Эмгэн шиг болчихсон нөхөрт нь эхнэрийн онгод “буулгасан” байжээ
Батцогт, Шүрээ хоёр зургаан хүүхдийн эх, эцэг болж, 20 гаруй жил нэг гэрт амьдарсан атлаа гэрлэлтээ цуцлуулжээ. Архи дарс, хүүхэн энэ тэр гээд дэл сул явдлаас болов уу, эсвэл хөрөнгө, мөнгөний асуудал байв уу гээд ойр дотныхон нь гайхаад учрыг олоогүй байна.
Хүүхэд байхаасаа л наймаа хийж, хөрөнгө мөнгө болоод амьдралын үнэ цэнийг сайн мэддэг Батцогт бол хувийн дэлгүүр, зоогийн газар гээд юм юмыг хөл дээр нь босгосон болохоор эхнэрээсээ салахдаа бүгдийг өөрийн нэр дээр авсан шигээ хоёр томыгоо ээжтэй нь үлдээгээд дөрвөн багыгаа “Би хоолонд нь хүргэж өгнө” гээд дагуулаад явсан аж.
Сайхан амьдралыг салгах, хоёр тийш болгох саналыг тавьсан атлаа Шүрээгийн сэтгэл шимширч байхад Батцогт:
- Чамайг амрааж, тайван байлгах гэж би замаа тавьж өглөө шүү. Чи хүнтэй сууж болно. Харин хэнтэй гэдгээ их зөв сонгоорой… гэж хэлэхэд нь бүсгүйн дургүй хүрч, бараг “Чамаас салсандаа баяртай байна” гээд хэлчих шахжээ.Гаднаас нь харахад дэндүү сайхан боловч дотогш харвал бүр ор, хөнжил рүү өнгийвөл ямар хэцүү байсныг хэн ч мэдэхгүй учраас Шүрээг зэмлэх, буруутгах хүн олон байжээ. Тэр битгий хэл, “Чамд Батцогт шиг хань олдохгүй” гэж зэмлэх нь бүсгүйд маш хүнд байсан гэнэ. Нөхрөөсөө салах өргөдлөө харьяа дүүргийн шүүхэд ахин дахин гаргасны эцэст хоёр тийш болсондоо Шүрээ санаа амарч, сэтгэл нь онгойх шиг, нэг их хүнд дарамтнаас салах шиг болсондоо дотроо баярлавч бүх хүний зэмлэл түүнийг нэг хэсэгтээ л залхаасан байна.
Анх суухад л нөхөр болсон Батцогтын гэрийнхэн гурван өрөө байр авч өгсөн ажээ. Тэр байраа авах гэж зүтгээгүй харин ч эгчийнхээ хуучин байранд дөрвөн хүүхэдтэйгээ төвхнөсөн байна. Ингээд Шүрээ том хүү, охин хоёртойгоо хуучин гэртээ үлджээ. Хүү нь сургуулиа төгссөн, охин нь ганцхан жилийн дараа төгсөх болохоор Шүрээд түүртэх, санаа зовох асуудал байхгүй болсон байна. Мөн гэр бүлээрээ эрхэлж байсан наймаа, арилжааныхаа ашиг орлогыг тэнцүүхэн хуваахад нь Шүрээ айх шиг болж, “Энэ ер нь яагаад надад ийм их юм өгч, сайхан зан гаргаад байгаа юм бол..?” хэмээн гайхаад өнгөрсөн байна. Нөхрийнхөө хувь болгон үлдээсэн дэлгүүрээ ажиллуулж, өөрийн мэргэжлийн дагуу хааяа жижиг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайланг гарган өгч амьдралдаа нэмэрлээд ёстой л хүслээрээ амьдарч байжээ.
Хэвийн сайхан байсан амьдрал жил хагасын дараахнаас эхлээд уруудаж, эрүүл мэндийн хувьд ч нэг л таагүй болж эхэлсэн аж. Хүү нь өөрийн гэсэн ажил албатай, охин нь сургуулиа төгсөөд Солонгост үргэлжлүүлэн суралцаж байсан болохоор уг нь Шүрээгийн төсөөлснөөр бол улам сайн, сайхан байх ёстой атал эсрэгээрээ, болохгүй бүтэхгүй нь давамгайлж, сэтгэл санаа нь хүртэл тавгүйтэн “Юу болох гээд байгаа юм бол?” гэх бодол, айдас давамгайлах болжээ.
Шүрээтэй байнгын холбоотой ажилладаг нэгэн компанийн захирал найз нь “Чи тайлан тэнцэл буруу гаргасан байна. Санаатайгаар намайг хорлох гэж ийм юм хийж байгаа юм уу?” гээд уурлан довтолжээ. Өөрийн гараар хийж өгсөн тайлангаа үзтэл яах аргагүй буруу, алдаатай байж. Шүрээ уучлалт гуйсан боловч оройтож, нөгөө компани торгууль хүлээж, ихээхэн алдагдалд орчихсон байжээ. Олон жил, бараг ажилласан өдрөөсөө эхлээд үйлчлүүлэгч олонтой, тэр хэрээр ашигтай ажилладаг байсан дэлгүүр нь алдагдалд орж, хүн орж ирэхээ больсон байна. Барааныхаа нэр төрлийг өөрчилж, үйлчлүүлэгч татахын тулд үнэ хямдруулсан “бонус” амласан хэд хэдэн өдөрлөг зохиожээ. Ингэсний хүчинд дэлгүүрийн ашиг, орлого нэмэгдсэн байна. Гэвч өдрөөс өдөрт Шүрээгийн бие тавгүйрхэж, айдас нүүрлээд байжээ. Хэдэн шөнө хар даран зүүдэлж, сүүлдээ гэртээ суухаасаа айх болсон байна. Аргаа барсан бүсгүй байраа зарахаар шийдэж, хүүтэйгээ санал солилцсон чинь:
- Аавын минь голомт болохоор би эндээ баймаар байна. Олон жил амьдарсан орон гэрээ зарж, өөрчиллөө гээд амьдрал сайжирна гэж үү. Харин ч байрнаасаа хөдөлсөн чулуу шиг эв, эендээ орох гэж хугацаа алдах байх аа… гэсэн байна.
Нэгэнт хүү нь ингэж хэлсэн тул Шүрээ ч гэсэн бодлоосоо буцаж, өөрийгөө зэмлээд өнгөрсөн байна. Энэ үед хүү нь найз охиноо гэртээ авчирч, бэр нь хэдхэн сарын дараа төрнө гээд тэдний ам бүлд томоохон үйл явдлууд өрнөж байжээ. Шүрээ салсан нөхөртэйгээ ярьж, зөвлөх гэснээ болиод амьдрал болоод сэтгэлд нь цучил нэмэн тулж, түшиж явдаг Эрдэнээдээ амьдралаа ярьж, зөвлөлдсөнөөр Батцогтынх гэх айл амьдарч байсан байрыг хүүдээ өгөхөөр шийдсэн байна. Шүрээ хувцсаа чирээд айлд очиж суухыг хүсээгүй аж. Хэдэн сар айлын нэг өрөө байр хөлсөлж, “Ханилан суух” санал тавьж, хэдэн жил бараа түшиг болж яваа Эрдэнээтэйгээ нэг гэрт оржээ. “Хөлсний байр зарлага ихтэй”, “Хүний бэлэн юман дээр очихгүй” гэсэн хоёр үзүүрт бодолдоо хөтлөгдсөөр яваад дэлгүүрээ барьцаалан зээл авч, байр худалдан авснаар хоёр дахь амьдралаа эхлүүлжээ.
Урьд нь ор хөнжилдөө орж, биеийн жаргал эдлээд сайхан байсан бол нэг гэрт, шинэ байранд орсноосоо хойш Шүрээ Эрдэнээтэй ойртох гэхээр л цэв хүйтэн бие, аймаар харц нь түүний айдсыг төрүүлээд байх болсон аж. Бүсгүй хүний ааш авир дийлдэх биш, энэ байдлаас болж тэр хоёр үргэлж ам зөрсөөр нэг их удалгүй хоёр тийш болжээ. Ингээд ганц бие бүсгүй банкны зээлээ, бас хоёр ч найзаасаа гуйж авсан 20 гаруй сая төгрөгийг хугацаанд нь өгч чадаагүй байна. Дэлгүүрээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэх гэсэн боловч бие нь өвдөж, бүр эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү хугацаа алдаж явсаар байтал түүнийг нэг л өдөр хуулийн байгууллагад дуудаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэгтлээ мэргэ, төлгө хийлгэж, засал, дом гэж гүйдэггүй бүсгүй хүнд байдалд оронгуутаа сайн бөөд бараалхжээ.
- Чи онгодоо гомдоож, бүр хилэгнүүлсэн байна… гээд,
- Салсан нөхөр чинь танай эмээгийн талын их том удганы онгодыг авчээ. Уг нь чи авах ёстой байж… Ингэж онгод солигдож бууснаар та хоёр тохирохоо больж, салсан байна…
Шүрээ энэ удаа маш их харамсаж, өнгөрсөн амьдралаа, яагаад Батцогтоос салснаа, бас Эрдэнээ ямар төрхтэй болдгийг гээд бүгдийг эргэцүүлэн боджээ.
Олон жилийн өмнө Батцогт, Шүрээ хоёр хамт явж байгаад машин нь онхолдсон байна. Энэ үед Батцогт ямар ч бэртэл гэмтэл аваагүй бөгөөд Шүрээ гурав хоног ухаангүй байгаад сэргэхдээ:
- Эмээ, эмээ… Намайг битгий орхиоч би айгаад байна гээд их уйлжээ. Эмнэлгээс гарч ирэхэд нь Шүрээг хадам ээж нь угтан аваад,
- Миний охин азтай юм аа. Аваад явчих шахлаа шүү. Хүнд үзүүлсэн… Чи сахиусаа авч удган болох учиртай гэнэ хэмээсэн байна.
- Манай амьдралд тустай юм бол Батцогтыг бөө болгоё. Цаадахь чинь чадна. Би чинь сүсэг муутай, чадахгүй. Ингэж хэлээд хавьтуулаагүй ажээ.
Удаагүй байтал Батцогт, Шүрээ хоёрыг хадам ээж нь Хэнтий рүү авч явж нэгэн бөөгийнд зочилсон байна. Шүрээ “Засал хийлгэж, онгод сахиусыг аргадаж байна” гэж бодсоноос биш тэр хоёрыг үүрийн таван жингээр хөлдөж үхтэл хамт суулгахдаа онгод, дуудлагыг солих буруу, хар үйл хийж буйг ойлгоогүй гэнэ. “Тэр үед Шүрээгийн онгод сахиусыг Батцогтод авахуулсан” гэдгийг хадмаас нь өөр хэн ч мэдээгүй байна. Хувь хүнээс болоод банкнаас авсан зээлээ төлөх гэж өөр бусдаас дахин дахин зээл авснаар өрийн сүлжээ нь аалзны тор шиг болсон Шүрээ хорих ялаар шийтгүүлжээ.
- Би Батцогттой нэг оронд ороод хэвтэнгүүт л сонин юм болдог байсны учрыг сүүлд мэдсэн. Эрт мэдсэн бол засал хийлгэж, янзлуулаад нөхрөөсөө салахгүй байсан гэж Шүрээ ярьж байна. Тэр эр, эмийн харилцаанд орох гэхээр нөхөр Батцогт нь яг эмгэн шиг дуу хоолойтой, хэлж байгаа үг, илж, таалах нь хүртэл эмээ шиг болсон учраас бүсгүй нөхрөөсөө жигшиж, дайжин “Энэ ижил хүйстэн болчихож” гээд салсан ажээ.
Нөхөр нь ч “Би өөрийгөө ойлгохгүй байна…” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй явсаар тэд хоёр тийш болцгоож байжээ. Нэгэнт эмэгний талын хүчтэй онгодыг өөрт шингээсэн учраас Батцогт Шүрээг биеэсээ холдуулж чадахгүй байсны илрэл нь Эрдэнээ хүртэл төрхөө өөрчилчихдөг байснаар илэрсэн гэнэ. Тэгээд ч Шүрээгийн ойлгосноор, учир мэдэх бас нэг бөөгийн ярьснаар бол “Онгодоо аваагүй”, гэхдээ нөхөртөө шилжүүлснийг мэдээгүй нь Шүрээг их айхтар юмнаас аварчээ. Тиймээс шоронд орсноор түүнд үйлийг үүрүүлсэн гэнэ. Хэрэв Шүрээ өөрөө зөвшөөрч, онгодоо түлхсэн бол үхэх байсан аж.
- Би банкинд болоод хувь хүнд зээлж авсан мөнгөнийхөө бүх хүүг төлсөн. Тэгэхээр тэд хохироогүй, мөнгө нь өсч үржсэн байгаа биз. Яахав, шүүх хурал дээр хамгийн сүүлийн мөнгийг өгсөн. Боломж маань тийм байсан. Одоо ямар ч өргүй. Гэсэн хэдий ч зургаан жилийн хорих ял эдэлж байна. Энэ бол миний үүрэг ёстой үйл лай юм.
Миний эмээгийн ээж буюу эмэг эх маань эр хүн шиг авирладаг хүн байжээ. Тарвага зурам агнадаг, тэр байтугай өвлийн идэш хоолоо хүртэл өөрөө хийдэг байж. Уг нь миний эмэг ингэж явах ёсгүй их том онгод, хүчтэй сахиустай хүн байжээ. Гэвч тухайн нийгэм, цаг үедээ тэр хүн юун сахил авах, сахих, зүгээр л хар явсан нь өлзийтэй юм шиг санагдаад, ойлгоод ингэж нүгэл хурааж, үйл тарсан байна. Тэр үйл нь гурав дахь буюу тав дахь үедээ үүрэгдэх учиртай гэнэ. Тэгээд би эмэг эхийнхээ үйлийг үүрч яваа хүн. Энэ яриаг би зохиогоогүй. Мэддэг, чаддаг хүн зураг харж байгаа юм шиг хэлээд өгсөн. Би итгэсэн, итгэдэг. Энэ бүхнийг тоочиж ярьж байгаагийн учир нь “Аливааг тунгааж, ухаарч явахгүй бол хаана ч очиж унаж болох нь ээ” гэдгийг санаж, мэдээсэй гэснийх. Бид их юмыг хайрцаглаж, нууж, бас ихийг бөхөөж, үгүй хийсэн ард түмэн юм байна. Тиймээс цээр, цээрлэл бүхэн эргээд заавал ирж байна. Одоо хүүхдүүд, ялангуяа залуус ураг төрөл, удам угсаа, амьдрал болоод хүн байхын утга учрыг сайн ойлгож, ухаарах хэрэгтэй. “Сүсэгтэй, сүсэггүй”, “Санааных” гэдэг бол байж болохгүй “Санаа, заяа” хоёрыг бид хэнээр, хэнд яаж удирдуулах вэ гэдгээ сонгоно гэдэг чинь их утга байна шүү. Бусдын болоод далд хүч, төлгө төөрөгт итгэ гэсэн үг биш гэдгийг ойлгож байгаа биз дээ… хэмээн Шүрээ ярьж байна. Онгод сахиусаа хилэгнүүлж, гомдоосон гэх бүсгүйн яриа бас нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах шиг.
URL: