Д.Чулуунцэцэг: Живхний буруу хэрэглээ, өтгөн хаталт гээд олон зүйл бөөрний өвчлөлд нөлөөлдөг
Эрс тэс уур амьсгалтай манай улсын иргэд өдгөө бөөр, давсагны өвчлөлөөр нэлээдгүй өвддөг болжээ. Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм.
Хүний биеийн нийт жингийн 70 хувь нь ус байдаг. Бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй юм.
Мөн цусан дахь хорт бодисыг шүүж биеэс зайлуулан бусад эд эрхтэнүүдийг хордохоос хамгаалдаг гол эрхтэн аж.
Бөөрний архаг үрэвсэл нь хүн амын дунд их тархсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс өвчилдөг. Харин сүүлийн бөөрний өвчлөл залуужиж ихсэх хандлагатай байна.
Бөөрний өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УКТЭ-ийн Гемодиализийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Чулуунцэцэгтэй ярилцлаа.
-Манай улсын хүн амын дунд бөөрний өвчлөл хэр хэмжээнд байна вэ?
-Бөөр, шээсний замын эмгэг манай улсад төдийгүй дэлхийн хэмжээний хурц асуудлын нэг болоод байна л даа. Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр сүүлийн таван жил бөөр шээсний замын эмгэг эхний гуравдугаар байрт ороод байгаа юм. Эмч мэргэжилтэн бидний судалгаагаар эмчлүүлж байгаа хүмүүсийн байдал, зөвлөгөө авч байгаа байдлаас харахад өвчлөл нэмэгдэх төдийгүй залуужиж байна. Хүндрэл их гарч байна.
-Бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, ажил амьдралаа зөв зохицуулах, зун амарч байгаа үедээ агаар салхинд явах, цагаан идээ илүү хэрэглэх, хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас байгальтайгаа байнга харьцах хэрэгтэй
Амьдралын зөв дадал зуршил, өөрийгөө өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь их чухал байна.
Өвдсөн хойно нь би яах вэ гээд гүйгээд байдаг буруу дадлаасаа бид салах ёстой. Өвдөхөөс нь өмнө, би харьцангуй гайгүй гэж бодож байгаа үедээ ялангуяа 35-аас дээш насанд жилдээ нэг удаа эмнэлэгт үзүүлэх зөвлөмжийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгчихсөн байгаа шүү дээ. Тийм учраас 35-аас дээш насандаа жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн үзлэгт орж, асуудал гарвал тэр дор нь эмчийнхээ зөвлөгөөг дагаж эмчлэх шаардлагатай.
-Ямар нэгэн байдлаар өвчилсөн бол ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой вэ?
-Элэг, бөөр хоёрыг “дуугүй эрхтэн” гэж манай эмч нар ярьдаг. Бөөрний өвчин зарим үед ууц нуруугаар хөшихөөс өөрөөр шинж тэмдэг илэрдэггүй гэсэн үг. Ялангуяа залуу хүмүүс тоохгүй яваад л хүндрүүлээд байдаг л даа. Тийм учраас хэрвээ ямар нэгэн байдлаар таны бөөр эмгэгтэй гэвэл хамгийн түрүүнд эмчдээ хандаад 5-6 шинжилгээ хийлгэх ёстой байдаг юм.
Түүнийг хийлгээд дэглэм, гамаа барьж, эмчилгээгээ тууштай хийлгэх нь чухал. Зөвхөн эм уугаад тариа тариулаад байх нь гол биш. Улирлын чанартай урьдчилан сэргийлэх эмчилгээ, жилийн урьдчилан сэргийлэх эмчилгээ, мөн эмийн эмчилгээ, ургамал эмчилгээ, байгалийн рашаан, шавар, элсэн эмчилгээ гэсэн цогц таван эмчилгээг схемийн дагуу зөв хийлгэвэл таны бөөр эрүүл байж, та урт насалж болно гэдгийг л бодох ёстой.
-Бөөрний архаг өвчин ба насжилт гэж юу вэ. Бөөрний архаг өвчин насжилттай яаж холбогддог юм бэ?
-Жишээ нь, эмэгтэй хүн бөөр, шээсний замын эмгэгээр өвчлөх гурван эрсдэлтэй үе байдаг л даа. 0-5 настай хүүхэд насандаа, эр нөхөрт гарах үедээ болон түүний дараа анхны жирэмслэлт буюу жирэмслэх гэсэн энэ гурван үед бодисын солилцоо, физиологийн өөрчлөлттэй холбоотойгоор бөөр, шээсний замын эмгэгээр өвдөх эрсдэл өндөр байдаг. Ийм үед миний бөөр өвдөж болох нь гэдгийг мэдээд урьдчилан сэргийлж, эмчдээ үзүүлээд болгоомжилдог л байх хэрэгтэй л дээ.
Эрэгтэй хүн бол 18-40 насны үед өвчлөх өндөр магадлалтай. Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл гэдэг өвчнөөр ихэвчлэн залуу насны хүмүүс өвчлөөд байдаг юм. Монголд энэ өвчин их элбэг л дээ. Энэ өвчин манай Монголд бөөрний архаг дутагдалд хүргэж байгаа шалтгааны нэгдүгээр байрт ордог. Ахимаг насны хүмүүст буюу 60-аас дээш насанд түрүү булчирхайн хоргүй хавдар буюу шээс хаагдах хэмжээнд хүрдэг. Түрүү булчирхай нь томорлоо, хагалгаанд орно, гуурс тавиуллаа гээд л ярьдаг шүү дээ.
-Насны онцлогоос шалтгаалсан хүмүүсийн тэр бүр мэддэггүй өөр ямар өөрчлөлт байж болох вэ?
-45-аас дээш насанд хүний бөөрний үйл ажиллагаа нэг хувиар буурч байдаг. Насжилт бөөр гэдэг асуудал яригдаж байна шүү дээ. Үүнийг мөн мэдэж байх нь зүйтэй л дээ. Түүнчлэн эрүүл хүн хоногт 4-5 удаа 2,5-3 литр шээдэг. Үүнээс олон шээх юм уу, цөөн шээх нь асуудалтай байгаагийн илрэл.
Түүнчлэн бөөрний эмгэгтэй хүмүүсийг эмчлэхдээ эмчилгээний 50 хувь нь дэглэм буюу гам байдаг. Бөөрний өвчтэй хүмүүс дулаан байранд байнга тайван хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй. Дээшээ харж сайхан тайван хэвтэхээр бөөр өөрөө хэвийн байдалдаа ороод бөөрний цусан хангамж сайжирна гэсэн үг. Тайван байлгах нь гам дэглэм юм. Тэгээд 50 хувь нь эм тариа шүү дээ.
-Бөөрний өвчлөлийн гол шалтгаан юу вэ?
-Хүн хорвоод мэндлэхдээ төрөлхийн гажиггүй л бол эрүүл төрж байгаа шүү дээ. Гэвч нэг л мэдэхэд бөөрний архаг өвчтэй болчихсон байдаг. Ингэхгүйн тулд хүүхдэдээ багад нь памперсийг зөв хэрэглэхээс эхлэх ёстой.
Мөн өтгөн хаталт, цагаан хорхой зэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг маш сайн санаж, хэвшүүлэх хэрэгтэй.
Түүнчлэн хүүхэд насандаа хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Монголчууд хоолойн өвчинд дэндүү дасчихсан. “Архаг ангинтай” гээд тоодоггүй. Энгийнээр тайлбарлахад аманд байдаг бактерийг шүүж байдаг гүйлсэн булчирхай ачааллаа дийлэхээ болиод, өөрөө өвчилчихсөн гэсэн үг.
Яах вэ, эхний ганц, хоёр удаа бол эмчлээд дарчихдаг. Гэхдээ цаагуураа бол архагшаад, байнгын бактерийн голомттой болчихдог. Тэрхүү бактер нь цусаар нэвчиж, хамгийн ихээр гэмтээж болох эрхтнүүдэд очно гэсэн үг.
-Хүн хэдий хоёр бөөртэй ч 40 гаруй төрлийн өвчлөл байдаг гэсэн. Монголд яг аль төрлийн өвчин давамгайлж байна вэ?
-Монгол Улсын 3 сая иргэний дунд бөөрний яг ямар өвчин их байна вэ гэсэн албан ёсны судалгаа бол байхгүй.
Манай Нэгдүгээр эмнэлэг бөөрний өвчнөөр бие даан ажиллаж байна.
Бөөрний чулуу, бөөрний хавдар, шээсний замын эмгэгүүд хүүхэд насанд нь үүсч байна, бөөрний түүдгэнцэр буюу хоёр бөөрийг гэмтээдэг өвчин гээд тоочвол бүгд байна. Сүүлийн үед бөөр, шээсний замын халдвар нэмэгдсэн.
Энэ нь хүн биеийн дархлаа муудсанаас үүсэлтэй. Бөөр, шээсний замын ариун цэвэр муу байна. Мөн эр, эмийн ёсны зөв харилцаагүйгээс халдвар авдаг. Эцэст нь хэлэхэд архаг өвчнийг хүн өөрөө өөртөө л бий болгоод байна.
-Зарим хүн бөөрний дутагдалд орчихсон ч эдгэдэг гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь эдгэхгүй гэж ярьдаг шүү дээ?
-Аливаа өвчин архаг, цочмог гэж байдаг. Цочмог өвчнийг зөв тактиктай эмчлээд, хувь хүн эмчийн зааврын дагуу дэглэм бариад явбал бүрэн эдгэнэ. Жишээлбэл, ямар нэгэн байдлаар гэмтээд их хэмжээний цус алдахад хүн бөөр гэж хэзээ ч боддоггүй. Зөвхөн цусаа тогтоохыг л хичээдэг. Гэтэл маргааш нь ч юм уу шээс нь гарахаа больчихдог. Энэ нь цус эргэлдэж, хортой бодис гадагшлуулах үүрэгтэй бөөр маань ажиллахаа больчихсон байгаа хэрэг юм.
Цочмог дутагдалд орж байна гэсэн үг. Үүнийг аппаратанд хэд ороод нөхөн төлжүүлээд ирэхээр бөөрний ажиллагаа хэвийн болоод эдгээж болдог.
Харин дээр дурьдсан өвчний суурь хүний биед 10-15 жил болсны дараа архаг дутагдал илэрдэг. Архаг дутагдал нь дөрвөн үе шаттай. Эхний гурван шатанд эмийн эмчилгээ хийлгээд явж болдог. Харин эцсийн шатанд очоод бөөрний аппаратад орсон бол эдгэхгүй.
Нэг бол аппаратаараа эсвэл хэн нэгнээс бөөр шилжүүлэн суулгаж амьдарна гэсэн үг. Энэ бол хэтэрхий хатуу үг боловч үнэн юм шүү. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс хийж байх ёстой.
- Бөөр өвчлөх үед шээсэнд ямар өөрчлөлт ордог вэ?
Шээсээр уургийн эцсийн задрал болох мочевин, креатинин зэрэг хортой нэгдлүүд ялгардаг. Бөөр нь цусыг шүүж цэвэршүүлдэг бөгөөд биен дэх ус давсны харьцааг зохицуулдаг.
Эрүүл хүн хоногт 5-6 удаа 1.5-1.8 литр шээс ялгаруулдаг. Биед ус илүүдэлтэй үед /цусны сийвэнтэй харьцуулахад/ осмос идэвхит бодис багатай шээс гарна. Харин ус дутсан үед өтгөн шээс ялгарна. Эрүүл хүний шээс сүрлэн шар өнгөтэй. Шээсний замын халдвар, чулуу, циститийн үед махны шүүс шиг улаан өнгөтэй болдог. Цус, булчингийн задралын үед шээс хар хүрэн өнгөтэй болдог.
Жирийн тохиолдолд хоол хүнснээс шалтгаалж өнгө нь өөрчлөгдөх нь бий. Эрүүл хүний шээс халуун байх үедээ тунгалаг, бага зэрэг хөөстэй байснаа амархан арилж, давс бага зэрэг тунадасжиснаас булингартай болно. Уураг ихтэй шээс их хөөсөрч, хөөс нь удаан арилна. Биеийн хүчний хүнд ажил, сэтгэл хөөрлийн улмаас маш бага уураг шээсээр ялгарч болох боловч байнга илэрвэл эмгэг байна гэсэн үг.
-Бөөр унжиж өвдлөө гэж их ярьдаг. Хүүхнүүд турах сонирхол ихтэй. Энэ тохиолдолд бөөр унжих өвчин тохиолдож магадгүй нь ээ?
-Өөхөнд боогдсон байдаг бөөр тэр өөхөн эдээсээ хөндийрч доош унжихыг бөөр унжих гэж хэлдэг. Өндөр тарган байсан хүн жаахан тураад ирэхээрээ бөөр нь унжих тохиолдол байдаг. Тэгэхээр арай хийж турж байгаа хүнийг бөөр чинь унжина, буцаад таргал гэлтэй биш. Бөөрний хамгаалалтын бүс зүүх зэргээр доргилтоос хамгаалах хэрэгтэй. Турж байгаа хүмүүс хэвлий, аарцгийн булчинг чангаруулах дасгал сайн хийх хэрэгтэй. Энэ нь бөөр унжихаас сэргийлдэг. Эрүүл хүн их алхаж явснаас бөөр өвдөнө гэж байхгүй. Харин хүүхнүүд, ялангуяа туранхай өндөр хүүхнүүд өндөр өсгийтэй гутал их удаан өмснөөс бөөр нь доргих хандлага байдаг.
- Бөөрний бүс хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Манай орны нөхцөлд өвөлдөө дулаахан тарваган болон тэмээний ноосон бэлхэнцэг хэрэглэж байхад зүгээр. Харин соронзтой бүс тийм таатай эд биш. Их хөлөргөдөг учраас хөлрөөд ирэхээрээ тайлаад шидчихдэг. Тэгээд хөлстэй байхдаа салхи авдаг. Үүнээс болоод нуруу нь өвддөг. Охидууд хүйтэнд шилэн трикотой гүйгээд байдаг. Даарснаас болж давсагны үрэвсэл /цистит /тусдаг. Давсагнаасаа дамжаад бөөр өвчилж эхэлнэ гэсэн үг.
-Бөөр өвдөж байгаа хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой вэ?
- Хүн хоол ундаа зохицуулж идэх юм бол барагтай өвчин тусахгүй. Тэгэхээр болж өгвөл эрүүл хүнс хэрэглэх нь зүйтэй. Бөөр муутай хүмүүс давс ихтэй, консеровлосон хүнснээс татгалзах нь зүйтэй. Бөөр, давсагны үрэвсэл нь стресс эсэргүүцэх хоолны дэглэм баримталж, өвчнийг эсэргүүцэхийн тулд шим тэжээлтэй хоолыг шаарддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: