Үнэ бүхий газруудын дуудлага худалдааны дүнг нийтэд ил болгоё

Төрийн ордны зүүн талын барилгыг Арабын баян эрхэм хувьчилж авсан нь өнгөрсөн өдрүүдийн ярианы гол сэдэв байлаа.

Тодруулбал, “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг Хангарьд ордонд нээлттэй дуудлага худалдаагаар арилжсан юм. Ингэхдээ тус барилгын доод үнийг 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхлүүлсэн. Дуудлага худалдааны явцад Араб эрхэм Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм. Энэхүү барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэрийг НИТХ-аас гаргасан байдаг. Барилгыг худалдаж авсан Абдул Карим худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар мэдээлэл өгөөгүй ч “Чингисийн хөшөөний ойролцоох хотын төвийн газрыг хувьчилж авсандаа туйлын баяртай байна. Чингисийн талбайн хажууд гэрэлт цамхаг босгоно. Харин юу гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байна” гэж сэтгүүлчдэд хариулжээ.

Абдул Карим нь Монголд 30 гаруй жил ажиллаж амьдран 2012 онд Монгол Улсын иргэншилтэй болсон нэгэн.

Түүний талаар сайн, муу янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гарч байгаа юм. Жишээлбэл, Абдул Карим Араб гаралтай, монгол эхнэртэй юм. Өдгөө 60 орчим настай тэрбээр Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа төдийгүй ирэхдээ маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл ч байна. Манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг ч Абдул Каримын хувьд 2012 онд монгол иргэншилтэй болжээ. Мөн түүний нэр дээрх компани шүүхэд дуудагдаж байжээ. Үүнээс гадна ноцтой байж болохуйц нэгэн мэдээлэл байгаа нь Абдул Каримыг шонхорын наймаа эрхэлдэг гэсэн мэдээлэл юм. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Абдул Карим гэдэг нэртэй хүнийг шонхор шувууны асуудлаар шалгаж байсан” гэх мэдээллийг өглөө. Гэхдээ хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авсан эрхэм мөн биш нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлд “Катарын хөрөнгө оруулалттай Алфажер компанид нэг тэрбум төгрөгийн торгууль ногдуулна. Тус компанийн ерөнхий менежерээр Абдул Карым ажилладаг” гэх мэдээлэл олон нийтэд цацагдлаа.

Ийнхүү Абдул Каримын талаарх сайн, муу мэдээлэл их цацагдаж байгаа ч түүнийг үнэхээр Монгол Улсын иргэн мөн үү гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Хэрэв үнэхээр хууль бусаар манай улсын иргэн болсон бол асуудалтай. Тийм биш бол ямар нэгэн асуудалгүй. Хотын төвд дахин нэг том бүтээн байгуулалт бий болох нь тодорхой юм.

Нээлттэй явагдсан дээрх дуудлага худалдаагаар Улаанбаатар хотын А бүсэд ийм хэмжээний газар ямар их үнэ цэнэтэй байдгийг олон нийтэд тодхон харууллаа. Үнэ цэнээ дагаад дээрх газрууд маш их хэмжээний үнэ хүрдэг гэдгийг хэвлэл үйлдвэрийн барилга тодорхой харуулсан гэхэд болно. Тиймээс хотын төвийн А зэрэглэлийн бусад газруудыг ямар замаар хувьчилж, хэдий хэмжээний үнэ хөлсөөр худалдсан болохыг нийтэд зарлах шаардлагатай байна.

Сайн талаас нь харвал улсын төсөвт их хэмжээний хөрөнгө оруулалтууд орсон байх. Муугаар бодоход үнэ цэнэ бүхий газруудыг хуудуутай хувьчилсан байж ч болзошгүй гэх хардлага нийгэмд бий болоод байна. Тиймээс Шангрилагийн барилгын газрыг MCS яаж авсан бэ, “Bluesky”-ын барилгын газрыг хэрхэн хэдэн төгрөгөөр авсан бэ, Сити цамхаг гэх зэргээр төвд байршилтай үнэ бүхий газруудын дуудлага худалдааны явцыг олон нийтэд нээлттэй зарлах хэрэгтэй.

2000 оны эхэн үеийн хувьчлал хүнд хэцүү үед хийгдсэн болоод ч тэр үү хямдхан болсон байж болох.  Гэхдээ сүүлийн жилүүдэд үнэ бүхий газар, байршлуудыг хэрхэн худалдсан талаарх мэдээлэл ил болгох нь зүйтэй.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих