Хэрээс хэтэрсэн халамж хөдөөгийнхнийг “үхдэл” болгож байна
Нэгэн цагт манай улстөрчдийн нэхсэн аалзны шүлс шиг хэрсэн халамжийн “тор”-ыг одоо болтол гүйцэд цэвэрлэж чадаагүй л байна, бид. Тиймдээ ч залхуу хойрго, хөдөлмөрлөх дургүй хэсэг бүлэг нь тэр “тор”-нд орооцолдож, ходоод руугаа хийх хоолноос хэтрэхгүй амьдарч байгаа. Юу ч хийсэн чадах эрүүл саруул, эрхтэн бүтэн, идэр залуу хүмүүс төрөөс сард өгдөг хэдхэн төгрөгөөр бороо ходоодынхоо өлийг дарчихаад, навсгар гэртээ тэрийж хэвтсээр л байна.
Залуус ингэтлээ ажлаас зугтаж байгаа нь ердөө л халамжийн бодлоготой холбоотой гэдгийг зүтгэлтэй, сэтгэлтэй, хөдөлмөрч хүн болгон хэлэх аж. Тиймээс төр засаг халамжийнхаа “уут”-ны амыг хамхивал яасан юм бэ. Эрүүл саруул байж группт багтсан залуусыг хасаад, үнэхээр шаардлагатай хүмүүст нь хүргэмээр байна. Ямар ч өвчингүй, эрхтэн бүтэн, ажил хийх боломжтой залуус, гэр бүлийг нэн ядуу гэсэн ангиллаас хасч, төрөөс гурил, будаа, тос өгдөг байдлаа халаач ээ. Хүн хоолоо олж идэхийн тулд туслах малчин ч болов хийгээд, зүтгэнэ. Зүтгэснийхээ төлөө цалин, мөнгө авна. Тэр хэрээрээ сэтгэхүй нь өөрчлөгдөнө. Хүн хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болно гэдгийг ч ойлгож авна.
Тэгэхгүй бол амьдаараа сэтгэхүй нь ялзарч үхдэлээс ялгаагүй болж, сардаа олддог хэдэн кг гурил, будаанаасаа давж сэтгэж чадахаа болилоо байна, энэ хүмүүс. Нэг хонь хяргахад 10 мянган төгрөгийн хөлстэй байсан ч ажил хийх хүн олдохгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Бүр барилгын ажилд өдрийн 35 мянган төгрөгийн цалинтай туслах ажилтан авах зар өгөхөд л ажиллах хүн олдохгүй байна гэж байгаа, хөдөөд. Цалингаа голдог юм гэнэ ээ. Ёстой хэлэх ч үг олдоогүй. Яг нарийндаа цалингаа голж байгаа юм биш, залхуурч л байхгүй юу. Ийм л сэтгэхүйтэй болчихоод байна, сум, орон нутгийнхан. Тэгэхээр бүх л халамжаа авч хаях хэрэгтэй.
Хүүхдийн мөнгө, хүнсний талон энэ тэрийг болиулмаар байгаа юм. Ирэх оноос 1-17 дугаар бүлэгт хамаарагдаж байгаа иргэдэд хүүхдийн мөнгө өгөөд, баячуудад бол өгөхгүйгээр шийдсэн юм билээ. Яахав нэг алхам. Гэхдээ шалгуурыг үүнээс ч илүү нарийн болгомоор байна. Дээрээс нь зүгээр гурил, будаа, хүнсний талон өгдөг байдлыг халах цаг болсон.Тэгэхгүй бол цоо эрүүл залуу гэр бүл ажил хийхгүй гэртээ хэвтээд, хүүхэд “үйлдвэрлээд” л байж байна. Тэд хүнсний талон авч сарынхаа хэрэгцээг зохицуулж хүргэчихээд, хүүхдийн мөнгөөрөө наад, цаадахаа болгоод, илүү гарснаар нь архи уугаад явж байгаа. Үр хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэх энэ тэр дээр бодож байгаа ч юм байхгүй. Энэ мэт халамжлуулахаас өөр бодолгүй хүмүүс Монголоор дүүрвэл бид хөгжиж дээшлэх талаар мянга яриад яах юм.
Нөгөө талаар эх орон, ард түмэн гэж цээжээ дэлддэг улстөрчдийн дунд иргэдийг тэжээлийн мал шиг болгох сонирхолтой, гадны бодлогыг дагасан увайгүй нөхдүүд дүүрэн байдаг нь гашуун үнэн аж. Тэгвэл бид 2016 оны сонгуулиар энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Халамж амласан улстөрчийн ам руу нь алгадаад, ац руу нь өшиглөөд явуулах хэрэгтэй. Харин халамжийн бодлогыг зөвхөн зорилтот хэсэгт /тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие өрх толгойлсон олон хүүхэдтэй эх/ өгөх зорилт тавьж, бусдыг нь ажил хөдөлмөрт уриалж байгаа улстөрчийг сонгох цаг болсон. Монголчууд ам руугаа хоол хийлгээд сууж байх ангаахай шиг арчаагүй амьтад биш гэдгийг хэн хэн нь, хаана хаанаа мэдэх цаг болж.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: