Хуралдаж ч чадахаа болилоо, хугацаанаасаа өмнө тарчихаач

УИХ-ын чуулганы хуралдаан зүгээр л хэдэн намын нэгнээ барьцаалсан “тоглоом” болж эхэллээ.  Энэ бол парламентын сонгууль дөхсөний хар гай. Нам, эвслүүд ард иргэдэд таалагдах арга хайж, үндсэн ажлаа ч хийхээ болилоо.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралдсангүй. Зүгээр завсарлага авч тоглосоор байгаад л дууслаа. Баасан гарагт ирц хүрээгүй гэх шалтгаанаар огт хуралдаагүй. Уг нь чуулган, хуваарийн дагуу хуралдсан бол  Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэх мэтээр олон чухал асуудлыг хэлэлцэж, шийдэх байлаа. Бас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч хэлэлцэх байсан.

Гэх мэтээр цохоод дурьдаад байвал ард түмэн, улс оронд хэрэгтэй олон асуудлыг хэлэлцэж, шийдэх ёстой байсан. Гэвч зүгээр л завсарлага авч тоглоод л өнгөрлөө.  Ерөөсөө л пүрэв гарагт чуулган эхлэхэд АН-аас овоо хэдэн гишүүн ирсэн. “Шударга ёс” эвслээс хоёр, ИЗНН-аас мөн тооны гишүүн ирсэн бол МАН-аас тус намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр л суусан. Чуулган эхлэхтэй зэрэгцээд “Шударга ёс” эвслээс Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай зэрэг хоёр асуудлаар завсарлага авсан.

Үүнээс хойш завсарлага авч “наадалцах” нь тэр. АН Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар завсарлага авсан.Ердөө л МАН-аас оруулж ирсэн хууль гэх шалтгаан ярьж, хэлэлцэхээс татгалзаж, завсарлага авсан. Хариуд нь МАН яаж зүгээр байх билээ, Сонгуулийн хууль хэлэлцэхгүй бол өөр юуг ч хэлэлцэхгүй гэж дайрч, завсарлагаар бөмбөгдөв.Ердөө л УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ганцаараа суучихаад, завсарлага авна гээд л суугаад байх нь тэр. “Танай нам энэ хуулийг хэлэлцэхгүй бол манайх ч эдгээр хууль, төслийг хэлэлцэхгүй” гэсэн барьцаатай л үзэж тарах нь тэр. Бүхэл бүтэн улсын асуудлыг хэлэлцэж байгаа УИХ-ын гишүүд, парламент ингэж чихрээ булаацалдсан хүүхдүүд шиг тэнэгтэж болох уу.

“Бид чинь дөрвөн жил ард түмэн та нарынхаа төлөө өмднийхөө өвдгийг цоортол мөлхөөд ч хамаагүй тэмцэнэ, ажиллана” гэж амлаж гарч ирсэн нөхдүүд өнөөдөр ядахын мууд хуралдаа ч суухгүй байна. Одоо бүр сүүлдээ АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга гэгдэх гурван хүн, УИХ-ын даргатайгаа хамт парламентын танхимд суучихаад, завсарлага авч тоглож ч магадгүй байна. Юуны чинь улсын асуудал шийдэх. Иргэдэд хэрэгтэй хууль тогтоомж батлах. Ингэж додомдож байхаар нэгмөсөн ирэх жилийн зургадугаар сар хүртэл завсарлага авчихсан нь дээр юм биш үү. Ер нь энэ парламентад асуудал хэлэлцээд, хууль батлах ганц хоёрхон сарын л хугацаа байна шүү дээ. Одоо удахгүй шинэ жил боллоо. Нийтээр амрах баярын өдрүүд хэд байгаа билээ. Ядаж байхад сонгууль дөхчихсөн байгаа.

Тэд шинэ жилийн өдрүүдээр хуралдаад сууж байна гэдэг ёстой үлгэр. Бүгд л нэг нэг телевизээр гараад, ард түмэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэнэ. Тойрогтой гишүүд нь хөдөө орон нутаг руу яваад, хэдэн хүүхдэд ундаа, чихэрхэн бэлэглээд, хамт зургаа авахуулаад л давхичихна биз. Тэгэхээр УИХ-ын чуулган хуралдаж, хууль тогтоомж хэлэлцэж, батална гэж хараад бүтэхгүй нь.  Ер нь бол ирэх нэгдүгээр сарын хэдэн өдрүүд байгаа.  Гэтэл Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад  багтаахгүй байна гэж МАН завсарлага аваад, ядаргаа болоод байгаа. 2012 оны өмнө Сонгуулийн тухай хуулийг МАН-ынхан өөрсдөө л баталсан. Тэд олонхи байсан. Гэтэл одоо өөрсдийнх нь баталсан хууль “хөлийг нь тушаад” байгаа бололтой юм. Тиймээс ямар ч байсан өөрчилж авахаар зүтгэж, бусад бүх асуудлыг гацааж байна.

Хэрвээ энэ сарын үлдсэн хэд хоногт Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, өөрчилж чадахгүй бол парламент хугацаанаасаа өмнө тарсан ч яах вэ дээ. Тэртэй тэргүй он гарчихаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, өөрчлөх боломж байхгүй болно. Тэгвэл ердөө л Сонгуулын тухай хуулийг өөрчлөхийн төлөө “нүдээ ухаж” өгөхөөс наахнуур тэмцэж байгаа МАН-ын хувьд өөр ажил хийх сонирхол байх уу. Ёстой лөөлөө байлгүй.  АН ч гэсэн асуудлыг гацааж, гүрийлгэсээр байгаад Сонгуулийн хуулийг хуучнаар нь авч үлдэх гэж зүтгээд байгаа бололтой юм. Хэрвээ ингэвэл ирэх оны зургадугаар сар хүртэл улс орны ажил урагш ахихгүй нь гэдгийг мэдэж л байгаа байх. Гэсэн ч тэд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт хэрэгтэй хуулийн төслийг хэлэлцэхгүй, жижиг шалтгаан хэлж завсарлага авч, гацааж байгаа нь улс орон урашлах эсэх нь хамаагүй гэж дайрч байгаатай ялгаа алга.

Ийм л байдалтай парламент, 76 гишүүн саарал ордонд сонгуулиар яаж ялах вэ гэж тархиа гашилгаж сууна.  Өнөөдөр бүрдэхгүй байгаа ирц маргааш бүрдэнэ гэдэг худлаа. Цагаан сар дөхөөд ирэхээр хөдөөнөөс сонгогдсон гишүүд тойргоо эргэх нэрийдлээр аймаг, сум руу том жийпнүүдээ унаад торгон дээлээ өмсөөд алга болчихно. Худлаа хэлсэн хүнд бүхий л айлаар орж, том том хөөрөг зөрүүлж, ард иргэддээ хайртай гэдгээ ил тодоор зарлана. Гурил, будаа тараана. Малчин айлд очоод малыг нь төллүүлж өгөх гээд хийх ажил мундахгүй их байгаа. Юун УИХ-ын чуулган, хууль тогтоомж хэлэлцэх, улс орны ажлыг урагшлуулах. Тийм ажил байдаг гэдгийг таг мартана. Түүний оронд яаж иргэдээс хэдэн “лайк” авах вэ гэдгээ л бодно шүү дээ.

Харин жагсаалтад багтах хэд нь /Сон­гуулийн хууль өөрлөгдөхгүй бол/ УИХ-ын чуулганы танхимд нөгөөдүүлийнхээ ажлыг хийж үлдэх байх. Өмнөөс нь кноп дарах гэх мэт. Тэгээд ч ирц нь хүрэхгүй л дээ, угаасаа. Тийм болохоор эрхэм гишүүд минь, энэ хэдхэн хоногт даруйхан хуралдаад, улс оронд, ард түмэнд хэрэгтэй хэдэн хуулиа батлаад өгчих. Аль намаас өргөн барьсан, хэн санаачилсан гэдэг нь юуны хамаа байна аа. Иргэдэд л хэрэгтэй бол хэлэлцээд, баталчих л хэрэгтэй шүү дээ. Энэ чинь л парламентын хийх ажил. Түүнээс биш өрөөндөө суучихаад, чуулганы хуралдаан үзээд, бүлгийн дэд дарга яаж завсарлага авахыг хараад, инээгээд сууж байх нь ёс зүйтэй асуудал лав биш.  Хэрвээ энэ сард болоод ирэх оны нэгдүгээр сард хуралдаж чадахгүй, дахиад завсарлага авна гэвэл зүгээр л тарчихсан нь дээр. Тэгээд сонгуулийнхаа хугацааг наашлуулчихгүй юу. Эсвэл зургаан сар Улсын их хуралгүй ч явсан яах вэ дээ. Тэртэй тэргүй нэмэртэй юм биш.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

URL:

Сэтгэгдэл бичих