Солонгорсон мэдэгдлүүд ба ИПОТЕКИЙН ЗЭЭЛ
Арилжааны банкууд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн орон сууцны найман хувийн зээл гаргахаа зогсоох шийдвэрт хүрэв. Энэ мэдээлэл орон сууцтай болохыг мөрөөддөг олон мянган иргэнд жинтэй “цохилт” болж хүрлээ. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Иргэний хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, “Найман хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэд халдсан байна” гэсэн агуулгатай гомдол гаргасныг Цэц үндэслэлтэй гэж үзэв. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэг “Банкууд зээл олгох уу, үгүй юу гэдэг Үндсэн хуулийн Цэцийн асуудал биш. УИХ Үндсэн хуульдаа нийцүүлсэн шийдвэр гаргах ёстой. Найман хувийн зээл нь Засгийн газрын бодлого.
Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэг “Банкууд зээл олгох уу, үгүй юу гэдэг Үндсэн хуулийн Цэцийн асуудал биш. УИХ Үндсэн хуульдаа нийцүүлсэн шийдвэр гаргах ёстой. Найман хувийн зээл нь Засгийн газрын бодлого. Харин бид бол иргэдийн суурь эрхийг хамгаалсан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Тиймээс л хууль тогтоогчийн гаргасан алдаа завхралыг засч байгаа юм. Тодруулбал, тэдний гаргасан буруу заалтуудыг хүчингүй болгож байна. Гэтэл энэ шийдвэрээс шалтгаалж банкуудад ямар хохирол үүсээд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа алга” хэмээсэн.
Ингээд эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.НИЙГМИЙН ХҮСЭЛТ, ЗАХИАЛГА ГЭДЭГ ТОМ ЗҮЙЛИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: -Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Ингэснээр арилжааны банкууд зээлийн гэрээнд ашигладаг тус хуулийн зарим хэсгийг ашиглах боломжгүй болж байгаа. Тиймээс банкууд хувийн, ашгийн байгууллага гэдэг утгаараа зээлээ зогсоож байгаа байх. Хэдий тийм ч Цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжээд олон жил болж байна. Үүнээс илүүтэй иргэд, энэ нийгмийн хүсэлт, захиалга гэж нэг том зүйл байгааг мартаж болохгүй.
ДОТООД ЖУРМАА ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА БАНКУУДЫН ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙГАА Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: -Орон сууцны зээлд хамрагдагч нь орон сууцаа барьцаалаад зээл авна гэж байгаа. Энэ барьцааг чөлөөлөх, цаашаа худалдахтай холбоотой зүйл яригдаж байгаа юм. Урд нь банкны зөвшөөрөл шаарддаг байсан, гэтэл одоо банкны зөвшөөрөл шаардлагагүй болох нь. Энэ нь тухайн шаардлагыг хангаж, зээл авч байгаа хүнээс шаардлага хангаагүй зээлдэгч рүү шилжих эрсдэлтэй тулгарч байна. Тийм учраас банкны зээл эрсдэлтэй боллоо. Мөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан учраас түүнийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас өөрсдийнхөө зээлийн нөхцөл байдал, судлах шаардлагыг эргэж харах, шинэ нөхцөл байдалд зориулан өөрсдийнхөө дотоод журмыг өөрчлөх асуудал банкуудын өмнө тулгарч байгаа. Гэвч банкны салбарын хувьд урд нь үйлчилж байсан эрх зүйн орчноо эргэж сэргээх зорилт л тавьж байгаа юм.
ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ, ЭДИЙН ЗАСАГ БОДИТ ХӨРСӨНДӨӨ БУУЖ БАЙНА Эдийн засагч, олон улс судлаач Х.Батсуурь: -Угаас энэ зээл жам ёсоороо гарч ирээгүй. Бид сайн мэднэ шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас барилгын компаниудыг зах зээлийн зарчмаас өөрөөр мөнгөөр тэтгэж байсан. Тиймээс энэ зээл зогсох нь үндсэндээ тодорхой байсан. Тодруулбал, одоо компаниудын мөнгө нь дууссан. Мөн “Чингис”, “Самурай” бондын хөрөнгө ч дуусах үе нь эдийн засгийн хямралтай давхцаад ирлээ. Тиймээс ипотекийн зээлийн хөөс хагарч, манай улсын эдийн засаг бодит хөрсөндөө бууж байгаа л үйл явц. Үүнд гайхах хэрэггүй. Харин ч ипотек энэ янзаараа явсан бол арилжааны банкууд дампуурах байсан юм. Тиймээс л банкууд үүнийг олж харж, буруутан хайж эхэлсэн хэрэг. Мэдээж ипотекийг дэмжих эдийн засгийн боломж бидэнд байхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засаг муудахын хэрээр ипотекийн зээл авагчдын зээлээ төлөх чадвар буурна. Энэ мэт нөхцөл байдлаа тооцож үзээд, орон сууцны найман хувийн зээлээ зогсоохыг арилжааны банкуудаас гадна Засгийн газар ч хүсч байгаа.
Д.Булган
URL: