Д.Батцогт Элчин сайд Мишель Малхербыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мишель Малхербыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Элчин сайд Мишель Малхерб, Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Бельгийн Вант Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн явцын талаар ярилцлаа. Элчин сайд хэлэхдээ “Энэ төсөл нь нэн тэргүүнд нийгмийн чухал ач холбогдолтой. Олон жилийн өмнөөс ажил хэргийн түвшинд яригдаж эхэлсэн. Төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт хоёр тал 2014 оны 06 дугаар сард гарын үсэг зурж, 2015 оны 10 дугаар сард санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Бельгийн Вант Улсын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хоёр дахь том хэмжээний төсөл учраас бид онцгой анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллаж байгаа” гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Монгол Улсын баруун бүсийн 400 орчим мянган иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих түвшинд авч чадахгүй байгааг дурдав. Тус бүс нутгийн иргэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авахын тулд ихэнхдээ Улаанбаатар, бүр гадаад улс орныг зорих шаардлага үүсдэг учир бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэхэд шат шатандаа анхаарч байгааг хэлсэн юм. Мөн тэрээр “Төлөвлөгөөний дагуу явагдсан бол энэ төсөл хэрэгжээд дууссан байх ёстой ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Тиймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувиар энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Улсын Их Хурал ч зохих дэмжлэг үзүүлсний үр дүнд өнөөдөр хэрэгжих шатандаа ажил үргэлжилж байна” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын алслагдсан бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарч, тусалж байгаа Бельгийн Вант Улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр талууд төслийн явцын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж, дадлагажуулах юм байна.
URL: