Монгол Улсын сав газрын захиргаад чуулж байна
БОНХАЖЯ-наас Монгол Улсын сав газрын захиргаадын, нэгдсэн II зөвлөгөөнийг “Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр зохион байгуулж байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг зөвлөгөөнийг нээж үг хэлсэн. Тэрээр салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод ажлын амжилт хүсээд зөвлөгөөнөөс нэгдсэн зөвлөмж, санал санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна гэв. Тэр бүхнийг бодлогын бичиг баримтад тусган, ажил болгох тал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Зөвлөгөөнд БОНХАЖЯ-ны холбогдох газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд, БОХХААБХ-ны дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгч С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл болон усны салбарын эрдэмтэд, 29 сав газрын захиргаад, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, ТББ-ын төлөөлөл гээд нийт 200 гаруй оролцогч хамрагдлаа.
Зөвлөгөөний зорилго нь:
-Усны нөөцийн нэгдсэн менежментийн талаарх төрийн бодлого, Байгаль орчны тухай, Усны тухай болон бусад холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд Сав газрын захиргаадаас оруулж буй хувь нэмрийг үнэлэх;
-Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Монгол улс одоогийн байдлаар 29 сав газартай. Эдгээр нь тухайн сав газрынхаа менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах үүрэгтэй ажилладаг байна.
Сав газрын захиргаадын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрнэ хэмээн харж байна. Үүнд:
1. Дэлхийн улс орнуудын усны менежментийн шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулсан Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлал, төлөвлөгөөг сав газруудад хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг Усны тухай болон бусад хуулиуд, Ус үндэсний хөтөлбөрт хэрхэн тодорхойлсон талаар зөвлөгөөнд оролцогсод нэгдсэн ойлголттой болсон байна.
2. Дээрх хуулиуд болон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөн тохирсон байна.
3. Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилтыг тодорхойлсон хоёрдугаар зөвлөгөөнөөс зөвлөмж гарсан байх юм.
БОНХАЖЯ-ны ГЗББУНБЗГ -ын дарга Г.Мөнх-Эрдэм: 2012 оноос монгол орон усны нөөцийн менежментийг сав газрын зарчим дээр олон талын оролцоог хамруулсан менежментээр явуулахаар хуульчилсан. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт сүүлийн 2-3 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв, алдаа оноо, сургамж юу байгаа талаар нэгдэн хэлэлцэж байна.
Усны нөөцийн менежмент гэдэг нь байгалийн өөрийнх нь байгаа нөөцөд тулгуурласан төлөвлөлт, төлөвлөгөө хийхийг хэлээд байгаа юм. Монгол орны хувьд одоо байгаа тогтоогдсон нийт нөөцийнхөө 3-5 хувийг л ашиглаж байгаа ба нөөцийнх нь хүртээмж муу байна. Учир нь нийт усны нөөцийн 80 хувийг эзэлдэг гадаргын ус нь монгол орны гадаргын 30 хувь дээр л бүрэлдэн бий болж байна. Гэтэл газар нутгийн 70 хувьд гадаргын усны сүлжээ бараг байхгүй, говийн бүс, тал хээрийн бүсийн усны хэрэглээ, үйл ажиллагаа зөвхөн газрын доорх гүний усаар явагдаж байна.
Иймд дээрх бүс нутагт зайлшгүй усны нөөцийн менежмент хийх шаардлагатай бөгөөд говийн бүсийн усны нөөц хомс, тэжээгдэл бага тул усыг хамгийн бага зарцуулдаг үйлдвэрлэл, технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх дэлхий нийтийн сайн туршлага бол сав газрын захиргаадын менежмент. Монгол орон сав газрын захиргаадыг байгуулаад 3 жил болж байгаа ба 200 гаруй ажилтан албан хаагчийн хүн хүч хүрэлцэхгүй тул цаашид орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Цаашид усны нөөцөөс олж буй орлогоороо санхүүжээд эхэлбэл илүү боломжууд бий болох байх. Эдгээр менежментийг хийх гол хүч нь сав газрын менежмент. Манайд хэрэгжиж буй томоохон төслүүдийн ихэнх нь говийн бүст бий.
Тэнд газрын гүнээс тодорхой хэмжээний усны нөөцийг олж үйл ажиллагаа эхлүүлж болох хэдий ч цаг хугацааны хувьд урт байж чадахгүй 5-10 жил л байх болно. Үүний дараа зайлшгүй усны шинэ эх үүсвэрийг бий болгох ёстой. Энэ шинэ эх үүсвэр гэдэг нь гадагшаа урсаж байгаа томоохон голууд дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах явдал. Үүнд хур тунадас, үерийн усаар хуримтлагдаж буй илүүдэл усыг говийн бүсрүү шилжүүлэн ашиглах замаар усны хангамжийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох бодлого баримталж байна хэмээсэн юм.
Дашрамд дурдахад сав газрын анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд зохион байгуулсан ба Сав газрын захиргаадыг байгуулсантай уялдуулан захиргаадын хүний нөөцийг чадавхижуулах, санхүү, хөрөнгийг бэхжүүлэх талаар зөвлөлдөж байсан юм.
URL: