Увидастан бээр хүн төрөлхтөний баялаг
Гэсэр багштан Цэвээнраашийн Чүлтэмжамцын мэндэлсний 200 жилийн ойд /1816-2016/
Эх дэлхийн нэгээхэн хэсэг Монгол орны XX зууны эхэн үеийн нэрээр Сайн ноён Хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу хэмээн нэрлэгдэн тэрүүхэн хавьдаа бусад хошуудаас харьцангуй өвөрмөц байгаль газар зүйн содон орчинтойн дээр ном эрдмийн оргил руу мацсан номч мэргэдээрээ ялгарч байсан тэр нутгаас гаралтай ид шидийн гэмээр хүч чадалтай увидастан нэгний тухай товчхон өгүүлсү.
Хосгүй ийм увидаст хүмүүс монголчуудын дунд байсны нэгээхэн тод бөгөөд бодит жишээ нь эдүгээгээс 200 орчим жилийн өмнө амьдарч асан Гэсэр багштан хэмээх Цэвээнраашийн Чүлтэмжамц болой Эцэг, эхийн хайрласан нэр нь Чүлтэмжамц бээр түүний багштаны хайрласан сахиусын нэр нь Жамбачүлтэмбалсамбуу хэмээж байсны хамт алтан ургийн язгуур угсаа, эрдэм номын чадлаараа Тойн Эрдэнэ хэмээн хүндлэгдэн нэрлэгдэх болжээ.
Монголын бурханы шашны ноён оргилууд болох Өндөр гэгээн Занабазар, Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй ламын гэгээн Н.Лувсанданзанжанцан нартай энэ зэрэгцэх дөрөв дэх том хүн нь байсны учир нийт Монгол даяараа “Өвгөн Гэсэр ламтан” хэмээн дээдлэгдэн нэрлэгдэх болсон юм. Иймийн учир чинагш “Өвгөн Гэсэр ламтан”-ыг олон зуунаар хүмүүсийн оюун ухаанд шингэсэн хүндлэлд нийцүүлэн “Гэсэр багштан” хэмээн хүндлэн дээдлэж хэрэглэж заншвал зохино.
Гэс эр багштан “Лхантав” номыг үзэж, онцгой чадвартай эмч төдийгүй эрдэмтэн хүн байсны тод жишээ нь эдүгээ гадаад, дотоодын эрдэмтэд нэрийг нь мэдэхгүй хэдий ч түүний бүтээл болох “Тажод” судар, номыг Хятадад хэд хэдэн удаа олон хувиар хэвлэж байсан хэдий ч, Энэтхэг зэрэг Азийн орнуудад Түвд эхээрээ олдохгүй нэн ховор хэрэгцээт номын тоонд хэдийнэ оржээ.
Гэсэр багштан Зая бандидын хийдэд Чойрын ном дүүргэсний хамт уг хүрээнээ Монгол анагаахуйн ухааны өвөрмөц дэг жаяг бүхий сургуулийг цогцлоох эх үндсийг тавьсан суутан билээ.
“Монгол уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх суут бүтээлийн төгсгөлийн үгэнд: “Эмийн судрыг Равжамба эрхэт өгүүлэгч, аграмба, цорж Санжайжав нь хоёр эрднийн харамж сэлт, хүсэж айлдсаны албан төлөөсөнд хөгшин гэлэн Лүнрэг Дандсф өөрийн сүсгийг басхүү хавсарган чухалчлан найруулсан нь зүг, цаг бүгдэд асар ялах болтугай” гэж бичжээ.
Мөн “Гэсэр багштан” “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн тайлбар “Тажод” номоо анхлан бичиж, шавь аграмба, цорж. Р.Санжайжав, дүү, мааранба Лүнрэг Дандар нар үргэлжлүүлэн хийжээ. Энэ номыг нууц тарнийн өндөр мэдлэгтэй, цорж, аграмба хүнээс доош түвшинд бичигдэх боломж байхгүй гэдгийг уг зохиолыг судалсан эрдэмтэн мэргэд онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Энэхүү жишээ нь Аграмба Р.Санжайжавын анагаах ухааны эрдэм номд нэвтэрхий байсныг тод харуулна.
Ид шидийн гэхүйц онцгой оюун ухааны хүч тэнхээ, өөрийгөө золиослон байж өрөөлийн зовлон гачигдалыг гэтэлгэн түмэн олондоо тус хүргэж явсан түмэн буянт үйлсээрээ нутаг олноо төдийгүй Монгол орноо танигдаж, амьд сэрүүндээ тийнхүү тодорч нэр цууд гарсан ид увидастан бол Гэсэр багштан Цэвээнраашийн Чүлтэмжамц бөлгөө.
Хүмүүний ертөнцөд төдийлөн олон хүн үйлдэж чадахгүй өөрийгөө лагшин шүтээн төрх байдалд шилжүүлэхийн хамт увидасаа үргэжлүүлэн мөнхөд мэт хадгалж буй тэрхүү эгэлгүй ер бусын чадвар нь түүний увидасын нэг хэсэг мөн болохыг онцгойлон санаж байгууштай. Үүний бодит илрэл нь тийнхүү лагшин төрх байдалд шилжснээс хойш эдүгээг хүртэл байгалийн ган бэрхшээлээс нутаг орноо хамгаалан хүн зоны оюун санааг ариуслаар тэтгэн буй явдал юм.
“Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Тойн эрдэнэ, Гэсэр багштан Цэвээнраашийн Чүлтэмжамц одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Халзанбүргэдэй Хайрханы зүүн суга Алтат толгой хэмээх газарт 1816 онд төрж 78 наслаад 1894онд тийнхүү лагшин төлөв байдалд өөрийгөө шилжүүлэн оршоосон ажээ.
“Өвгөн гэсэр лам” 1830-аад оны үест Тариатын хүрээний жижигхэн банди байх цагаасаа л нутгийн олныг олон олон сонин үйлдлээрээ гайхшруулж, эгэлгүй нэгэн болохоо ахин дахин нотолж байжээ. “Хүн болох нь багаасаа танигдаж, хүлэг болох нь унаганаасаа мэдэгддэг” жамыг эртээс ойлгож, анзаарч ирсэн нутгийн олон түмэн түүнээс ихийг хүсэх, хүлээх болжээ.
Ц.Чүлтэмжамц хүүч ном, эрдэмдээ тун махруу, өдөр шөнөгүй уншиж, давтаж, заагаагүйгч гэсэн зааснаас илүү сурчихдаг, хийдийн томчуудын сэтгэлийг өег болгодог залуу байсан ажгуу. Хэтэрхий махруун,содон хөдөлмөрч байдалд нь атаархаж шоглох гэсэн банди нарыг хүртэл ид увидасаараа хөнгөхөөн хашрааж орхидог байсан хүүхдийн гэмээр төрх нь ч түүний эгэлгүй увидастан байсны энгийн нэгэн жишээ юм.
Хэлсэн нь заавал биелдэг, зорьсондоо бусдаас түрүүлж хүрдэг, бусдыг айх, гайхах, бишрэхэд хүргэсэн сонин хачин зүйл тоглоом, шоглоомоор шахуу сэддэг, мэргэн түргэн нь илтэд мэдрэгддэг түүнийг багш нар нь хүртэл ахлах, захлахуас эмээж зайлсхийдэг байсан гэдэг. Цааш цаашдаа тэрээр “Гэсэр лам” хэмээгдэн бүгдэд хүндлэгдэх болж хошуу тамгын газар нь түүнд зориулж Тариатын хүрээнд номын сүм байгуулж өгчээ.
Гэсэр ламтан Зая бандидын хийдэд Чойрын ном дүүргэсний хамт уг хүрээнээ Монгол анагаахуйн ухааны өвөрмөц дэг жаяг бүхий сургуулийг цогцлоох эх үндсийг тавьсан суутан билээ. Гэсэр ламын шавь нар дундаас Энэтхэг, Хятад, Төвдийн анагаах ухааны онол, аргыг Монгол орны хүн, амьтан, ургамлын аймаггай холбон судлаж шинэ шинэ арга, ховор эм нээж, ховсдохуйн ухааны анагаах гайхамшгийг үзүүлсэн номч мэргэн оточ, маарамба нар олноороо төрөн гарчээ. Гэсэр ламын шавь аграмба Санжайжав, маарамба Лүнрэг Дандар нар тэдгээрийн дотор илүү их хүлээн зөвшөөрөгдсөн нэр цуутай эрдэмтэд байв.
Өвгөн Гэсэр ламаар эмчлүүлж аюулт өвчнөөс салж илааршсан хүмүүс түүний чадал эрдэм, ач буяныг үеэс үедээ дамжуулан дурссаар өнөөдрийг хүргэжээ. Гэсэр ламтан насан өндөр болсон хойноо шавь нартаа хэлэхдээ: Би хүмүүн төрлийг олж төрөөд мэдээ орсон цагаасаа эхлэж өдии бөгтөр өвгөн болох хүртлээ сурч болох бүхнийг сурахыг хичээж сурсан бүхнээ хэрэглэхийг оролдож, өвчин бүхний шалтгаан, нөхцөл, явц, төгсгөлийг гартаа бүрэн авч энгийн болгохыг хүсэж ирэв. Ганц биеэр нэгэн насыг элээх хугацаа тийм богино биш ч, бас урт ч биш юмаа….
Эргэж нягтлах, лавлуулж судлах, туршиж үзэх, огт өөр талаас нь барьж авах, тохиолдол бүртэй халз тулж нэгийгээ үзмээр мөн ч олон зүйл үлдээд байна…” хэмээж байжээ.Гэсэр багштан наян насыг зооглох тэр үедээ өөрөө лагшин төлөвт морилохын янагш шавь нартаа захиас юугаа буулгасан байна. Түүндээ “Миний лагшинг товлосон хугацаа өнгөрсний сүүлээр шалгах юмыг нь шалгаж, хэрэглэх зүйлүүдийг нь хэрэглээд эцэст нь Хөх нуурын эхний гурван оньсны дунд талын сэтэрхий онь дээр чулуугаар бунхалж байрлуулаарай. Тэнд би муу бүхний гүйдлийг хаагаад хэдэн үеэр сууж байх болно.
Тэгвэл Монгол зон олонд маань аюултөвчин, элдэв тахал, зовлон гамшиг тохиохгүй амар амгалан аж төрөх юм.” хэмээн гэрээслэжээ. Шавь нар нь хэлсэн бүхнийг нь ёсоор болгожээ. Тийнхүү Гэсэр багштаны таалсан увидасын эрдэнэсийн нууцыг сахин хамгаална хэмээн товлон болгоосон өлгий нутаг нь Архангай аймгийн Цахир сумын нутагдахь Содномдаржаа Хайрхан юм.
Ийнхүү Гэсэр багштан өөрийн шавь аграмба Равсалын Санжайжавын хамт лагшин төлөв байдадд өнө мөнхийн оршихуй эхэлжээ. Энэ цаг мөчөөс эхлэн хүн төрөлхтний түүхэн*дэх өөрөө лаг- шин төлөвт шилжсэн тэгснээр увидасын хүч нь хадгалагдан буйг харуулсан агуу их гайхамшиг эхэлсэн учиртай.
Хүмүүний бие төрөх бие барахын учир жанцан бүхий байгалийн хуулийн зүй тогтлыг гажин сөрөхийн хамт цаг хугацаа, нар сар, халуун хүйтэн, салхи жавар, хорхой шавьжаас эхлэн аливаа амьтны ямар ч сөрөг нөлөөг үл хэрэгсэж, ган зуд, гал түймэр зэргийн гай түйтгэрээс өөрийгөө лагшин төлөв байдалд анх шилжсэн тэрхүү байдлаа хадгалж чадаж буй Гэсэр багштан, аграмба Р. Санжайжав нарын хоёр лагшин төлөв байдлыг нутгийн байгаль орчинтой ч холбоотой төдийгүй тухайн хүмүүсийн Монгол угсаа гарлынх нь генетик чадавхтай ч уялдаатай хамаатуулан эгэл бус хүмүүний тэр онцгой увидасаар тайлбарлах учиртай.
Гэсэр багштаны ижилгүй их ид увидасаар өорийн биеэ лагшин төлөвт морилон мөнхөлсөн гэж үзэх аваас өдий хэр мэдэгдээд буй дөрвөн ийм тохиолдлын анхдагч нь Гэсэр багштан, удаах нь Санжайжав аграмба, гутгаар нь Итгэлт хамба болох ажээ.
Энэ гурвын хооронд багш шавийн холбоо, хүсэл, зорилгын төсөө, эрдэм чадлын адил зэрэг, зиндаа, үлгэр, нөлөөлөл ч байж болохын хамт тэдний Монгол хэмээх угсаа нь тийнхүү лагшин төлөвт морилох увидасыг заяасан учиг нь байж болох юм. Цааш цаашдаа бүх зүйл тодорхой болох биз дээ…
Ийнхүү өөрөө лагшин төлөв байдалд морилсон тэрхүү гайхамшиг Монголын төдийгүй хүмүүн төрөлхтний хосгүй баялаг юм. Хойш хойшдоо өөр, ер бусын оршихуй ч мөн гарч ирэх бололцоотой.
Судлаач, профессор Д.Чулуунжав
URL: