УИХ-ыг тарааж, АИХ-ыг сонгон, Үндсэн хуулийг шинэчилж, ахиад эхэлье
Сүүлийн хэдэн өдрийн байдлыг харвал “олуулаа”-даа хэт эрдсэн АН өөрт нь л нийцтэй байвал бусад нь “чепуха” гэдэг болсон нь үнэхээр харагдаж байна.
Тэд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 23 намын 22 нь санал нэгдэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулья гэхэд албан тушаал болон “олуулаа”-гаа ашиглаад үйлдэл, эс үйлдлээрээ хориг тавьж байна.
УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа болон бусад намуудаас шаардлага тавихад биелүүлэхгүй байгаагаас үүнийг харж болно. Тиймээс УИХ-д суудалтай намууд тухайлбал МАН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид болон парламентын гаднах бүх нам, улстөрийн хүчнүүд хамтраад УИХ-ыг тарааж, бүхнийг шинээр эхлэх сонголт руу явахаас аргагүйд хүргэх нь.
Шинийг эхлэхийн учир юу гэхээр эдүгээ Монгол улсын бүх намууд, мөн улстөр сонирхдог, сонирхдоггүй жирийн иргэд ч эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх дээр санал нэг байгаа. Гэхдээ энэ удаа цаг хэтэрхий тулгамдуу байгаа болон оруулж ирсэн зүйл заалтуудтай санал нэгдэхгүй байгаа учир АН-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байна.
Энэ бол УИХ-ыг тарааж АИХ-ыг сонгох нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт, улстөрийн нам ямар байх ёстой юм, тэр шалгуур үзүүлэлтэд таарсан намууд хэн байх юм гэдгийг энэ цагийн олон нийтийн хүсэл шаардлагад нийцүүлэн хуульчлах шаардлага гарч ирээд байна. Энэ бол бас том шалгуур.
Гуравдугаарт, сүүлийн үед манай гол эрх баригч гэж яваа АН парламентад “хэт олуулаа” мэт бусдыг эс тоож, хамтрагчдаа хүртэл хулхидах болсон ба сүүлдээ өөрсдийн луйвар булхайг Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд чихэх хандлагатай болжээ.
Дөрөвдүгээрт улстөр, бизнесийн нам дамнасан бүлэглэлүүд Монгол улсыг эдийн засгийн хувьд туйлдуулж, өдөр ирэх бүр хөгжлөөс хойш татах болсон нь шинэ өөрчлөлт зайлшгүйг харуулж байна.
Тавдугаарт, Монгол улс ардчилсан улс гэдгийг харуулах Үндсэн хуулиа эхэндээ ёс төдий, сүүлд 1992 онд албан ёсоор баталахдаа тэдгээрийн нийт давтамж нь 25 орчим жил байсныг ч бодолцож үзэх ёстой.
Тиймээс энэ удаа АН-аас бусад намууд болон иргэд, сонгогчдын олонхийн хүсэл зорилгын төлөө УИХ-ыг тарааж, шинээр АИХ-ыг бүх ард түмнээсээ сонгож хуралдуулан Үндсэн хуулиа шинэчилж бүхнийг эхлүүлэх цаг болж.
Харин тэрхүү АИХ-д Монгол улсын хүн амыг тэгшитгэн тэгш хэмжээний сонгогчдоос хэн нэгнийг АИХ-д сонгуулах хэрэгтэй байна. Түүнээс биш эдүгээ Монгол улсын хүн амын 45 орчим хувь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотын 350 мянган хүнтэй дүүрэг 60-70 мянган хүнтэй аймаг хоёр адил хэмжээний статустайгаар парламентын гишүүн сонгодгийг бас болиулах хэрэгтэй байна.
Тиймээс УИХ дахь сөрөг хүчний нам болоод гишүүдээс энэхүү үүргийг өөрсөддөө хүлээ хэмээн хүсэх л үлдэж. Нийт Монголчуудаас шинэ түр АИХ-ыг сонгож, тэр нь Үндсэн хуулийг шинэчлээд татан буугдахаар хуульчилж, АИХ-ыг сонгох сонгуулийг ирэх зургаадугаар сард явуулахаар товлох шаардлага нэгэнт бий болсон нь харагдаж байна. Ингэж байж л Монгол улс шинэ бас хөгжиж байгаа улс орныхоо статусыг дахин олж авах нь ойлгомжтой болжээ.
О.Хуяг
Эх сурвалж: Gereg.mn
URL: