Ц.Мөнхтөр: Таван их наяд төгрөг ил болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Болор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийсэн. Иргэдийн болон хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө орлого, үйл ажиллагааг ил тод болгох байдлыг дэмжих зорилготой. Тодорхой хэмжээгээр орлого, хөрөнгөө нуун дарагдуулснаа тайлагнасан нөхцөлд захиргааны болон хуулийн оногдох арга хэмжээ, татвараас чөлөөлөх юм. Дээрээс нь далд эдийн засгийг ил болгох үүднээс энэ хуулийг санаачилсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн яамнааас шат дараатай арга хэмжээ авсан байна. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, арга зүйн зөвлөгөө өгч, олон нийтэд сурталчилжээ. Энэ хугацаанд нийтдээ 5600 гаруй хүмүүс тайланг ирүүлснийг Сангийн яам хүлээн авчээ. Бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн мэдүүлэх мэдүүлгийн маягтыг бэлэн болгож, Монголын татварын алба.мн сайт ажиллуулсан аж. Иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, сурталчлан танилуулах сургалт зохион байгуулах ажлыг удаа дараа явуулсан байна” гэлээ.

Одоогоор Сангийн яаманд аж ахуй нэгжүүдийн тайлан мэдүүлэг төвлөрч нийтдээ 860 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болжээ. Харин ТЕГ-т нийт 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлогын үйл ажиллагаа ил болсон аж.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байгаа. Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмээд өсч,  хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт таван  их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх мэдээлэл танилцуулгатай холбогдуулан шийдвэр гаргасан байна.

“2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө орлогоо болон үйл ажиллагаа нуун дарагдуулсан нөхцөлд ил болгож, мэдүүлэгчийн энэ оны II, III, IV улирлын тайлан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хамаарагдах учраас ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй хууль мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагад даалгалаа.

2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө нуун  дарагдуулсан хөрөнгөө хэрхэн бүртгүүлэх тал дээр УБЕГ-т үүрэг өгсөн. Энэ нь нотиаратийн баталгаажуулсан бичиг баримтаар бүрдүүлнэ. Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжих цөөн хугацаа үлдэж байна. Үүнд иргэд, олон нийтийг өргөнөөр хамрагдан оролцохыг,  Сангийн яам, ТЕГ, УБЕГ-ын зүгээс ард иргэдэд хандаж суртал ухуулгаа сайн хийхийг Засгийн газрын зүгээс даалгасан шийдвэрийг гаргалаа хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч онцлов.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих