухаарна биз. Хуулийн дагуу, хүний хүсэлтээр л ажлаа хийж буй гэдэгтэй маргах хүн байхгүй. Бид энэ асуудлыг цуврал сурвалжлагаар хөндөхийг хүссэн учраас эхний ээлжид хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг улсын эмнэлгийг зорьсон нь энэ юм. Харин дараагийн удаад бид хувийн эмнэлгүүдийн хууль бус үр хөндөлтийн талаар сурвалжлах болно.”
Т.Болормаа
Эх сурвалж: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хүүхдээ хараад гэртээ суухад эхний хэдэн сар л 40,000т тэтгэмжтэй ,Цаашид яахуу,ямарч орлогогүй ээж ажилдаа орохийг л бодно,Цэцэрлэг ч олдохгүй!!!!!!!! Эх хүүхдийг улсаас харж тэтгэмжийг нь нэммээр юм,Өрх гэртээ байтугай улс орондоо баялаг бүтээж байхад харж үзэх л хэрэгтэй