Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай даашинзууд
1997 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “BRIT Awards” наадамд “Spice Girls” хамтлаг “Who do you think you are” дуугаа дуулах үед дуучин Жери Холлиуэлл төрийн далбааны өнгөтэй богино даашинзыг өмсч байв. Уг нь дуучин бүсгүй энэ тоглолт дээрээ Гуччи брэндийн богино загвартай хар даашинз өмсөх ёстой байсан ч, уйтгартай, энгийн санагдсан тул Британийн төрийн далбааны өнгөтэй алчуураар даашинз хийж өмссөн нь энэ байжээ. Харин эдүгээ энэ даашинз поп хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай даашинз болж чадсан байна. Үүгээр зогсохгүй жирийн алчуураар хийсэн даашинз дуудлага худалдаанд орж, санаанд оромгүй өндөр үнээр зарагдаж байсан юм.
2. Мэрилин Монрогийн цагаан даашинз
Энэ цагаан даашинзыг 1995 онд “20-р зуун Фокс” кино компанийн бүтээл Билли Вилдерийн найруулсан “Долоон жилийн хүсэл мөрөөдөл” кинонд өмсөж байжээ. Уильям Травилагийн бүтээсэн энэ даашинз тухайн киноны түүхийн нэрийн хуудас нь болж чадсан юм. Мэрлин метроны буудлын дэргэд зогсож байхад тунелээс салхи үлээж, даашинз дэрвэдэг нь киноны хамгийн алдартай хэсэг юм. Уг даашинз нь цагаан өнгийн гүн ухлаадастай, ардаа цахилгаантай, их бие хэсгээрээ бүслэгддэг бөгөөд хөхний даруулгагүй өмсөх зориулалттай аж. Хожим нэрт жүжигчнийг нас барсны дараа даашинз дуудлага худалдаагаар зарагдаж, 4.6 сая ам.долларын үнэ хүрч, бүх цаг үеийн хамгийн үнэтэй гоёлын нэ гболж чадсан юм.
3. Жүжигчин Элизабет Харлигийн сүлбээр зүүн даашинз
1994 онд “Four Weddings and a Funeral” киноны нээлтийн ёслолд жүжигчин Элизабет Харли хар өнгийн Версачегийн даашинз өмсч байжээ. Түүний даашинзанд хэд хэдэн том хэмжээтэй алтан сүлбээр зүү орсон байсан нь тухайн үедээ олны нүдийг ёстой л унагах шиг болж байсан гэдэг. Энэ даашинз Версаче брэндийн хамгийн алдартай, олонд танигдсан даашинз байсны зэрэгцээ бүх цаг үеийн хамгийн гайхалтай гоёлын нэг болж түүхэнд үлджээ.
4. Одри Хепбёрн “Тиффанид барьсан өглөөний зоог” кинонд өмссөн даашинз
Холливудын үзэсгэлэн гоо хэмээн өргөмжлөгддөг жүжигчин Одри Хепбёрны “Тиффанид барьсан өглөөний зоог” кинонд өмссөн хар даашинзыг Юберде Живанши бүтээж байжээ. Энэ даашинзыг 2006 ондСотбис дуудлага худалдаагаар оруулахад 467200 фунт стирленг буюу 923187 ам.долларын үнэд хүрч байсан гэдэг.
5. Бьоркийн хунгийн даашинз
Бүх цаг үеийн хамгийн алдартай даашинзны жагсаалтад дуучин Бьоркийн 2001 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болсон 73 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд өмссөн хунгийн даашинз багтжээ. Багт наадмыг санагдуулам содон хувцасласан Бьорк Оскарын түүхэн дэх хамгийн онцгой гоёлоор гангарсан уран бүтээлчээр тодорч байсан юм. MarjanPejoski –гийн урласан хунгийн даашинзыг өмссөн Бьорк улаан хивсэн дээгүүр алхахдаа өндөг унагаж байсангэдэг.
6. Женнифер Лопезийн Версаче брэндийн даашинз
2000 оныхоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан 42 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны улаан хивсний ёслолд зориулан дуучин Женнифер Лопез Версаче брэндийн ногоон өнгийн силкэн материалтай даашинзаар гоёж ирсэн билээ. Халуун оронд ургадаг хулс, навчны хээ бүхий энэхүү даашинз бэлхүүс хүртлээ задгай загвартай. Тиймээс дуучин бүсгүйн цээжин хэсэг тэр чигтээ ил гарсан байв. Магадгүй энэ даашинз Версаче брэндийн бүх цаг үеийн хамгийн алдартай хоёр дахь даашинз болов уу. Даашинз эдүгээ Лос-Анжелес хот дахь Грэммийн мюзейд тавигджээ.
7. Кэйт Миддлтоны хуримын даашинз
Кэйт Миддлтон хуримаараа ямар даашинзаар гангарах бол гэж ханхүүУильямтай гэрлэх ёслолын ажиллагаа болохоос өмнө л шуугицгааж байжээ. Харин хуримын өдөр хүртэл Кэйт ямар даашинз өмсөх нь нууц хэвээр байжээ. Улмаар хуримын өдөр болоход Кэйт “Alexander McQueen” загварын ордны загвар зохион бүтээгч Сара Бёртоны урласан, Ирландын уламжлалт хатгамлаар чимсэн гоёлын даашинзтай гарч ирсэн байна. Сарнай, хонгорзул, нарцисс, хошингор цэцэгс нь Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирландыг билэгдсэн байжээ. Кэмбрижийн гүнгийн ахайтны даашинз хүн бүрт таалагдаж байв.
8. Дианна гүнжийн хуримын даашинз
1981 онд Уэйлсийн ханхүү Чарлестай гэрлэх үедээ Дианна гүнжийн өмссөн хуримын даашинз бүх цаг үеийн хамгийн алдартай даашинзнуудын жагсаалтын наймдугаарт бичигджээ. Тэдний сүрдуулиант хуримнаас хойш Дианна гүнжийн энэ даашинз хуримын даашинзны чиг хандлагыг тодорхойлох болсон аж. Загвар зохион бүтээгч Дэвид болон Элизабет Эммануэль нарын урласан энэхүү даашинз найман метр урт хормойтой байжээ.
9. Рианнагийн нэвт гэрэлтдэг даашинз
Дуучин Рианна 2014 оны “CFDA Awards” наадамд хүрэлцэн ирэхдээ нэвт гэрэлтдэг сваровский шигтгээтэй даашинзаар гангарч, олны харцыг булааж байв. Хөлийн шагай хүртэл урт энэхүү даашинзыг өмсөхдөө дуучин бүсгүй хөхний даруулга зүүгээгүй байсан нь ч нэг хэсэгтээ шар хэвлэлийн бай болсон. 216 мянган ширхэг сваровски шигтгээгээр урласан цор ганц энэ даашинз дуучин бүсгүйн гоолиг биеийг тодотгон харуулж байсан юм.
10. Лэди Гага махан даашинз
Дуучин Лэди Гага өвөрмөц хувцаслалт, сонин содон имидж бүрдүүлэлтээрээ бусдаасаа ямагт ялгардаг. “Поп хөгжмийн хатан хаан” хэмээн хөгжмийн ертөнцөд үнэлэгддэг түүний 2010 оны “MTV видео, мюзикавардс”-т өмссөн махан даашинз, махан гутал, малгайг уншигч та санаж байгаа болов уу. Тухайн үедээ шуугиан тарьж байсан энэ даашинз дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай даашинзны жагсаалтад багтжээ. Франк Фернандез, Никола Формичетти нарын урласан энэхүү даашинзыг амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн ихээхэнэ сэргүүцэж байсан ч, “Time” сэтгүүл мөн оны онцлох загвараар тодруулж байсан юм. Хөгжмийн ертөнцөд цахиур хагалж байхдаа Лэди Гага өвөрмөц хувцаслалтаараа олныг гайхшруулдаг байсан бол эдүгээ нөхөрт гарч, эмэгтэйлэг имиджийг бүрдүүлэх болсон билээ. Гэхдээ түүний махан даашинз загварын ертөнцөд нэгэн онцгой өнгийг нэмсэн гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: