Цэцийн шийдвэрт хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий юү?

http://www.bolod.mn/Upload/news/erunhiiligch_tsets.jpg

- ТЭРБЭЭР ОГЦРОХ БОЛЗЛОО ХАНГАЧИХСАН БАЙЖ Ч МАГАДГҮЙ – 

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан нь төрийн тэргүүн Цэцийн шийдвэрт хориг тавьсан анхны тохиолдол болжээ. Хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэх учиртай.
Гэтэл УИХ хоригийг хэлэлцэх шаардлагагүй бөгөөд Төрийн тэргүүн Цэцийн шийдвэрт хориг тавьснаараа огцрох болзол хангасан байж магадгүй талаар хуульчид ярьж байна. Тэд Ерөнхийлөгчийн энэхүү хоригийг “Ерөнхийлөгч нүд рүүгээ гараа хийчихлээ” хэмээн тайлбарлав.

Хэдийгээр тэд хууль зүйн талаас нь тайлбар хийж байгаа ч нээрэн 23 жилийн хугацаанд Ерөнхийлөгч яагаад Цэцийн шийдвэрт хориг тавьж байгаагүй юм бол гэх хар төрөөд байгаа юм. Тэгээд ч АН-ын хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжингийн шүүхийн шинэчлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүхийг тойргийн хэлбэрт оруулсныг “Үндсэн хууль зөрчжээ” гэж Цэц дүгнэсэн.

Гэтэл үүнийг Ерөнхийлөгч яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гээд харахаар Ц.Элбэгдорж гэдэг хувь хүн Төрийн тэргүүнд нэр дэвшиж байхдаа л “Шүүхийн шинэчлэл хийнэ” гэж гарч ирсэнтэй нь холбон тайлбарлаж болох юм. Х.Тэмүүжин өөрийнх нь санаснаар шүүхийг шинэчилсэн. Гэтэл Цэц энэ шинэчлэл нь Үндсэн хууль зөрччихлөө гэж дүгнэсэн нь түүнд таалагдаагүй учраас хориг тавьсан гэж ойлгож болох. Хэрвээ тийм бол эрх мэдэлд хүрсэн хэдэн хүн хууль, шүүхийн байгууллагыг бужигнуулж байгаа нь ард түмнээрээ тоглож байгаагаас өөрцгүй ноцтой асуудал байлтай.
Монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа түүнийг өмөөрч болох ч бүхэл бүтэн 23 жилийн хугацаанд Цэцийн шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт хориг тавьж байгаагүй атлаа яагаад заавал энэ удаад “Шүүхийн шинэчлэл хууль зөрчжээ” гэсэн дүгнэлтийг эсэргүүцэв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Харин одоо Ерөнхийлөгч “нүд рүүгээ гараа хийсэн”-ий учрыг хуульчдын тайлбарласнаар хүргэе. Энэ нь түүнийг огцрох болзлоо хангачихлаа гэсэн санаа.
Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй байдаг гэдгээ тэд ийнхүү жишиж тайлбарлаж байна лээ. Хамгийн ноцтой нь Үндсэн хуулиар Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй байдаг юм байна. Яагаад гэвэл Төрийн тэргүүний эрх, үүргийг тухайлан зааж өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд “Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих” гэж бий. Хэдийгээр “Цэцийн шийдвэрт хориг тавьж болохгүй” гэж үгчлэн заагаагүй ч “болно” гэж бас тусгаагүй байдаг аж. Тиймээс “бусад шийдвэр”-т Цэцийнхийг орууллаа гэж бодоход Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж аваад тогтоол гаргадаг.
Гэтэл энэ тогтоолд нь Ерөнхийлөгч хориг тавьчихсан. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихаж байгаа нь Цэцийн шийдвэр эцсийнх болчихож байна гэсэн үг. Тэр эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүгд биелүүлэх үүрэгтэй бөгөөд хориг тавина гэсэн ойлголт байдаггүй юм байна.
Үндсэндээ энэ заалтууд нь Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавихгүй гэдгийг илтгээд байна. Эсрэгээрээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол Цэц дахин их суудлаараа хуралдаж, эцсийн шийдвэр гаргана гэж байдаг бол Цэцийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн хууль хүчингүй болдог, Үндсэн хууль ёсоор. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хүчингүй болсон заалтад хориг тавьж буцааж босгох гээд байгааг учир мэдэх хүмүүс хэлээд байна.
Өөрөөр хэлбэл, “үхсэн хүнийг амьдруулах” гээд байгаа буюу Цэцээр нэгэнт “үхүүлчихсэн” хуулийн заалтыг буцааж “амьдруулах” хуулийн заалт байдаггүй аж. Тэр тусмаа “Хориг” гэдэг халхавч байж болохгүй бөгөөд Үндсэн хууль төрийн тэргүүнд ийм эрх олгоогүй гэдгийг хуульчид хэлж байна.
Нэг ёсондоо, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт хориг тавьснаар хил зөрччихлөө гээд байгаа юм. Учир нь, аливаа албан тушаалтанд ямар нэг зүйлд оролцох эсэх талаарх эрх хэмжээ гэж бий. Тийм ч учраас жишээ нь, Ерөнхийлөгчийг ямар хүрээ зааг дотор үйл ажиллагаа явуулах юм бэ гэдгийг бүрэн эрхээр тогтоосон байтал Ерөнхийлөгч энэ хүрээнээсээ хальчихлаа.
Харин Ерөнхийлөгч Шүүх байгуулах тухай хуульд хориг тавьснаас хойш УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал УИХ-ын өмнөх шийдвэр хүчингүй болно гэж яриад байгаа. Гэтэл тийм биш бөгөөд нэгэнт гарсан Цэцийн шийдвэрийг дахиж босгож ирэх боломжгүй юм байна. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгчийн тавьсан хориг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаар магадгүй Цэц шийдвэр гаргах боломжтой гэнэ.
Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй гэдгээр магадгүй Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхийлөгчийг буруутгаж болох гэнэ. Гэхдээ мэдээж Цэц өөрийн дураар ийм шийдвэр гаргахгүй бөгөөд учир мэдэх хүмүүс эсвэл албан байгууллагыг төлөөлж энэ талаар Цэцэд хандаж, маргаан үүсгэж болох юм байна. Ингэхдээ, “УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй юу үгүй юү гэдгийг тогтоож өгнө үү” гэж хүсэлт гарах боломжтой.
Энэ тохиолдолд Цэцээс “Ерөнхийлөгчид ийм эрх байхгүй” гээд хэлчихвэл УИХ хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй болох юм. Хэрвээ ийм дүгнэлтийг Цэцээс гаргавал Төрийн тэргүүн Үндсэн хууль зөрчсөн болох, цаашлаад энэ нь түүнийг огцруулах үндэслэл ч болж магадгүй болоод байгаа ажээ.
Харин Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхийг шалгуулах “зоригтон” гарч ирэлгүй асуудал нам жимхэн үргэлжилж, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал маш ноцтой нөхцөл үүсэх бөгөөд буруу жишиг тогтох гээд байгааг хуульчид хэлж байна.
Цэцийн шийдвэртэй холбоотой зарим тоо баримт дурдахад, Үндсэн хуулийг баталснаас хойшхи 23 жилийн хугацаанд Цэцээс нийтдээ 140 шийдвэр гаргасан байна. Үүнээс 53 тогтоол, 157 дүгнэлт, 270 магадлал гаргажээ. Харин яг “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр нь 140 гэнэ. Гэтэл 2012 оны тавдугаар сараас энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор “Үндсэн хууль зөрчсөн” гэх 40 орчим шийдвэрийг Цэцээс гаргасан байх юм.
Үүнээс үзэхэд Монгол Улс Үндсэн хуультай болсон 20 гаруй жилийг АН засаг барьсан сүүлийн гурван жилийн хугацаатай харьцуулахад хачирхалтай дүн гарч байна. Өөрөөр хэлбэл, АН гуравхан жилийн хугацаанд 30-аад хувийн буруу буюу Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрийг гаргажээ Товчхондоо, З.Энхболд тэргүүтэй УИХ Үндсэн хуультай зөрчилдөхөөр шийдвэрийг олноор “үйлдвэрлэж” байгаа нь эндээс харагдаж байна.
Түүнчлэн дээрх хугацаанд Үндсэн хуулийн Цэц нийт Үндсэн хуулийн 35 зүйлийн 71 заалтыг 200 орчим удаа зөрчсөнийг тогтоожээ. Үүнээс Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг 40, тэгш эрхийн талаар 20 удаа “хуулиас хазайсан” нь хамгийн их зөрчилд тооцогдож байгаа юм байна. Өнгөрсөн түүх ийм атал АН-ын Засгийн газрын үед Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрийг парламент нь маш олон удаа гаргачихсан. Дээрээс нь Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Цэцээс гаргасан дүгнэлтийг төрийн тэргүүн нь хориглосон процесс цаашид хэрхэн үргэлжлэхийг харах л үлдэж байна.
 М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: Anonymous Огноо: 1 December 2015

Ажил хийх бололцоогоо бие биендээ олгоё!!!

Нэр: Mf Огноо: 1 December 2015

Turiin terguun hun helsen ugendee ezen bolj hsen uildeldee hariytslagatai handah n zuw shuu dee gtel yugeel ingeed olon talaas n dairaad bdiindee

Сэтгэгдэл бичих