Хамтын тэтгэврийн тухай хуулийг нийгмийн халамжтай хольж ойлгож болохгүй

 

С.Эрдэнэ: Хамтын тэтгэврийн тухай хуулийг нийгмийн халамжтай хольж ойлгож болохгүй

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Бид” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт уригдан оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Таныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ гэхээс гадна “Нийгмийн даатгалын Эрдэнэ” гэж тодорхойлдог. Та хэзээнээс энэ салбарт овоглогдох болтолоо мэргэшиж байгаа вэ? Үүнээс яриагаа эхлэе

-Би нийгмийн даатгалын салбар, нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагаатай холбогдоод үндсэндээ 10 гаруй жил болж байна. 2004 онд анх Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар томилогдсон. Түүнээс хойш 12 дахь жилдээ энэ салбартай холбогдон ажиллаж байна даа.

-Өмнө нь эрх барьж байсан улс төрийн нам нийгмийн халамжийн хувь хэмжээг өсгөх тухай л ярьж ирсэн болохоос системийн том өөрчлөлт хийж байгаагүй байх. Та саяхан Тэтгэврийн өв залгамжлал буюу хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилж, батлууллаа?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг нийгмийн халамжтай хольж ойлгож болохгүй л дээ. Энэ бол нийгмийн халамж биш, ерөөсөө л ахмад настны нийгмийн хамгааллын гол бодлого болж байгаа эрх зүйн акт. Үүнийг манайхан нийгмийн халамж, тэтгэмжтэй хольж хутгаж ойлгоод байгаа юм. Энэ хуулийн гол үзэл санаа нь тухайн ахмад настан маань өөрөө болон тухайн ахмадын ажиллаж байсан аж ахуйн нэгж нь тухайн хүнд ноогдох шимтгэл хувийг төлөх замаар насан туршдаа хуримтлал бий болгож байгаа. Нэг үгээр хэлбэл ирээдүйд учрах аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор бий болгож байгаа тэтгэвэрийн хуримтлалын сан. Ахмадууд маань тэтгэвэрийн хуримтлалын сангаа насан туршдаа бий болгочихоод түүнийхээ үр шимийг үзэлгүй бурханы оронд яваад өгч байгаа тохиолдол цөөнгүй бий. Бусад улс оронд бол энэ нь өвлөгддөг, тодорхой хувиар гэр бүлд нь очдог гэх мэт янз бүрийн хувилбар байдаг. Манайд болохоор тухайн даатгуулагч нас барахад түүний бий болгосон хуримтлал дундын санд үлдчихэж байгаа юм. Намайг нийгмийн даатгалын даргаар ажиллаж байхад маш олон иргэд, залуучууд, ахмадууд янз бүрийн хүмүүс ирж уулздаг байлаа. Тэдний гаргадаг гол санал, гомдол нь аав, ээж маань насаараа хуримтлал бий болгочихоод насны эцэст үүнийхээ үр шимийг үзэлгүй бурхан болж байна. Яагаад үр хүүхэд, гэр бүлд нь өвлөгддөг байж болдоггүй юм бэ, гэр бүлийн хүний маань тэтгэвэрийн хуримтлал түүнийг нас барснаар дундын санд үлдэн өөр бусад хүмүүсийн хэрэглээ болоод байгаа нь шударга бус байна гэж ярьдаг байсан. Үүнтэй холбогдуулаад л хамтын тэтгэвэрийн тухай хуулийг санаачилсан. Шулуухан хэлэхэд хэн нэгэн хүний төлсөн мөнгийг хэн нэгэн хүн авч хэрэглэх гээд байгаа ч юм уу эсвэл улсаас тодорхой төсөв мөнгө зориудаар гаргаад халамж юм уу, тэтгэвэр болгож өгч байгаа мөнгө бол биш ээ. Энэ чинь хүн өөрөө бий болгочихсон хуримтлалын сан байхгүй юу.

-Ер нь олон улсад хамтын тэтгэвэрийн тухай хуулийг тэтгэвэрийн өв залгамжлал гэж томьёолдог л доо. Энэ хууль гарсанаар нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын салбарт системийн томоохон өөрчлөлт, ахиц гарлаа гэж зарим хүмүүс дүгнэж байгаа байх. Та 2-3 жилийн өмнө л энэ хуулийн төслийн талаар ярьж явсан. Сөрөг хүчний зүгээс завсарлага авах, хуулийн төслийг буцаах байдлаар удлаа шүү дээ. Яагаад ингэж удаж батлагдав?

-Хамтын тэтгэврийн хуулийн анхны санаа 2004 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт анх сууж байсан. Гэвч тухайн үедээ ажил хэрэг болоогүй л дээ. 2008 онд мөн адил яригдаад л өнгөрсөн. 2012 онд энэ хуулийн төслийг анх өөрийнхөө  ажилласан хугацааныхаа туршлага дээр тулгуурлаж боловсруулалт хийсэн. Тэгээд 2012 оны намар өргөн бариад хуулийн бүрдүүлэлт дутуу гэдэг шалтгаанаар хоёр удаа буцаад 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын зарим гишүүдтэй хамтарч энэ хуулийн төслийг өргөн барьсан. 2014 оны нэгдүгээр сараас хойш үндсэндээ хоёр жил гаруйн хугацаанд янз бүрийн шалтгаанаар хойшилсон. Ер нь Их хурлын даргын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлын дараалалд орох болохоор л сөрөг хүчин болох Ардын нам янз бүрийн шалтаг, шалтгаан хэлж байгаад хойшлуулдаг, эсвэл завсарлага авдаг гээд янз бүрийн хүчин зүйлээс болоод хойшилсоор байгаад саяхан л батлагдлаа.

-Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа маань 2017 он гэж байгаа бил үү?

-2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

-Сөрөг хүчний зүгээс буцаагаагүй байсан бол он гараад хэрэгжих боломжтой байсан юм болов уу гэж харж байна л даа?

-2014 оны нэгдүгээр сард өргөн бариад бүтэн нэг жилийн хугацаанд хангалттай хэлэлцээд батлах хугацаа байсан. Хугацаа алдалгүй баталсан бол магадгүй 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс уг хууль хэрэгжээд эхлэх боломжтой байсан. Бүр их удаан хэлэлцлээ гэхэд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих боломжтой байсан л даа. Харамсалтай нь 2016 оны төсөв батлагдсаны дараа энэ хууль УИХ-аар орж батлагдсан.

-Хамтын тэтгэврийн гол нөхцөл, шаардлага нь юу вэ?

-Энэ хуулийн гол зорилго тухайн хүний хуримтлалын санд бий болгосон мөнгөн хуримтлалыг тухайн хүний гэр бүлийн хүнд өвлүүлэх эхний алхам буюу амьдрах хугацаандаа хань ижлийнхээ авч байсан тэтгэвэрийг давхар авах харилцааг зохицуулахаас гадна ер нь гэр бүлийн бат бэх байдлыг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Албан ёсоор гэр бүлээ батлуулсаны дараа 15-аас доошгүй жил амьдарсан байх ёстой. Нийгмийн даатгалын хуулийн дагуу 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн байх ёстой. Мөн хөөн хэлэлцэх хугацааг уян хатан байлгах зорилгоор Засгийн газар тогтоох боломжтой гэж зааж өгсөн.

-Нас барсан хүний тэтгэврийн хэдэн хувийг гэр бүлийнхэн нь өвлөж үлдэнэ гэж заасан байгаа вэ?

-Энэ нь тухайн улс орны эдийн засгийн чадавхи, боломжоос хамаарч байгаа л даа. Манайд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тухайн хүний авч байсан тэтгэврийн 70, 80, 90 хувийг олгох нь хүндрэлтэй л дээ. Тэгэхээр тус хуульд доод хэмжээг нь заагаад өгчихье, тэрнээс дээш хэдэн хувиар тогтоох нь тухайн засгийн газар нь шийдээд яваг гэж тогтсон. Уян хатан байх зарчимаар 20 хувиас доошгүй байна гэж зааж өгсөн. Ямар ч тохиололд, эдийн засаг хүнд байсан ч бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн. Энэ бол одоогийн дундаж тэтгэвэр 350-450 мянга байгаа гэж бодоход 400 мянган төгрөгийн 20 хувь гээд сардаа 80 мянган төгрөг, жилдээ бол 1 сая гаран төгрөгийг хань ижлийнхээ авч байсан тэтгэврийн хувийг хүртэх тухай асуудал. Энэ бол бага биш дэмжлэг. Хэрвээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал 40, 50, 60 хувь гээд авах хэмжээ нэмэгдээд л байна.

-Хамтын тэтгэврийн хууль батлагдсан талаар судалгаа хийсэн. Иргэд маш зөв хууль гарлаа гэж дүгнэж байна. Гэхдээ иргэд тодруулах шаардлагатай хоёр гол асуудал байна.

  1. Тэтгэвэрт гаргахаасаа өмнө нас барсан бол гэр бүлийнх нь хүн авч болох эсэх
  2. Тэтгэврээ авч байгаад хоёулаа ойролцоо хугацаанд нас барсан тохиолдолд хүүхдүүдэд нь тэтгэвэр нь өв залгамжлагдах уу?

-Энэ хоёр зохицуулалт хоёулаа хуульд зохицуулагдаагүй. Эхнийх нь бол бүрэн тэтгэврийн эрх үүсээгүй тохиолдолд хамтын тэтгэврийн эрх үүсэхгүй. Угаасаа 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн байх ёстой. 20 жил шимтгэл төлнө гэдэг маань тэтгэврийн эрх үүснэ гэсэн үг. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа нас барсан тохиолдолд уг тэтгэвэр шууд хаагдаж байгаа. Тухайлбал хоёр ахмадын хэн нэг нь бурхан болсон байлаа гэхэд үлдсэн ахмад маань өөрийнхөө амьдрах хугацаанд хань ижилийнхээ авч байсан тэтгэврийн тодорхой хувийг тухайн үеийн засгийн газрын тогтоосон хувь хэмжээгээр давхар аваад явах харилцааг зохицуулж байгаа.

-Сүүлийн үед өрнөж байгаа асуудлаар Таны байр суурийг сонсмоор байна. ҮХЦ Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн зарим зүйл заалт нь үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээс шалтгаалан Арилжааны банкууд барьцаа авч олгодог байсан зээлүүдээ зогсоогоод байна. Одоо УИХ-аар дахин орон сууцны зээлийг баталтал найман хувийн зээл олгохгүй болоод байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-ҮХЦ аливаа шийдвэр гаргахдаа улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг харж, улс үндэсний язгуур эрх ашгийг тооцож байх ёстой. Юм болгоныг бид шийдэх эрхтэй гэдгээр барьж аваад шийдээд яваад байх нь улс эх орны язгуур эрх ашигт нийцэх үү гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Цэцийн гаргасан энэ шийдвэрийг нь үндсэн хуулийн зөрчил гэж би хувьдаа харахгүй байгаа юм. Энэ бол органик хуулиудаар зохицуулаад явах боломжтой асуудал байсныг ҮХЦ шүүрч аван болчимгүй шийдвэр гаргаж байгаад харамсаж байгаа. 20-30 мянган айлын орон сууцны асуудлыг 60-70 жил ноцолдож байж шийдвэрлэж байсан бол ипотекийн зээлээр 3-4 хэн жилийн дотор 75-80 мянган айлын орон сууцыг шийдэж чадлаа. Энэ бол нэгдүгээрт зөв бодлого, нүдээ олсон шийдвэр гарсных. Хоёрдугаарт эдийн засгийн зөв хувилбар хэрэглэж байсны л үр дүн. Гэтэл энийг барьж аваад хэн нэгэн хөндлөнгийн сөрөг хүчин эсвэл хэн нэгэн иргэний гомдлоор барьж аваад тас цохиод зогсоочихно гэдэг бол ард нь эдийн засгийн ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг тооцох ёстой. Тэгэхгүй бидэнд эрх нь байна гэдэг хийрхэлээр асуудлыг шийдэж байгаа нь өөрөө зохисгүй л зүйл дээ.

-Үүнийг асуусан шалтгаан нь Хамтын тэтгэврийн хуулийг бас л Үндсэн хууль зөрчсөн байна гээд хэн нэгэн нь гомдол гаргасан байгаа юм биш биз дээ? 

-Миний хувьд бол хэлэх үг байхгүй. Хэрвээ үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн байна гээд л шийдээд байвал би ямар тайлбар тавих вэ дээ. Үндсэн хуулийн манаач нь үндсэн хуулийг сахиж хэрэгжүүлж байгаа байгууллага нь хэрвээ тийм шийдвэр гаргаад байвал. Ер нь өнөөдөр улс оронд засаглалын хэлбэр нь ямар хэлбэртэй яваад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй болчихоод байна. Монгол улс ямар засаглалтай улс орон юм бэ, үндсэн хуулийн засаглалтай юм уу, үндсэн хуулийн цэцийн засаглалтай юм уу эсвэл ерөнхийлөгчийнх юм уу парламентын засаглалтай юм уу гэдэг нь ойлгомжгүй болоод байна л даа. Тэгэхээр үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж улс орны хууль эрх зүйн тогтолцоог зөв болгохгүй бол төрийн инстуциуд хоорондоо зөрчилдөөд бие биенийхээ гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод байгаагийн хохирлыг гэмгүй, амьдралаа залгуулаад явж байгаа жирийн иргэд л амсаад байна. Тэрнээс тэнд цаасан дээр гарын үсэг зурж байгаа дарга нар хохирно гэж байхгүй ш дээ.

-Сөрөг хүчиний зүгээс ардчилсан нам засаг барьж байгаа он жилүүдэд ийнхүү ойлгомжгүй зүйл болдог гэж 1996-2000 оны жишээг татаж  ярьдаг. Энэ бол тухайн намынх нь засаглах чадамжаас болж байна. Төрийн гурван өндөрлөг бүгд АН-ынх байж зөрчил гараад байгаа нь намтай нь холбоотой юм ч гэж яриад байдаг? 

-Нөхцөл байдлаа их зөв дүгнэе л дээ. Ардын нам бол сөрөг хүчин гэдэг байр сууринаас бүгдийг харлуулах гэж, бүгдийг үгүйсгэх гэж ярьж байна. 1996-2000 онд тухайн үеийн ардчилсан холбоо эвслийн засгийн газар яг дангаараа засаг барьж чадсан уу, хоёрдугаарт дангаараа шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэл байсан уу гэдгийг тунгаагаад үзье л дээ. Тухайн үед бүх шатны ирцийг 66,6 хувиар тооцдог байсан. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай байсан. Тухайн үеийн МАХН 25 суудалтай байсан. Нэг бие даагчтай байсан. Бие даагч О.Дашбалбар гишүүн аль талд орно тэр тал шийдвэр гаргах эрхээ авдаг байсан. Нэг үгээр хэлбэл 50+1 байж 66,6 хувьд хүрдэг байсан. Тэр нэг орж ирэхгүй бол тогтоол шийдвэр гарах эрх зүйн чадамж байхгүй тэгээд л сөрөг хүчин буюу 25 хүний тоглоомд ордог ийм л хуулийн тогтолцоотой байсан шүү дээ.

-Өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?

-1996-2000 онд дөрвөн засгийн газрыг татан унагасан. Энэ хэний гавьяа юм тухайн үеийн сөрөг хүчин гэгдэж байсан МАХН-ын гавьяа байсан ш дээ. Өнөөдөр дахиад энэ нөхцөл байдал давтагдсан. Өнөөдөр 39 гишүүн байж 51 хувь болж аливаа хурал, шийдвэр хүчин төгөлдөр байх нөхцөл хангагдана.

Гэтэл манай нам 35 суудалтай учир аль нэг намтай эвсэж байж олонхийн засгийн газар байгуулах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Гэтэл 35 хүнтэй ардчилсан нам дангаараа шийдвэр гаргаад бие даасан зорилго зорилтоо хэрэгжүүлээд явах нөхцөл хангагдаагүй. Нэг үгээр хэлбэл хоёр удаа ардчилсан намыг засаглалаа гэж ярьж байгаа боловч хоёуланд нь ардчилсан нам хэзээ ч олонхи болж байгаагүй.

Ийм нөхцөл байдалд улс төрийн тоглолтыг өнөөгийн МАН маш чадварлагаар зохион байгуулж ирсэн л дээ. Хамтын тэтгэвэрийн тухай хуулаир жишээ авахад хоёр жил гаран хугацаанд Ардын нам энэ хуулийг барьчихлаа. Тэгээд бүр хорлож байгаа юм шиг 2016 оны төсөв батлагдсаны дараа баталж байгаа юм.

Өнөөдөр гарч байгаа засаглалын аливаа хямрал, аливаа асуудлыг дандаа ардчилсан нам засаглаж чаддаггүй гэдэг үгээр нийгэмд хүргэхийг зорьж байна. Би тэгвэл ганц л үг хэлье Ардын нам засаглахгүйгээр амьдарч чадахгүй юм гэдгийг л шулуухан хэлчихье. Өнөөдөр сөрөг хүчин, эрх баригч аль нь ч бай улс орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлээр ажиллах ёстой. Гэтэл харамсалтай нь тэгж чадахгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих