“Take off” гэх энэ хамтлаг: “Загасчны морь усгүй” гэдэг шиг л байна
“Take off” гэх энэ хамтлагийг өдгөө Монголд мэдэхгүй, дуулаагүй сонсоогүй хүн үгүй биз. Хамтлаг болон тайзнаа гарснаас хойш өөрийн өнгө төрх, хэв маягаараа ялгарч чадсан эл хамтлаг ойрдоо нэг л нам гүмхэн байгаа. Сураг ажиг тавибал шинэхэн студи байгуулаад зав муутай байгаа аж. Тус хамтлагийн гишүүн Наагий буюу Б.Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа.
-”Take off”-ыг фенүүд нь сураглаад л байх юм?
-Баярлалаа. Танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Гэхдээ бид бүр ч таг болчихоогүй дээ, уг нь.
-Гэхдээ л нам гүмхэн байна гэх шүүмжлэл сонсогдоод байна?
-Хамтлагийн сонин хачин гэвэл тус тусынхаа уран бүтээлийг хийгээд хэсэг хугацаа өнгөрлөө. Одоогийн байдлаар хамтлагаараа хийчихсэн юм бас алга.
-Саяхан шинэ студи байгуулсан гэсэн?
-Миний тухайд энэ чиглэлээр сурч байсан л даа. Тэгээд цаашид ажиллах сонирхолтой учраас студиэ байгуулсан. Одоогийн байдлаар клип, реклам, богино хэмжээний киноны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бүрэн хэмжээний кино хийх түвшинд хараахан хүрч амжаагүй л явна.
-Студийн нэр нь?
-Хүүгийнхээ нэрээр Эрхэс гэж нэрлэсэн. Нэрийн утга аль аль талаасаа таалагдсан юм.
-Хамтлагийн уран бүгээл хэсэг хугацаанд завсардлаа гэлээ шүү дээ, цаашдаа уран бүгээлээ хэзээнээс туурвиж эхлэх вэ. Эсвэл тус тусдаа уран бүтээлээ хийсээр байх уу?
-Би өөрөө хэдэн дуу бичүүлсэн байгаа л даа. Тэгээд “Загасчны морь усгүй” гэгчээр өөрийнхөө уран бүтээлийг дорвитой хийж амжихгүй юм. Харин бусад хамтлаг, дуучдын уран бүтээл рүү анхаараад д явж байна. Манай хамтлагийн Сүхээ Ирландад ажиллаж амьдарч байгаа. Ирэхээр нь хамтарч уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа.
-”Take off” хамтлаг уран бүтээлээрээ сонсогчдодоо юуг хэлэхийг, ямар санаа өгөхийг зорьдог вэ?
-Зорьдог байсан бэ гэж үү. Манай хамтлагийн яруу найрагч Соёмбо гэж найз маань байдаг. Бид хамтарч нэлээд уран бүтээл туурвисан. Гэхдээ голдуу залуусын хайр сэтгэл, ээж аавын тухай уран бүтээл туурвидаг. Олон жилийн дараа бидний уран бүтээл хүмүүст сайхан дурсамж болж үлдээсэй гэж боддог байсан. Энэ маань ч гэсэн тодорхой хэмжээгээр биеллээ олсон гэж бодож байна.
-Та өөрөө залуу хүн. Хотын залуусын соёл, зан, харилцааны талаар юу гэж боддог вэ?
-Миний бодлоор их сайхан болж байна. Боловсролдоо их анхаардаг болж. Түүнийгээ дагаад зан харьцаа нь ч их сайхан болсон байна гэж боддог. Цаашдаа улам сайхан болно байх. Хүний бүтээж цогцлоосон цаашид хийх бүхэн нь өөрийнхөө, гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн төлөө мэт боловч цаад утгаараа эх орныхоо хөгжилд нэмэр хандив болж байгаа гэдгээ сайн бодох хэрэгтэй.
С.Уламбаяр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: