“Мак цемент” ХХК-ны мэдэгдэл
Манай компани нь эх орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, 351 сая ам.доллар буюу 700 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш нийт ажлын 90 хувийг гүйцэтгээд байгаа ба 2016 оны эхний хагас жилд ашиглалтад оруулна.
Монгол улсын Засгийн газраас Барилгын материалын үйлдвэрт дэмжлэг үзүүлэх тухай 2014 оны 218-р тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн манай компанийн нэг сая тонн цементийн үйлдвэрийн төсөлд 87.5 сая ам.долларын зээл олгохыг Хөгжлийн Банканд зөвшөөрсний дагуу одоогийн байдлаар 56 сая ам.доллар буюу 109 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.
Улсын хэмжээнд хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй цементийг барууны дэвшилтэд технологиор дотооддоо үйлдвэрлэх, БНХАУ-аас өндөр үнээр худалдан авдаг цементийг орлох, улмаар барилгын өртгийг бууруулах, ажлын байр шинээр бий болгох, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий нэг сая тонн цементийн үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт болох 700 тэрбум төгрөгийн 70 хувийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар, үлдэгдэл санхүүжилтийг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид зааснаар нийт төслийн хөрөнгө оруулалтын гуравны нэгд нь зээл олгоно гэсний дагуу 87.5 сая ам.долларын зээлийг өөрсдийн хөрөнгөө барьцаалж, зээлийн эргэн төлөлтийг 100 хувь өөрсдөө хариуцаж Хөгжлийн банкнаас авсан нь Монгол Улсын хууль, тогтоомжийг удирдлага болгон аж ахуйн нэгж ба банк хоорондын гэрээний үндсэн дээр шийдэгдсэн улс орны хөгжлийн төлөөх ажил хэрэгч зээл болохоос биш улс төрийн нам, улстөрчидөөс хамааралтайгаар авсан зээл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
“МАК ЦЕМЕНТ” ХХК
2015.12.1
URL: