Г.Шийлэгдамбатай Шадар сайд Ц.Оюунбаатар болон О.Баасанхүү З.Баянсэлэнгэ нар уулзжээ

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс авилга авсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Тодруулбал, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татан, цагдан хорих хугацааг 2 сар сунгасан. Ингэснээр Г.Шийлэгдамба өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс хойш хоригдож байгаа юм.

Түүнийг хоригдож байх хугацаанд АТГ болон ШШГЕГ-ынхан сайд асан Г.Шийлэгдамбыг хэнтэй ч уулзуулахгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь хүний эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл АТГ-ын байцаагчид өнгөрсөн хугацаанд Г.Шийлэгдамбаас гурван удаа байцаалт авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн ар гэрийнхэн болон намын нөхөд, УИХ-ын зарим гишүүд очиж уулзсан байна.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр 5-ны өдөр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар очиж уулзсан бол мөн сарын 24-ны өдөр түүний төрсөн дүү Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг нар очиж уулзсан нь тэмдэглэгдэн үлджээ. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, 24-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хүсэлт гаргаж уулзсан байна. Харин одоогоор намын дарга Н.Энхбаяр уулзаж амжаагүй байгаа аж.

Г.Шийлэгдамба нь хэрэгт холбогдсон даруйдаа хорих ангиас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээн, сайдын суудлаасаа огцрох хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа. Мөн МАХН-ын гишүүн, эмч Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдад нэрийг нь дэвшүүлээд байгаа юм.

Юутай ч Г.Шийлэгдамбыг ажлын өрөөндөө их хэмжээний хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэж байгаа ч АТГ-аас албан ёсны тайлбар хийгээгүй байгаа билээ.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих