Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсэргүүцнэ
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болох нь гэсэн яриа сүүлийн хоёр өдрийн ярианы гол сэдэв байлаа. Саарал ордонд яригдах болсон энэ яриа үнэн эсэхийг тодруулах гэж хоёр хоногийн турш олон ч хүн нүд, чих тавьж суулаа.
Хоёрхон хоногийн өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “”МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Шадар сайд Ц.Оюунабаатарыг ЭМС-ын сайдаар томилуулах хүсэлтийг тавьж байгаа. Манай намын бүлгээр энэ асуудлыг ярьсан. Хэнийг нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. Манай намын гишүүд энэ талаас нь харж, МАХН-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн мэднэ. Шийдэх эрх нь Ерөнхий сайдад байгаа” гэсэн хариулт өгсөн. Түүний хэлснээр бол бол МАХН-аас энэ гайхалтай татгалзахын аргагүй саналыг тавьсан. Тэр саналыг нь АН-ын бүлэг хуралдаад дэмжиж болох юм гэх шийдвэрийг гаргасан гэж олон нийтэд мэдээлсэн. Товчоор хэлбэл Н.Энхбаяр өөрөө “би Шадар сайд болмоор байна” гэж амбиц гаргасан гэнэ.
Гэтэл өчигдөр 21.00 цаг өнгөрч байхад МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан өөрийн твиттер хуудаснаа “МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаад АН-ын санал, эвслийн ЗГ-ийн гэрээний зарчмыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэж бичлээ.
Түүний хэлснээр бол Шадар сайдыг Н.Энхбаярт өгөх мэргэн санаа АН-аас МАХН-д тавьсан гэнэ. МАХН-ынхан эвсэлд байгаагаа гэнэт ухаарч даргыгаа Шадар сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ямартаа ч хэрэг явдал ийм дээрээ тулсан учир МАХН-аас тун удахгүй Шадар сайдад Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатар томилуулах албан бичгийг Ерөнхий сайдад өргөн барих бололтой. Харин олон нийт Ерөнхий сайдыг Н.Энхбаярт хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж байна. Гэвч тэрбээр Н.Энхбаярыг үгүйсгэж чадахгүй л болов уу. Энэхүү сандал ширээний “наймаа”-ны цаад зорилго нь АН-ынхан ирэх сонгуульд МАХН-ыг өөрийн талд авч үлдэх гэсэн арга юм. Учир нь МАХН-ыг МАН-тай эвсэж 2016 оны сонгуульд орно гэх мэдээлэлтэй холбоотой. Хэрвээ ийм явдал болвол АН ирэх сонгуульд ялагдал хүлээнэ гэсэн урдчилсан прогнозыг улс төрийн хүрээнийхэн хийгээд байгаа.
Зорилго нь тодорхой учир тохиролцох арга хэмжээ өнөөдөр хэрэгжих шатандаа явж байна. Гэвч Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулахад эсэргүүцэх хамгийн том хүч Ерөнхийлөгчөөс ирнэ. АН-ын одоогийн удирдлагууд дээрх асуудалд нааштай хандах шийдвэрийг гаргасан. Харин бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь уг шийдвэрийг огт дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл үүн дээр нэмэгдээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх асуудлыг дэмжихгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь Н.Энхбаяр одоогоор төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхгүй юм. Хуульчдын хэлж буйгаар тэрбээр 2012 онд Эрүүгийн хуулийн 150.3, 263 дугаар зүйл ангиудаар ял шийтгэл авсан. Энэ нь төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх зүйл ангиуд. Харин Ерөнхийлөгч уучлал үзүүлж үлдсэн ялыг нь биеэр эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Н.Энхбаярын эдгээр зүйл ангиудаар ял эдэлж байсан нь гэх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Хуулийн дагуу эдгээр зүйл ангиар ял, шийтгэл эдэлж байсан бол найман жил төрийн өндөр албан тушаал хашихгүй, сонгогдох эрхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ нь уучлагдсан байсан ч ялгаагүй ажээ.
Тиймээс Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлээд түүнийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөд УИХ-д оруулж ирэхэд дэмжигдэхгүй байх магадлал өндөр болж ирлээ. Нэгдүгээрт АН-ынхан дотоод хагаралаа зохицуулж чадахгүй байна. Ийм шийд гаргавал ажлаа өгнө хэмээн танхимын сайд нь ярьж, бичиж явна. Үүнээс гадна АН доторх Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид үүнийг хатуу эсэргүүцэх нь тодорхой. Товчоор хэлбэл З.Энхболд дарга намынханаа энэ асуудал дээр нэгтгэж, базаж чадсангүй. Энэ байдлаараа чуулганаар уг асуудлыг хэлэлцвэл МАН-ын 26 гишүүн, МҮАН-ын 3, ИЗНН-ын 2 болон АН-ын дэмжихгүй гэсэн байр суурьтай гишүүд нийлээд Н.Энхбаярт итгэл хүлээлгэхгүй байх боломжтой. Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн эсэргүүцэл. Тэрбээр уг асуудлыг тас эсэргүүцэж байгаа аж. Хэрэв томилогдсон тохиолдолд хориг эсвэл өөр ямар нэгэн хаалт, шахалтыг үзүүлэх гэнэ.
Гуравдугаарт нэгэнт л хууль зөрчсөн үйлдэл учраас З.Энхболд болон Н.Энхбаяр нь нар хүч түрж уг асуудлыг шийдвэл өөрсдөө л муухай харагдана. Магадгүй үүнээс улбаалаад Монголд хууль дээдэлдэг хүн ч үгүй болох биз.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ их авилгалыг хийж улсаа хорлож байгаа Энхбаярын эсрэг Ерөнхийлөгч минь тууштай тэмцээрэй. Бид Танд найдаж байгаа шүү