М.Энхсайхан Н.Энхбаярыг хараад “цочдог” болсон уу
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш салшгүй анд нөхөд болж, хуучны комсомолынхонтой хамтдаа ууланд хүртэл гарах болсон Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр өнгөрсөн сонгуульд амжилттай оролцсоныхоо “гор”-ыг амсаж сүүлийн хоёр гурван жил тангараг тонгорог болж явна.
Энэ нь тэдний хэн болохыг нь олны дунд улам тод томруун харуулж байгаа нь тодорхой юм. М.Энхсайхан өмнө нь найзыгаа Монголын “авилгалын загалмайлсан эцэг”-ээр тодруулж байсан үе рүүгээ буцахаар шийдсэн мэт.
Харин Н.Энхбаярын хувьд “Шударга ёс” гэдэг эвсэл түүний нэр нүүрээр л УИХ-д 10 гаран суудал авч, бүлэгтэй болж улмаар сүүлийн хоёр Засгийн газарт хамтарч байгаа гэж үздэг нь ойлгомжтой. Тэр байтугай М.Энхсайханыг дагаж байж УИХ-д орж ирсэн Ц.Цолмон хүртэл нүүр буруулж, Н.Энхбаярт үнэнчээ харуулан МАХН-д орчихсон гэж байгаа.
Хамгийн эмгэнэлтэй нь хоёр андын зам энд хүрээд салж байх шиг. Ингэхдээ Н.Энхбаярын хувьд МАН-д нэгдэх ч юм шиг, үгүй ч юм шиг л явна. Харин найзуудын зам салж байгааг мэдэрсэн АН, М.Энхсайхан болон түүний “цэргүүд”-ээс ч асуулгүй МҮАН-ыг өөртөө нэгтгэх тухай яриад сууж байна гэсэн.
М.Энхсайханы хувьд АН-д уриулж байж л очих төлөвлөгөөтэй байгаа болов уу. Учир нь тэр хөөгдөх шахуу болоод гарч шинэ нам байгуулсан билээ. Тэгэхээр мань эрд уриулах шалтгаан өчнөөн бий гэсэн үг.
Ийм нэгэн өнөөдөр Засгийн газрын гишүүн сайдын мээст эзэмшээд сууж байгаа. Өмнө нь Н.Энхбаяр тэр хоёр эвсэж эхлэхдээ том, жижиг баахан хурал хийж түүгээрээ “Төрөөс төрсөн олигархиуд”-ыг нэрлэж байсан билээ. Тэр жагсаалтанд нь Э.Бат-Үүлийн нэр байгааг хараад М.Энхсайхан цочиж байлаа. Тэгвэл энэ удаа мань хүн Н.Энхбаярыг хараад цочдог болсон сурагтай.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn
URL: