90 хувь нь тэтгэврийн зээлтэй ахмадуудыг дэмжих төрийн бодлого байна уу
“Дугуй нөхдөг байсан шар толгойтой өвөө тэтгэврээрээ Монголыг үзэхээр ирэхэд инженер мэргэжилтэй монгол өвөө тэднийг жинг үзэж амьдардаг” гэх хэтрүүлэгтэй ч гэсэн бодит байдлаас хол зөрүүгүй үг, өгүүлбэр сошиал ертөнцөөр тарж байна. Ахмадууддаа тавих бидний халамж, анхаарал нэг тиймэрхүү л гэдгийг хүлээн зөвшөөрсөн олон нийтийн үнэлэмжийн нэгээхэн хэсэг энэ. Тэтгэврийн хэд нь үнийн өсөлтөд цохиулж, шөлний мах, цайны сүүндээ ч хүрэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголын төр ахмадууддаа тавих анхаарал, халамжийн бодлогыг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Ахмадуудаа харна, халамжилна гэсэн үг, яриа эрх мэдэлтэй, дархтан болгоны амнаас гардаг ч тэднийг гэсэн чин сэтгэлийн хайр, ахмадуудыг хүний ёсоор үзэж үнэлэх хүнлэг сэтгэл нэг л дутагдсаар эдүгээ хүрсэн нь нууц биш. Ахмадуудын талаарх төрийн шинэ бодлого үгүйлэгдэж байгаа энэ үед МАН-ын дарга М.Энхболд нэгэн онцлог гэмээр санал дэвшүүлжээ. Тэрбээр “Монголын үе үеийн төр ахмадуудаа яаж тэтгэдэг байсныг судлаад үзэхэд асар ихээр харж, хандаж байсан байгаа юм. Чингис хааны үед их хааны шийдвэрээр 70-аас дээш настай ахмадуудад шан, харамж олгодог байж. Богд хаант Монгол Улсын үед буюу 1911 онд VIII Богд Жавзандамба хутагтын зарлиг ч байна. 70 нас хүрсэн өндөр настанд тусгай урамшуулал, тэдэн лан мөнгө олго гэсэн байгаа юм. 90 нас хүрсэн бол илүү өндөр шан, харамж өгдөг байсан байгаа юм. Төрийн энэ уламжлалыг хадгалж 70 насалсан азай буурлуудаа төр анхаарч, хандахад буруу юм байхгүй. Халамж хавтгайруулсан улс орон боллоо гээд л өнөөдөр шүүмжилдэг. Гэхдээ улс орон, төр гэж байгаа бол улс орныг авч явсан ахмад үеэ халамжлах үүрэгтэй. Бид Ач санах хууль гэж ярьж байгаа. Одоо бол ач санаж нэмэх нь битгий хэл, авч байсныг нь бага болгоод байна. 70 насална гэдэг сайхан хэрэг. Хэдийгээр дундаж наслалт нэмэгдэж байгаа ч, 70 насална гэдэг чинь нэг талаар асар их хөдөлмөр зүтгэл, бас зөв, эрүүл амьдралын үлгэр дуурайлал. Тийм учраас тэтгэврээс нь гадна тогтмол урамшуулал олгох ёстой гэж боддог. Өнөөдөр төрийн бодлогын толгойд бүх орд газар, уул уурхай, төрийн өмчийн компаниуд байна” гэж байр сууриа илэрхийлсэн харагдана билээ. Эндээс дүгнэж үзвэл М.Энхболд ахмадуудыг дэмжсэн төрийн бодлогуудыг судалж, харьцуулан дүгнэлт хийж байгаа аж. Тухайлбал, 70 дээш настай ахмадуудад тэтгэвэр дээр нь нэмээд тусгай тэтгэмж олгох, 80-аас дээш насалсан бол тэтгэмжийн хэмжээг нэмэх гэх мэтээр үечилсэн бодлого гарч мэдэхээр байна. Ийм бодлогыг М.Энхболд хэдэн янзаар зөвтгөсөн харагдана лээ. Нэгдүгээрт насална гэдэг бол залуучуудад зөв үлгэр дууриал үзүүлж байгаагийн шинж, хоёрдугаарт халамжийг хавтгайруулж байгаагийн илрэл биш, төрийн мэдэлд стратегийн бүх ордууд байгаа, эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулахад эх үүсвэр бүрдэнэ гэсэн байр сууринаас тайлбарлах болов.
Өнөөдөр Монголын тэтгэвэр авч байгаа ахмадуудын 90 орчим хувь нь тэтгэвэрийн зээлтэй. Тэд жил бүр зургаан тэрбум төгрөгийг тэтгэвэрийн зээлийн хүүнд өгч байгаа. Тэтгэвэрийн зээлд хамрагдах ахмадын тоо жил бүр өссөн. Сүүлийн гурван жилд огцом нэмэгдсэн. Удахгүй 100 хувьд ч хүрч магадгүй байна гэсэн албан мэдээллүүд хөвөрч эхлэв. Энэ мэдээллүүд ахмадуудын амьдрал маш эмзэг болж эхэлснийг гэрчилнэ. Ийм үед л тэднийг дэмжсэн төрийн шинэ бодлого хэрэгтэй байна. Харин МАН-ын даргын санал болгож магадгүй хувилбар ахмадуудын амьдралд эерэг нөлөөлөл үзүүлж чадах болов уу?
URL: