Нэг гэр, 10-аад чингэлэг шатжээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын жижүүрт өчигдөр 14.20 цагт “Нарантуул” захын ар талын нүхэн гарцны ойролцоо айл шатлаа гэсэн дуудлага иржээ. Тухайн айл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамжинд байсан аж.
“Нарантуул” захын ойролцоох айлууд хашаандаа чингэлэг байрлуулж, захын наймаачдын барааг хадгалдаг. Гал гарсан айл тэдний нэг байжээ.
Гал гарсан хашаа 50 ам.метр орчим бөгөөд хашаанд нэг гэр, 20 орчим чингэлгийг хоёр эгнээ байрлуулсан байжээ. Гэр бүрэн шатаж, арваад чингэлэг барааны хамт ашиглах боломжгүй болсон тухай гал сөнөөгч нар хэлж байсан. Харин хүн гэмтэж, түлэгдсэн болон хүний амь нас хохирсон зүйл азаар гараагүй байна. Шатсан чингэлэг дотор ихэвчлэн цахилгаан бараа хадгалдаг байсан тухай эх сурвалж хэлсэн байна. Гал юунаас болж гарсан, хэдэн хүн ямар хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байгаа юм. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Жижүүрийн шуурхай баг, шинжээч нар галыг бүрэн унтраасан юм.
URL: