Бондын мөнгөөр авсан онгоцыг чинь “Хан Ресурс”-ынхан битүүмжлүүлж болзошгүй
Хөгжлийн банкны асуудал өнгөрсөн долоо хоногт өндрийг авсан ч харамсалтай нь сүүлийн өдрүүдэд бага зэрэг намжих хандлага ажиглагдаж эхлэв.
Хэдийгээр байнгын хорооны хурлаар хэлэлцэж асуудлыг нь эцэслээгүй ч гэсэн өнгөрсөн долоо хоногт яригдсан асуудлууд араасаа тун ч их хэл ам дагуулж болзошгүй юм. Бондын мөнгийг үр ашиггүй зүйлд замбараагүй зарцуулсан гэх урдчилсан дүгнэлтэд ажлын хэсэг хүрээд байгаа. Тэдгээрийн нэг нь бондын мөнгөөр бойнг 767 онгоц худалдаж авсан явдал байлаа.
Дэлхийн аль ч улсын түүхэнд талх авч байгаа юм шиг онгоц авдаг улс байдаггүй. Нөгөө хэдэн зуун тэрбумаар эдийн засаг нь хэмжигдсэн улс гүрнүүд хүртэл улс зээлээр онгоц авдаг ажээ. Онгоцыг зээлээр авдаг бөгөөд урт хугацааны туршид тухайн онгоц нь өөрийн орлогоороо өр төлбөрөө төлдөг байх юм. Тэр ч бүү хэл ирэх жилүүдэд нэмж хоёр ч онгоцыг худалдаж авахаар яриа хэлэлцээр хийж, гэрээ хэлэлцээрийг байгуулжээ. Нэгэнт гэрээ хийсэн учраас өөрчлөгдөнө гэж байхгүй. Тиймээс авахаас өөр арга байхгүй. Гэтэл манайд яг үнэндээ тийм зах зээл бий юу гэдгийг бодоход илүүдэхгүй. Тэрч байтугай онгоцууд нь манай улсад орж ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүсээд байна.
Монголчуудыг олон улсын тавцанд “муухай” харагдуулж буй Хан Ресурсын хэрэг биднийг тун удахгүй дахин асуудалд оруулж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн хавар Канадын компанид манай Засгийг газар олон улсын арбитрын шүүх дээр ялагдал хүлээсэн. Ингэснээр бид “Хан Ресурс” компанид 104 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болсон. Нидерландын Гааг хот дахь олон улсын арбитрын шүүх манай Засгийн газрын буруу хэмээн шийдвэрлэсэн. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүү бодогдож эхэлсэн бөгөөд өдрийн хүү нь 6.485 ам.доллараар нэмэгдэж байгаа. Харин өнгөрсөн намар Засгийн газраас Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон улсын арбитрын шүүхээс Канадын “Хан Ресурс” компанид 104 сая ам.долларын төлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл Канадын компанийнхан дээрх асуудалд дахин анхаарлаа хандуулахаар болжээ. Тэд өр төлбөрөө авахын тулд манай улсын гадаад дахь өмчүүдийг битүүмжлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тэрхүү хүсэлтдээ тус компани Арбитрын шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх, нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээний авна. Энэ нь Нью-Йоркийн конвенцид нэгдсэн улс оронд хамааралтай учир уг чиглэлээр туслалцаа үзүүлэхийг мэдэгдье гэжээ. Гадаадад байгаа манай өмч гэвэл элчин сайдын яам болон олон улсад нислэг хийж буй онгоцууд байдаг. Тиймээс манай улсаас олон улсад нислэг хийж буй онгоцууд ойрын үед асуудалд орж магадгүй нөхцөл байдал үүслээ гэхэд болно. Манай онгоц азийн аль нэг улсад буухад нисэх буудал дээр нь шууд хураан авах болно.
Тиймээс тооцоо судалгаа хийхгүйгээр их хэмжээний зардал гаргаж авсан онгоцууд маань эргээд асуудалд орж болзошгүй нь бололтой. Мөн Засгийн газар “Хан Ресурс”-ын асуудалд ойрын өдрүүдэд тууштай хариу өгөх шаардлагатай болоод байна.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hogjliin bankiig shalga. mash ih asuudal bgaa shuu. sain shalga. idsen uusan yum ih bii