Монгол инженерүүдийн ур, ухаанаар бүтсэн “Ухаа худаг” цахилгаан станц нээлтээ хийлээ

Гантай нутагт хур орох мэт  цөөнгүй хүмүүсийн хүлээлт, эргэлзээг тайлсан нэгэн сайхан үйл явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Энэ нь Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа худагийн нүүрсний уурхайг дагасан их бүтээн байгуулалтын ажлын үндэс суурь болох учиртай “Ухаа худаг” цахилгаан станцын нээлтийн ёслолын ажиллагаа юм.

Нээлтийн  ёслолын үеэр үг хэлсэн олон хүний ярианд : “Монголчууд бид чадна, Монголын мэргэжилтнүүд  ямар ч бүтээн байгуулалтын том төслийг бие даан гүйцэтгэх чадвартай болжээ. Манай залуучууд аливаа зүйлийг маш хурдан сурч, хэрэгжүүлж чаддаг нь нотлогдож байна.  Эрчим хүчний салбарын шинэ  мэргэжилтнүүдийн үе ирж байна, тэд өөрсдийн гэсэн ажлын арга барил, дэг сургуулийг буй болгох эхлэлийг тавилаа” гэсэн  бахархал, омгорхол дүүрэн агуулга шингэсэн үгс олонтаа сонстож  байлаа.

Мэдээж энэ дүгнэлтийн хамгийн гол эздийн нэг бол төслийг удирдсан  “М-Си-Эс Интернэйшнл” компаний хамт олон юм.

“М-Си-Эс Интернэйшнл” компани нь байгуулагдсанаасаа хойш сүүлийн 20 шахам жилд гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, эрчим хүчний бүхий л чиглэлээр мэдлэг чадвар, арвин туршлага хуримтлуулан орчин үеийн төслийн удирдлага, инженерингийн арга барилыг үйл ажиллагаандаа үр дүнтэй нэвтрүүлсэн нь тус цахилгаан станцыг богино хугацаанд амжилттай барьж байгуулах үндэс суурь болсон билээ.

Манай улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шинээр цахилгаан станц баригдаагүй, урьд өмнө нь хэрэглэж байгаагүй шинэ технологийг нэвтрүүлсэн зэрэг хүндрэл бэрхшээл уг станцыг барих үед  тулгарч байсан ч   тус компаний  инженерүүд  цахилгаан станцын зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг 10 сарын хугацаанд, барилга угсралт, туршилт тохируулгыг 15 сарын хугацаанд буюу бүхэлд нь 25 сарын хугацаанд станцыг барьж ашиглалтанд оруулжээ.

Гэтэл  үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөлтэй улс орнуудад ижил төстэй цахилгаан станцыг 24-30 сарын хугацаанд барьдаг аж.
Зөвхөн үүнээс л Монгол инженерүүдийн ур чадвар олон улсын түвшинд  хэдийн хүрсэн болохыг төвөггүй харж болох юм.”Энержи Ресурс” ХХК-ийн захиалгаар “Ухаа худаг”-т барьсан цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл” ХХК ажилласан ч  төслийн нийт гүйцэтгэлд эрчим хүч, барилга угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилчид оролцсон байна.

“Ухаа худаг”-ийн  уурхай түүнийг дагасан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг харгалзан, эхний ээлжинд тус цахилгаан станцыг 18 мВт суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцоолж барьжээ.

Тус  цахилгаан станцад олон улсын эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа байгаль орчинд ээлтэй, шилдэг технологиуд болох:
•    Нүүрсийг бүрэн шатаах циклонтой, агаар орчинд азотын исэл үүсгэхгүй нам температурын буцламтгай үет шатаах зуух,
•    Хүхрийн исэл үүсгэхгүй байх нэмэлт хүхэргүйжүүлэх тоноглолууд,
•    Утааны хийтэй хаягдах дэгдэмхий үнсийг 99%-с дээш барих боломжтой цахилгаан шүүлтүүрүүд,
•    Ус хамгийн багаар хэрэглэх агаарын хаалттай хөргөлтийн систем
зэргийг ашиглахаар тоноглосон нь цаашдаа баригдах эрчим хүчний томоохон чадлын эх үүсвэрүүдийн хувьд жишиг, шинэ загвар болно гэж төслийн удирдагчид үзэж буй аж.
“Ухаа худаг”  цахилгаан станцад агаарын хөргөлттэй систем суурилуулсан нь одоогоор манай орны бусад станцуудад ашиглагдаж байгаа усны хэрэглээнээс даруй 4-5 дахин бага ус хэрэглэх юм.

Мөн баяжуулах үйлдвэрээс ялгагдсан хямд бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг ашиглаж байгаа нь үр ашгийг нэмэгдүүлж байна.

“Ухаа худаг”  уурхайн хэмжээнд цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр 230 гаруй шинэ ажлын байр бий болсоноос 30 орчим хувийг орон нутгийн иргэд, 10 хувийг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг бусад орон нутгаас ирсэн ажиллагсад эзэлж байна.

Ажиллагсадын ихэнх нь шинэ залуу сургууль төгсөгчид байгаа ба өнгөрсөн жил гаруй хугацаанд мэргэжилтэнүүдээ тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэн, ижил төсөөтэй дотоод, гадаадын станцуудад дадлагажуулж, мэргэшүүлжээ.

“Ухаа худаг”  уурхайг түшиглэн цахилгаан станц барьснаар Цогтцэций сум болон ойролцоох бүс нутагт найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж улмаар жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний газрууд шинээр баригдах, хүн амын төвлөрөл нэмэгдэж сум орон нутгийн хөгжил хурдсан, томоохон хот сүндэрлэх эхлэл тавигдаж буй юм.

Цаашдаа тус станц төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ холбогдож, ирээдүйд баригдах томоохон чадлын цахилгаан станц болон нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн барилгын ажлыг эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх ажээ.

Нээлтийн ажиллагаанд

“М-Си-Эс” группын ТУЗ-ын дарга Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,  Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Р.Содхүү, Эрдэс баялаг, Эрчим Хүчний яамны Эрчим хүчний газрын дарга Т.Цэвээнпүрэв, “Гацуурт” компаний ерөнхий захирал н.Чинбат тэргүүтэй  нийгэм, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэд, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Ёслолын ажиллагааг нээж үг хэлэх үеэрээ “М-Си-Эс” группын ТУЗ-ын дарга Ж.Оджаргал “Ухаа худаг” цахилгаан станцын онцлогыг маш товчхоноор өгүүлбэл :
“1-т Монголчууд зураг төслийг нь гаргахаас эхлээд угсрах хүртлэхи бүхий л үйл явцыг бие даан гүйцэтгэсэн
2-т Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан анхны цахилгаан станц
3-т  Говийн нөхцөлд тохирсон, усны хэрэглээ 4-5 дахин бага зарцуулагддаг
4-т Маш богино хугацаанд чанартай барьсан явдал юм” хэмээн онцлон дурьдсан юм.

Ийнхүү Өмнийн говьд сүндэрлэн боссон “Ухаа худаг” цахилгаан станц зөвхөн орон нутагт эрчим хүч үүсгээд зогсохгүй, хийж бүтээхийн хүсэл дүүрэн хүн бүрийн сэтгэлд “халуун гал” асаалаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих