Гацууртын ордын 66 хувийг “Сентерра гоулд Монголиа”-д өгч байгаагаа УИХ-аар батламжилна
Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Ноён ууланд олборлолт явуулна, явуулахгүй хэмээн өнгөрсөн жилээс эхлэн тэмцэж байгаа. Зарим нэгэн нь амь насаараа дэнчин тавьж хамгаалж байхад, хэсэг бүлэг “нинжа” алт угааж байгаа. Үүний улмаас цагдаагийн байгууллага болон ОБЕГ-ын албан хаагчдийн ачааллыг тэд л нэмж байгаа. Тэгвэл тус ордыг ашиглах цаг болсон гэж Засгийн газраас үзсэн болохоор энэ оны 10-р сард тогтоолын төсөл боловсоруулж УИХ-д өргөн бариад байгаа. Уг тогтоолын төслөөр бол Гацууртын ордын 34 хувийг төр, үлдсэн 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК-д өгөхөөр төлөвлөөд байгаа талаар бид мэдээлсэн. Энэ долоо хоногт асуудлыг УИХ-аар эцсийн байдлаар шийдвэрлэхээр болжээ.
Гацууртын алтны үндсэн ордыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм билээ. Тиймээс 34 хувийг төр, 66 хувийг нь “Сентерра гоулд Монголиа” ав гэж тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ талаар тогтоолын төсөлд : Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 472 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй хэмээн бичжээ.
Харийнханд тавиад туух гэж байгаа хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй Гацууртын орд дараах байдлаар судлагдсан байх юм.
1970 -1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн;
Алтны шороон ордын олборлолтыг “Гурван Гол” ХХК эхэлж явуулж байгаад дараа нь “Гацуурт” ХХК 1992-2000 онд хийсэн;
1997 онд шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг олж тогтоосон;
2001 онд “Камеко Гоулд Монголия” (одоогийн “Сентерра Гоулд Монголиа”) ХХК нь Төв ба Үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажил хийсэн;
2002-2003 онуудад хайгуулын ажлыг эрчимжүүлж Үндсэн бүсийн хүдрийн исэлдсэн хэсгээс АНУ-ын Невада мужийн “Американ Ассей” лабораторт цианидаар уусгах туршилтын ажил хийгдсэн;
2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайлангаа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн;
2008 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан;
2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг /1998-2010/ 2013 оны 12 сарын 27-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн;
2014 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан түүхтэй.
Хэрвээ уг тогтоолын төслийг батлах юм бол Талууд татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах, тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа болохыг баталгаажуулах, татвар төлбөрт ялгаварлан гадуурхахгүй байх зарчим баримтлах, ил уурхайгаас гарсан газрын доорхи усыг шавхан зайлуулахтай холбоотой төлбөрөөс чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх, сайжруулсан замыг хатуу хучилттай болгох шаардлага тавихгүй байхаар харилцан тохиролцсон байна. Мөн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаарагдах санхүүжилтийг “Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирчээ.
Тогтоолны төслийг санаачилсан Засгийн газраас мэдэгдэж байгаагаар Гацууртын ордоос нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах аж. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх гэнэ. Энэхүү зорилтоо биелүүлэхийн төлөө “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн гэх.
Юутай ч Босоо Хөх Монгол бүлгэмийнхэн амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарласан. Ерөнхийлөгч хүртэл ашиглуулахгүй гэсэн ч Засгийн газар зөрүүдэлсээр ийнхүү УИХ-аар батлуулахаар болж байх шиг байна. Уг нь Ерөнхийлөгч ашиглуулахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Үүн дээр нэмж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: “Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа. Энэ байр суурь дээрээ хатуу байгаа. Хэрэв булшийг ухах төнхөх дээрээ хүрвэл энэ ажлыг мэргэжлийн археологичид, эрдэмтэн судлаачид хийж гүйцэтгэх учиртай. Харин тэр судалгаа шинжилгээний зардал, санхүүжилтийг ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компани 100% хариуцах ёстой. Ингээд олдсон олдвороор нь орон нутгийн болон улсын музейг баяжуулж, тухайн бүсд аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх ёстой” гэдгийг мэдэгдэж байсан.
Энэ асуудлаар УИХ-аар хэлэлцэж байхад Уул уурхайн сайд нь хангалттай мэдээлэлгүй байгаа бололтой байсан юм.
Уг асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Гадныханд өгөх нь үү? Хамгаалаад үлдэх нь үү гэдгийг УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг харах л үлдлээ…
URL: