Улаанбаатарыг аврах ганц арга нь нийслэлийг шилжүүлэх

Улаанбаатар өнөөдөр 1.3 сая хүн амтай, 400 гаруй мянган машинтай, ачааллаа дийлэхээ больсон хот болчихсон. Тиймдээ ч бүхий л зүйл нь багадаж, дутаж, дутагдаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тэг заачирсан. Жил бүр л сургууль, цэцэрлэг барих асуудал яригддаг. Барьж я байгаа. Гэхдээ дутагдсан хэвээрээ л. Замаа өргөсгөөд засаад л байдаг. Түгжрэл буурч байгаа юм алга.

Ундны усны хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэлсэн. Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн гуравны нэг нь орон сууцанд орчихвол ундны усаа түгээж дийлэхгүй гэсэн тооцоо судалгаа ч байсан. Энд тэр тооцоо, судалгааг ерөнхийд нь дурдаж байгааг хэлэх нь зүйтэй байх. Энэ мэтээр Улаанбаатар хотын асуудлыг яриад байвал барагдахгүй. Утаа униар, хөрсний бохирдлоос авахуулаад.

Ер нь л өнгөтэй, өөдтэй зүйл гэж бараг алга. Энэ бүх асуудлаас гарах арга нь төвлөрлийг сааруулах. Өөр арга бараг л алга. Гэхдээ манай улстөрчид, эрх баригчид хотыг эргэн тойронд нь тэлж, хэдэн дэд төвтэй байхаар шийдэж, төвлөрлийг сааруулна гэсэн ерөнхий маягийн төлөвлөгөө гаргачихсан. Гэхдээ тэр төлөвлөгөөгөөр бол Улаанбаатар хотын хэт төвлөрөл багасна гэдэг бас л хэцүү. Түүний оронд ердөө л нийслэлээ нүүлгэх л хэрэгтэй байна.

Уг нь энэ санаачилга аль эрт л гарсан. Гэхдээ ажил хэрэг болгох тал дээр эрх баригчид зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Харин ойрноос нийслэлийг Хархорин руу шилжүүлэх санал, санаачилга гарч эхэллээ. Янз бүрийн санал ч дэвшүүлж байх шиг байна. Улаанбаатар хотын зарим чиг үүргийг Хархорин руу шилжүүлье. Хоёр хоттой байя гэх мэт. Ер нь бол дэлхийн олон орон тиймэрхүү аргыг хэрэглэж, хэт төвлөрлөө багасгаж байсан юм билээ. Бусад улсууд хэрэгжүүлж болоод байхад манайх л болохгүй байв гэж. Оролдоод үзэх л асуудал. Нөгөө талаар нийслэлийг шууд Хархорин руу шилжүүлэх хувилбар байж болно. Үндсэн хуулинд байгаа “Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар” гэсэн зүйлд ганцхан нэр өөрчлөөд л гүйцээ.

Монгол Улсын нийслэл Хархорин хот юм гээд биччихээд, парламент болон Ерөнхийлөгчийн ордон бариад л гүйцээ. Мөн Засгийн газрын ордон барьсан ч болно. Ингээд л нийслэл шилжчихлээ гэсэн үг. Энэ аргыг маш олон орон хэрэглэсэн байдаг юм билээ. Казахстан гэхэд Алматад байсан нийслэлээ Астана руу шилжүүлчихлээ. Ердөө л Казахстан улсын нийслэл Астана хот байна гээд л асуудлыг шийдчихсэн. Өнөөх хэт төвлөрөл эрс саарч байгаа юм. Манайх ч гэсэн энэ аргыг хэрэглэх цаг болсон.

Тэгэхгүй бол Улаанбаатар хотдоо бөөгнөрсөөр байтал иргэд амар сайхан жаргах биш амь нас, эрүүл мэндээрээ хохирч эхлээд байна. Утаанаас бид төвлөрлийг багасгаж л салахгүй бол өөр арга алга. Хэрвээ Хархорин руу нийслэл шилжчихвэл Улаанбаатар хотын иргэдийн тал нь тийшээ явах байх. Тэгвэл Монгол Улс хоёр том хоттой л болно. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл гээд бүхий л асуудал шийдэгдэнэ. Ер нь л нийслэлийг шилжүүлэх нь маш олон давуу талтай байгаа юм. Энэ асуудлыг эрдэмтэд янз бүрээр хэлж, ярьж, судалгаагаа танилцуулж байна. Өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд “Хархорум-795″ эрдэм шинжилгээний бага хурал болсон.

Энэ үеэр ч нийслэлийг шилжүүлэх асуудлыг судалгаатай, дорвитой ярьж байна билээ. Ер нь бол зоригтойхон шийдвэр гаргаад нийслэлээ шилжүүлэхэд болохгүй юм байхгүй. Харин улстөрчдийн зоригтой шийдвэр л дутаад байгаа юм. Уг нь 2020 он гэхэд нийслэл Хархорин руу шилжчихвэл ч. Яагаад Хархорин руу гэж гээд давуу талыг нь тайлбарлавал маш их зүйл бий. Эрдэмтэд нэгийг харж, хоёрыг тунгаасан болохоор эртний нийслэлээ сонгож авсан байж таарна шүү дээ. Одоо ганцхан бидэнд зориг л хэрэгтэй байна даа.

Н.Пунцагболд

Эх сурвалж:Монголын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих