2015 оны хамгийн эгзэгтэй агшнууд гэрэл зурагт (№1)
CNN агентлаг 2015 онд дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн үйл явдлууд хэрхэн гэрэл зургийн дуранд буусныг эргэн сануулжээ. Гэрэл зурагчдын буулгаж чадсан хамгийн эгзэгтэй агшнууд хүн төрөлхтөний нэгэн жилийн түүхийг гарцаагүй тов тод өгүүлж чаджээ. Politik.mn сайт тэрхүү гайхалтай зургуудыг цувралаар тайлбартайгаар хүргэж байна.
Нью-Йоркийн цагдаа Венжиан Лю, Рафаэль Рамос нарын оршуулгын үеэр цагдаа нар хотын захирагчийн үг хэлж байхад эсэргүүцэл үзүүлж буруу харж зогсов.
Нью-Йорк хотод буутай этгээд хоёр цагдааг отож санаатайгаар буудаж амь насыг нь хөнөөв. Цагдаагийн офицер Венжиан Лю, Рафаел Рамос нар Бруклинд эргүүлийн машин дотор байхдаа халдлагад өртсөн юм. Халдлагыг Исмаил Бринсли гэгч хар арьст иргэн үйлдсэн гэж хуулийнхан үзсэн. Албаны эх сурвалжийн хэлсэнээр, сэжигтэн цагдаа нарын амийг хөнөөсний дараа өөрийгөө буудаж хороосон аж. Амиа алдсан цагдаа нар сэжигтэнтэй ямар ч холбоотой байгаагүй гэдгийг ойрын эх сурвалж баталжээ. Энэ бол зүгээр л цагдаагийн албан хаагч хар арьст иргэний амийг хороосон тохиолдол хэд хэд гарсны дараах хонзогнолын үр дүн болсон юм.
Харин хотын даргын үг хэлэх үеэр цагдаагийн хэдэн зуун албан эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нуруугаа харуулан зогсоцгоосон байна. Америкт сүүлийн саруудад болсон цагдаагийнхны эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг дэмжиж байгаагаа хотын дарга олны өмнө илэрхийлээд байсныг ийнхүү цагдаа нар эсэргүүцжээ. Энэ үйлдлийн дараа Нью-Йоркийн цагдаагийн газрын комиссар Билл Брэттон цаашид хотын даргад хүндэтгэлгүй хандах үйлдэл гаргахгүй байхыг албан хаагчдадаа сануулсан байна. “Баатрыг үдэх ажиллагаа гашуудах ёслол болохоос гомдлоо илэрхийлэх мөч биш” хэмээн тэрээр сануулжээ.
Чарли Эбдо сэтгүүлийн халдлагыг үйлдэгч этгээдүүд гудамжинд таарсан цагдаагийн албан хаагчийг олны нүдэн дээр буудаж хөнөөсөн юм.
Энэ оны нэгдүгээр сард дэлхий нийтийг цочирдуулсан халдлага Парист гарсан нь жилийн турш үйлдэгдсэн олон халдлагын эхнийх нь байлаа. Чарли Эбдо сэтгүүлийн редакцид исламын зэвсэгт дайчид халдаж олон хүнийг буудан хороогоод зогсохгүй зугтаж явах замдаа таарсан цагдаагийн албан хаагчийг буудаж хөнөөсөн аймшигт агшин ийнхүү дуранд буусан юм.
Сенатор Жон Маккейн Эдвард Сноудентой холбоотой асуудлаар ихэд бухимдаж байна.
АНУ-ын ТТГ-ын ажилтан Эдвард Сноудентой холбоотой асуудал зарим сенаторуудыг ихэд бухимдуулсан. Ялангуяа Жон Маккейн. Тэрээр Эдвард Сноуденд Оросын засгийн газраас улс төрийн орогнол олгосоныг эсэргүүцэн удаа дараа мэдэгдэл хийж байсан юм.
Удирдагч нар Их долоогийн уулзалтын үеэр
Барак Обама сандал дээр чөлөөтэй гэгч нь сууж, түүний өмнө Ангела Меркель гараа савчин ярьж зогсох гэрэл зураг олон нийтийн сүлжээнд ихээхэн тархсан юм. Энэ зургийг эвлүүлэг хийн шоглосон олон хувилбар эх хувиас нь илүүтэй алдаршсан гэж болно. Тухайлбал Обамагийн өмнө бүжиглэж буй Меркель, ваннтай усанд сууж буй Обамагийн урд зогсоо Меркель гэх мэтээр олон янзаар тэднийг шоглоод амжсан.
Пап лам Фрэнсис Филиппинд.
Ромын пап Филиппиний нийслэл Манила хотын төв Ризал паркт сургааль айлдлаа. Пап ламын сургаал номлолыг сонсохоор гурван сая хүн цугласан юм. Ватиканы мэдэгдсэнээр энэ удаагийн цугларалтыг пап лам 2013 онд Филиппинийг дайрсан Хайян хар салхинд нэрвэгдэгсдийн дурсгалд зориулжээ.
Өмнөд Солонгос, кино театрт вирусын ариутгал хийж байна.
Өмнөд Солонгост “MERS” буюу титэмт вирусийн халдвар авагсдын тоо 200-д хүрч нас барагсдын тоо 20 давав. 2012 онд Саудын Арабт анх бүртгэгдсэн амьсгалын замын гаралтай өвчин энэ онд Азид орж ирсэн. Өмнөд Солонгост олон нийтийн үйлчилгээний газруудыг дээд зэргээр ариутгаж цэвэрлэн вирусын тархалттай тэмцэж байв.
Амиа золиослогчийг баривчилж байна.
Афганистаны Засгийн газрын цэрэг амиа золиослож халдлага үйлдэхээр завдсан этгээдийг баривчиллаа. Амиа золиослогчдын халдлага исламын ертөнцөд өдөр бүр шахуу гарсаар байгаагаас хамгийн олон үйлдэгдэж байгаа талбар нь Афганистан улс. Өнөөдрийг хүртэл Афганистан мөргөлдөөний халуун цэг хэвээр байна.
Телевизийн эфирт зэвсэгт этгээд дайран оров
Голландын Хилверсум дахь NOS телевизийн студид гар буугаар зэвсэглэсэн этгээд дайран орж өөрийг нь эфирт гаргахыг шаардсан байна. Хар костюм өмсч зангиа зүүсэн этгээд оройн 20.00 цагт студид дайрч ороод гар буугаа ардаа барьж студи дотуур нааш цааш хөлхөн шаардлагаа тавьж, улс төрийн үзэл баримтлалаа олон нийтэд илэрхийлэхийг завдсан аж. Хамгаалалтын алба, цагдаагийнхан түүнтэй хэлэлцээ хийж буун дуу гаргалгүй баривчилж чадсан юм. Энэ үеэр NOS телевиз эфирээ зогсоож, уран бүтээлчдийг аюулгүй газарт гаргажээ.
Тунист жуулчдыг хөнөөв
Хойд Африкийн Тунис улсыг олон мянган жуулчид зорьдог. Тэгвэл энэ оны эхээр болсон халдлагад жуулчид өртсөнтэй холбоотойгоор Тунис улс аялал жуулчлалаас олдог орлогоо алдсан гэж хэлж болно. Тунисын нийслэлийн ойролцоох Сауссе хэмээх жуулчны баазад зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас 38 жуулчин амиа алдсан.
Орон сууцны дүүрэгт онгоц унав
Индонезийн Медан хэмээх газарт батлан хамгаалахын тээврийн онгоц осолдож иргэд оршин суудаг бүсэд унасанаас болж 135 хүн амиа алдсан юм.
Тайваньд онгоц унав
Тайванийн нийслэл Тайпей хотын дээгүүр аварга том онгоц газар шүргэн өнгөрлөө. Уг онгоц Транс Азиа Эйрвэйс компанийнх бөгөөд хөдөлгүүрийн доголдлын улмаас хөөрч явахдаа осолдсон юм. Азаар орон сууцны дүүрэг дээр уначихсангүй, гүүрэн дээгүүр шүргэх шахам гарч голын усанд унасан ч 58 зорчигчоос 16 нь л амьд үлдсэн юм. Энэ онд олон улсыг доргиосон томоохон онгоцны сүйрлүүдийн нэг нь энэ байлаа.
Ханхүү Жорж 2 нас хүрэв
Сүр дуулиантайгаар хуримлаж байсан Английн ханхүү Уильялм, гүнж Миддлтон нарын дундаас төрсөн хүү Жорж Александр 2015 онд 2 нас хүрлээ. Ханхүү энэ жил дүүтэй болсон бөгөөд түүнд Шарлотте хэмээх нэр хайрласан. Гүнжийг тэргэн дээр авч явахад ханхүү Жорж хажууд нь яваа зургийг гэрэл зурагчид дурандаа буулгажээ.
Штраусс Каныг эсэргүүцэгчид баривчлагдав
Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Штраус Канн зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэх гэсэн хэрэгт холбогдож улмаар албан тушаалаасаа огцорсон юм. Түүнийг шүүх хурлын үеэр Францад Украины эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубын идэвхтнүүд жагссан. Тэднийг Францын цагдаагийн газраас баривчилсан явдал энэ онд гарсан юм.
Исламын шашинт оюутнуудыг хөрш нь хөнөөв
Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуулийн гурван оюутныг хөрш нь болох 46 настай, цагаан арьст эр Стефен Хикс буудан хороожээ. Энэ хэрэг Америкийг 2015 донсолгосон олон хэргийн нэг байлаа.
Цагдаа нар хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсан бөгөөд Стефен Хикс гэгч эр исламын шашинтнуудыг үзэн яддаг үзлээсээ болон үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Хөршүүд хэд хэдэн удаа машины зогсоол зэргээс үүдэлтэй маргаан гаргаж байсныг гэрчүүд ярьжээ. Энэ үеэр гэмт этгээд тэднийг шашин шүтлэгээр нь доромжилж хөнөөнө хэмээн заналхийлдэг байсныг дурджээ.
Гэмт хэрэг гарахын өмнө оюутнууд 911 рүү залгаж тусламж хүссэн боловч цагдаа нарыг ирэхэд оройтсон байжээ. Утсаар ярих үеэр цаана нь 5-10 удаагийн буун дуу сонсогдсон гэнэ. Хохирогч Баракат болон Юсүф Мохаммэд Абу-Салха нар гэрлэсэн залуу хосууд. Харин Разан Мохаммэд Абу-Салха нь Юсорын төрсөн дүү байсан юм. Гэрэл зурагт тэдний дурсгалд зориулсан цуглаанд эмгэнэн зогсож буй исламын шашинт эмэгтэй буужээ.
Зепп Блаттер огцров
Энэ онд дуулиан шуугиан, элдэв хэрэгт орооцолдсон томоохон албан тушаалтнуудаас хамгийн ихээр олны анхааралд өртсөн хүн бол Зепп Блаттер байлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч 1998 оноос энэ албан тушаалдаа дархлагдсан нэгэн юм. Тэгвэл Зепп Блаттер болоод түүний багийнхан тойрон хүрээлэгчдийг авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон баримтууд дэлгэгдсэнээр тэрээр албан тушаалаасаа огцроод зогссонгүй шүүхийн хаалга татаад байна.
Буун дуу тасрав
Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид болон Украины засгийн газар хоорондын хямрал иргэний дайн болон өргөжиж 2014 онд л гэхэд 6000 хүн амь үрэгдсэн хэмээн мэдээлж байв. Минскийн гэрээгээр талууд зэвсэгт мөргөлдөөнөө зогсоогоод байгаа юм. Гэрэл зурагт талууд мөргөлдөөнөө зогсоож буун дуу намжсан үеэр амарч буй Украин цэрэг буужээ.
Фергусоны хэргийг нэхэн сануулав
АНУ-д хар арьстнуудыг хөнөөсөн цагаан арьст цагдаа нарын хэрэг дуулиан дэгдээсээр байгаа. Үүнээс хамгийн их олны анхааралд өртөж Америкийг донсолгосон хэрэг нь зэвсэггүй өсвөр насны хүү Майкл Брауныг цагаан арьст цагдаа Фергусон хотод шалтгаангүйгээр буудан хөнөөсөн явдал юм. Майкл Брауны эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнийн нэг жилийн ойд томоохон хотуудад хар арьст иргэдийн төлөөлөл жагсаал цуглаан хийж цагдаа нартай мөргөлдөөд авсан юм.
Эрдоганы толгой дээр шувуу баав
Энэ цаг үед дэлхий нийтийн анхааралд өртсөөр байгаа дуулиант улстөрч бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган юм. Ерөнхийлөгчийг шашны нэгэн баярт оролцож байх үеэр толгой дээр нь ятуу суусан нь гэрэл зурагчдын дуранд үлдлээ.
Ерөнхийлөгч сүмийн нээлтэд оролцох үедээ торонд байсан тагтаануудыг суллан тавьж зан үйл хийсэн байна. Гэвч хамгийн сүүлчийн тагтаа нисэн одсоны дараа эрээн хавиргат гэх ятуу түүн рүү “довтолжээ”. Шувуу эхлээд нуруун дээр нь сууснаа Эрдоганы толгой дээр гарчээ. Үүнийг Эрдоганыг эсэргүүцэгчид тухайлбал Сирийн ерөнхийлөгч Башар Ассад сүйрлийн бэлгэ тэмдэг хэмээн тайлбарласан удаатай.
URL: