Өршөөлийн хуульд 4340 хүн хамрагджээ

12-7-2_700x700УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан. Мэдээллийг тус Комиссын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хийсэн юм.  Нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагджээ.

Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагджээ. Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулж үүнээс, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих, баривчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж сулласан 36.1 хувь буюу 1370, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 45.1 хувь буюу 1713 ялтан байна.

Баривчлах, хори­хоос өөр төрлийн ял шийт­гүүлсэн, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нийт 6974 ялтнаас 6308 ялтан буюу 90.4 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас чөлөөлжээ.

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, баримт бичгийг прокурор хянаж, үүнээс 91.3 хувь буюу 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг, материалыг прокурор хянаж 90.2 хувь буюу 4984 ялтны ялыг хуульд хамруулан үлдсэн хуга­цааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэ­рэг­жилтийг хангаж Таха­рын алба, түүний харьяа орон нутаг дахь тойрог, хэсгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа хорих ангиас суллагдсан 107, цагдан хорих байрнаас суллагдсан 45 иргэнийг орон нутаг дахь харьяалах Цагдаагийн албанд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих ангид суллагдсан 38 иргэнийг харьяа орон нутгийн Цагдаагийн албанд, Дамжин өнгөрүүлэх хорих ангиас суллагдсан ОХУ-ын дөрөв, БНХАУ-ын хоёр, БНСУ-ын нэг, Филиппин улсын нэг, нийт гадаадын найман иргэний Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албадан гаргах хэлтсийн холбогдох албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэж өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Комиссын дарга болон гишүүдээс гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэхээр нэрсээ өгөөд байсан бөгөөд энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих