Д.Шүрэнчимэг: Шээсний хүчил ихэссэнээс хөл дээр яс ургадаг

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сургалт, арга зүйн эмч Д.Шүрэнчимэгтэй ярилцлаа.

12-10-7h_700x700-Сүүлийн үед хүмүүсийн хөл дээр яс ургах нь элбэг болжээ. Энэ нь юунаас болж үүсдэг талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ өвчнийг тулай өвчин гэдэг. Шээсний хүчлийн давс үенд хуримтлагддаг үений өвчин юм. Шээсний хүчил нь эсийн амьдралын үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн ба цусаар дамжин бөөрөөр шээстэй ялгардаг. Зарим тохиолдолд шээсний хүчлийн цусан дахь хэмжээ ихэсдэг. Хүчлийн илүүдэл хэмжээ үенд хуримтлагдан, талстжин, үрэвсэл ба хүчтэй өвдөлтийг үүсгэнэ. Амьтны уураг ба архины илүүдэл нь байнга бие махбодийн бодисын солилцоог алдагдуулж, шээсний хүчил үүсгэдэг. Тулай өвчнөөр 1000 хүний гурав нь өвчилдгөөс ихэнх нь эрчүүд байдаг. Мөн ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлний хурууны үеүдийг гэмтээдэг. Анхдагч тулайн 90 хувь нь хөлийн эрхий хурууны нэгдүгээр үеийг гэмтээдэг. Харин багана хурууг гэмтээх нь ховор.

-Тулай өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?

-Тулай өвчний хөдлөл нь архи, ялангуяа шар айраг уусан, хэт их идсэн суурин дээр үүсдэг. Өвчин гэнэт эхэлж, хүчтэй өвдөх, үеэр халуу оргих, улайж хавдах шинж илэрч шөнө илүү өвддөг. Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжилнэ. Бүх үенд үрэвсэл үүсч, цөөнгүй тохиолдолд бөөр ба шээс ялгаруулах системийг гэмтээнэ. Шээсний хүчлийн давс нь үе мөчний үений талбай, үений гэр, холбох эдэд ихээр хуримтлагдан талсжиж, бөөрөнхий зангилаанууд бий болж, үе мөчний хэлбэр дүрсийг алдагдуулдаг. Үүнийг үүсгэдэг хүчин зүйл нь артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, удамшлын урьдчилсан хүчин зүйлс, шээсний хүчил ихээр үүсгэдэг хоол, хүнс, мах махан бүтээгдэхүүн, архи, шар айраг, улаан дарс, хэт өтгөн цай, кофе юм.

-Энэ өвчнийг яаж оношилж, эмчилдэг юм бэ. Бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Бөөрний үйл ажиллагааны шин­жилгээнд шээсний хүчил ихсэх, үений шингэнд шээсний хүчлийн талст илэрдэг. Мөн рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд харагддаг. Ясны дүрс алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг. Харамсалтай нь тулай өвчнийг бүрэн эмчилж чадаагүй байна. Эмчилгээнд юуны өмнө хүнсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ эмчтэй зөвлөсний үндсэн дээр тун нарийн сонгох хэрэгтэй. Тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжлэх ба цаашид бөөрний чулуу, бөөрний дутагдал үүсгэх аюултай. Тиймээс үрэвслийн эсрэг бэлдмэлүүд ба шээсний хүчлийн талст үүсэхийг саатуулдаг бэлдмэлүүд орно. Түүнээс гадна эмч кортикостеороид даавар, шээсний хүчиллэгийг өөрчилдөг, бөөрөнд чулуу үүсэх магадлалыг бууруулдаг бэлдмэлүүдийг бичиж өгнө. Тулай өвчний эмчилгээний шинэ аргад цусыг аппаратын тусламжтайгаар цэвэрлэх юм.

-Үүнээс өөр эмчилгээний арга байдаг уу. Мөн энэ өвчнийг уламжлалтаар эмчилж болох уу?

-Эмчилгээний бүх арга нь биеийн жинг засах ба тулай өвчний хамсаатан болсон бүх солилцооны өвчин судасны хатуурал, чихрийн шижинг эмчлэхэд чиглэнэ. Мөн нөхөн сэргээх эмчилгээ нь биеийн байдлыг харьцангуй хөнгөлж өгнө. Уламжлалтаар хий дарах, барагшун, шар ус хатаах эмчилгээ хийдэг. Цочмог үед өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлнэ. Хурц үрэвсэл дарагдсанаас хойш 21 хоногийн дараа Аллопуринолыг хоногт 200-400 мг-ыг 3-6 сар хэрэглэнэ. Мөн глюкокортикойд зэрэг эмчилгээ хийнэ.

-Энэ өвчний үед хоолны  ямар дэглэм барих ёстой вэ?

-Тулай өвчний үед бага залуу малын мах, өтгөн царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийрийг бага идэх хэрэгтэй. Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед идэхийг хориглоно. Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнд хоолны давс, хиам, чанаж болгосон мах, загасны мах. Эдгээрт пурин хангалттай байдаг ч ханаагүй тослог хүчил агуулсан байдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгийн байцаа, манжин, улаан лоолийг өдөрт 2-3 ширхгээс хэтрүүлж болохгүй. Ногоон сонгино, цагаан мөөг, давсалж эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн, цөцгий, цөцгийн тос, сүүтэй цайг бага хэрэглэнэ.

Харин зөвшөөрсөн бүтээгдэхүүнд ногоо, төмсний шөл, тахиа, туулайн мах, наймаалж, сам хорхой, өөх тослог багатай загасыг 160-170 граммыг долоо хоногт гурваас хэтрүүлж болохгүй. Сүүн бүтээгдэхүүн, аарц, монгол бяслаг, өндгийг долоо хоногт гурваас илүү идэхгүй байх. Гурил, гоймонг тохируулж хэрэглэх нь зүйтэй. Байцаа, лууван, төмс, өргөст хэмхийг түүхийгээр эсвэл дурын аргаар боловсруулах, үзэмнээс бусад хатаасан жимс, зөгийн бал, хуш модны самар, наран цэцгийн үр, шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, ногоон цай, нимбэгтэй цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс, өөрсдөө хийсэн жимсний шүүс. Цангис, алирсын шүүс их сайн. Мөн өргөст хэмхийн шүүсийг өдөрт нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүтлэг рашаан уух нь цусан дахь пурины хэмжээг бууруулна. Ногоон өнгөтэй алим, мандарин, апельсин, хар, цагаан талх, олив, цөцгийн тос хэрэглээрэй.

-Тулай өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Тулай өвчний хурцдалаас сэргийлэхийн тулд задрах үедээ шээсний хүчил харьцангуй ихээр үүсгэдэг хүнсийг элэг, үхрийн хэл, мөөг, сардина загас, загасны түрс, шош, вандуй, шар айргийг бага хэмжээгээр хэрэглэнэ. Өдөрт их хэмжээний буюу гурван литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Тулай өвчний үед эмчилгээний ¹6 хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өнжөөд дан сүү, эсвэл дан ногоо эсвэл алим, лууван дагнасан хоол идээрэй. Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг, шарз, оргилуун дарс, чихэрлэг ихтэй дарс, махан хоол хэт идэх нь тулай өвчин үүсэх, даамжрах нөхцөл болдог. Тиймээс мах махан бүтээгдэхүүнээ тохируулж хэрэглэх хэрэгтэй. Архаг тулай өвчинтэй бол дотор мах, айраг хэрэглэхгүй байх. Хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо түлхүү хэрэглэх, өдөрт гурван литрээс багагүй ус уух хэрэгтэй.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих