АН санал асуулгад мөнгө зарах шаардлагагүй гэж үзжээ
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд долоо хоног бүр хэлэлцэх асуудлаар хуралдаж, байр сууриа илэрхийлдэг уламжлалтай. АН бүлгийн хуралдаанаараа ямар асуудал хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, мэдээлэл хийсэн байна.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 2000 орчим иргэнээс авсан судалгааны дүнг бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөх нь зөв үү гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь зөв гэж хариулжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв үү гэдэг асуултыг иргэдийн 80 хувь нь дэмжиж.
Үүнээс гадна Үндсэн хуульд оруулах хэд хэдэн өөрчлөлтийг иргэд дэмжсэн гэдгийг АН-ын гишүүд хэллээ. Тухайлбал, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх, УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж Засгийн газрын тогтвортой байдлыг хангах гэсэн саналыг иргэдийн олонх зөв гэж үзжээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдөг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь буруу. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болгож өөрчлөх гэдэг саналыг иргэдийн 54 хувь дэмжсэн байна. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн гэсэн судалгааны дүн гарчээ. Үүнээс гадна АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг ярилцсан байна. Нэгэнт иргэд сонгуульд саналаа өгөхөөр зардал гаргаад ирэх тул Ард нийтийн санал асуулга гэж дахин зардал гаргахгүй дээрх байдлаар шийдэж болно гэж үзсэн байна.
Бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчид АН-ын гишүүн Р.Амаржаргалын бичсэн нээлттэй захидал болоод АН, ИЗНН-тай нэгдэнэ гэх мэдээллийн талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодруулж асуусан юм.
-Р.Амаржаргал гишүүний АН байгуулагдсаны 15 жилийн ойгоор бичсэн нээлттэй захидалд АН-ыгкомпанийн хэмжээнд ажиллаж байна гэж шүүмжилсэн. Энэ талаар танай намын бүлэг ярилцсан уу?
-Энэ талаар тодорхой яриагүй. Ер нь АН хийсэн бүтээсэн зүйлээ ард түмэндээ таниулж, сурталчилж, алдаа оноогоо залруулж байя гэж байнга ярьдаг. Өнөөдөр үнэт зүйлгүй байх, ардчилал шударга ёсны төлөө тэмцэж явснаа мартахгүй байх зэргийг ярьсан. Хийсэн бүтээснээ бага ярьж байна гэсэн шүүмжлэлд өртсөн. Р.Амаржаргал гишүүн намууд хэтэрхий их хөрөнгөжиж байна гэж эдийн засгийн асуудал хөндсөн байсан. Ерөнхийлөгчийн Улс төрийн намын хуулийг бүлгийн хурал дээр ярьсан. Намууд өмчтөй, байртай байх нь буруу зүйл. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн улс төрийн намын тухай хуулийг дэмжиж байгаа.
-АН-ын Ерөнхий нарий бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-тай нэгдэхэд болохгүй зүйлгүйгэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байсан. Үүнийг АН-ын байр суурь гэж ойлгож болох уу?
-Албан ёсны нийлнэ, нийлэхгүй гэсэн мэдээлэл ирээгүй. Өнөөдөр бүлгийн хурлаар ийм асуудал яриагүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтээс асуусан гэлээ. Энэ судалгааг ямар компани хариуцаж хийсэн бэ?
-Судалгааг ямар компани хийсэн талаар мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар 2000 орчим хүнээс авсан юм шиг байна. Судалгаан дээр гол, гол дүгнэлтүүд гарсан. Энэ нь АН-ын цаашид ярих гол луужин болж байна гэсэн хариултыг өгсөн юм.
Д.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: