Ховдчууд Д.Батцогтод санал өгсөн үү, Н.Энхбаярт өгсөн үү
Тэдний хувьд улстөрийн сонголт гэдэг ар гэр, амьдрал ахуй, юу юунаас чухал байдаг бололтой. Тиймдээ л Д.Батцогт “Үхрийн бөөр шиг эвлүүлж зүйсэн” “Шударга ёс” эвслийг орхиж, түүнээс ч дор зүйдэлтэй АН-ын нөмөрт ирсэн хэрэг. Энэ бол хувь улстөрчийн сонголт. Шуудхан хэлэхэд тэр “Шударга ёс” эвслийн ирээдүйд огтхон ч итгэсэнгүй гэдгийг эндээс харж болно. Гэтэл нөгөө талаас алс хэтийнхээ байг гэхэд улстөрийн ойрын ирээдүйгээ мэдэрчих хэмжээний гэгдэх Ж.Сүхбаатар нар МАН-аас урваж, “Шударга ёс” эвслийг ирээдүйгээ гэж харж байх жишээтэй. За яахав, МАН, МАХН тэрээ тэргүй нэг угшилтай учраас элэг татсан байж болно. Үүн лугаа адил АН, МҮАН ч цус нэгтэй ахан дүүс гэхээр Д.Батцогтыг буруутгах аргагүй. Нэгэнтээ М.Энхсайханд панаалдуулж яваад л толгойных нь эргээ гэнэт гараа биз.
Уг нь түүний сонгож очсон АН нь өөртөө данстай нөхдийнхөө орон зайг бүрдүүлэх гэж дөрвөн намрын навчис шарлуулсан ч өдгөө бүрдээгүй зодолдсоор л байна. Тэд төрийн эрхийг өгсөн цагт л энэ зодоон дуусна, түүнээс нааш үгүй гэдгийг Д.Батцогт уг нь ойлгох учиртай. Булаалдах албан тушаал, эрх мэдэлгүй улстөрийн хүчин хэзээд амар тайван, эвтэй байдаг хойно доо. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар тэр Ховд аймагт “Шударга ёс” эвслийн нэр дээрээс босч баз хүргэнтэйгээ хамт парламентийн хаалгаар орж ирсэн. Магадгүй ховчдууд түүнд бус “Шударга ёс” эвслийн нэрээр саналаа өгсөн бол яана. Бүр Н.Энхбаяр гэж хэзээ ч хуучирдаггүй кадрын нэрээр ташуурдчихсан бол яах юм. Тухайн үед Н.Энхбаярыг Монгол Улс даяар өрөвдөж, түүний төлөө яахаас ч буцахгүй олон хүмүүсийн дуу хоолой давалгаалж байв. Н.Энхбаярын фракциас нэр дэвшиж өрсөлдсөн хэн бүхэн түүний тухай өрөвдөнгүй ярихад л нулимс асгахаар тийм цагт нэр дэвшсэн гэдгээ мартсан юм болов уу. Д.Батцогт Ховдод түүхэндээ АН ялалт байгуулж байгаагүй мэддэг л байгаа даа.
Айсуй 2016 онд АН-ын нэр дээрээс Ховдод өрсөлдөхөөр санал цуглахгүй бол яана гээд олон асуудал босно. Ямартай ч өөртөө байгаа хэдийгээ шингээх газаргүй сандарч байгаа АН түүнд тал засч, намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлүүлэхгүй гэдэгтэй мөрий тавьсан ч болно. Нөгөө талаар түүнд зөөлөн боорцог байхаар тийм тойрог ч олдохгүй. Тэртээ тэргүй АН ялалт байгуулж үзээгүй Ховд аймгийн тойрог л оногдоно гэдгийг тооцоолсон биз гэж өөрөөс нь асуумаар. Энэ бүгдээс харвал улстөрд шинэ тутам хөл тавиад байгаа Д.Батцогыг ихээхэн адармаатай улстөрийн зам тосч уулзах нь. Яахав, тэр Ховд аймагт төрж өссөн, Улиастайн арван жилийн сургуулийг 1986 онд төгссөн тэндэхийн унаган хүүхэд гэдэгтээ эрдсэн байж болно. Хамгийн гол нь унаган хүүдээ бүү хэл ханилсан амрагтаа санал өгөөгүй тохиолдлыг “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүх хэвлэлээр дэлгээ биз дээ. Гэхдээ Д.Батцогт үнэнхүү мэдрэмжтай, бараг зөн билэгч маягийн нөхөр байхыг бас үгүйсгэхгүй.
Учир нь тэрээр айсуй сонгуулиар “Шударга ёс” эвсэл задарч угшил угшлаа дагах нь ойлгомжтой. Тиймээс эртхэн бууриа засч байхаар шийдсэн бол бас өөр хэрэг. Тийм магадлал ч өндөр байна. Улстөрийн алсын хараа, өндөр мэдрэмжтэй нэгэн байж болно. Хэрвээ тийм бол угшлаа дагаж, АН-д нэгдсэн МҮАН-ыг орж ирэхэд Д.Батцогт ямар ч байсан цаад хэдээсээ арай л дээгүүр суудалтай байхыг тооцоолсон юм болов уу. Нэгэн цагт доншуулчиж гараад, сүүлдээ мөнхийн өрсөлдөгч, заналт дайсан Н.Энхбаяртай нь нэгдэж яваад ирсэн МҮАН-ын нөхдөд АН тийм ч ээлтэй хандахгүй. Ядахад л МҮАН-ын дарга М.Энхсайхан жагсаалтад эрэмбэ эдлэх тохироо хийнэ. АН-ын захын гишүүн дургүйцнэ. Г.Уянгаас эхлээд тойргоо хамгаалж үлдэнэ гэхээр бас л нэг нь дургүйцнэ. Байгаа хэдээ шингээж чадахгүй байгаа АН-ын гишүүд захаасаа аван ад үзнэ. Намын жагсаалтын наймд бичигдэх эрэмбэтэй нөхрийн урдуур М.Энхсайхан шургаж л таарна. Тэгэхээр наймын эрэмбэтэй нөхөр МҮАН-ыг адлана, 10-т эрэмбээр зогсож байгаа нөхөр гээд цааш адлах болно. Тэртээ тэргүй улстөрийн тохироо бол ийм хойно яая гэхэв. Энэ бүгдээс харвал Д.Батцогтын ирээдүйд яах аргагүй их бартаа харагдана.
Тэгэхээр гаалийн шат шатны байгууллагад ажиллаж, улстөрд хөл тавих бэл бэнчингээ базаасан хэмээн хардагдах Д.Батцогт өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамт “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүнээр ажиллаж улстөрд замаа зассан нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Мэргэжил боловсролын хувьд тэр аль ч намын бүлэглэлд дор суухгүй. ОХУ-ын Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг усны инженер мэргэжлээр 1991 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг банк санхүүч, эдийн засагч мэргэжлээр 1998 онд тус тус төгссөн. Д.Батцогт ерөөсөө АН-ыг засаг барьж ахуй цагт буюу засагт хамтарч байх үед гаалийн харъяа байгууллагад ажиллаж байсан. Ажлын туршлага ч чамгүй гэж хэлж болно. Тухайлбал, “Нөөц” ХХК-д менежер, “Вестерн трейд” ХХК-ний захирал, “Хайрхан холдинг” ХХК-ний захирал зэрэг албыг хашиж ажлын туршлага хуримтуулсан нөхөр.
Д.Батцогтыг “шударга ёс” эвслээс гарах хүсэлтээ гаргасны дараа тус эвслийнхэн дотор “Д.Батцогтоор Д.Батцогт өөрөө л дутна” гэх үг гаргаад байсан. “Шударга ёс”-чууд нэг суудлаа алдаж байгаад ийнхүү хорссон хэрэг үү. Үнэхээр Д.Батцогт гэх хувь улстөрчийн мөн чанарыг ийн хэлчихэв үү, мэдэх юм алга. Юутай ч тэр “шударга ёс”-чуудын бүлэглэлээс татгалзаж, асуудлыг нь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн тухай би вээр бичиглэж байв. Үүнийг би тухайн үеийн мэдээллийн хүрээнд бичсэн. Харин нөгөө талаас Х.Баттулга, М.Энхсайхан нарын тохирооны нэг ажиллагаа нь “Шударга ёс”-чуудаас МҮАН-ынхан татгалзах алсын ажиллагаа гэсэн нь бий.
Нөгөө талаар энэ бүлэглэлийг сайшааж хэлэх нь бүү хэл ойшоож үзэх хүн ч тун ховордож байгаа аж. Үг сөрвөл бүлгийн хаалгыг савчих гэсэн нөхөд ордноор нэг хэлхэлдэж байгааг ч дуулгах боллоо. Уг нь урьд цагт “Ноён сөрвөл хамаргүй, нохой сөрвөл хормойгүй” гэдэгсэн. Харин өдгөө энэ үг ул болж, ноёноо сөрсөн хүн амжилтад хүрдэг цаг ажээ. Тиймдээ ч ганцхан “Шударга ёс” биш бусад улстөрийн бүлэглэлүүдэд ч ажиглагдах болсон зүйл гэвэл энэ. Тиймээс Д.Батцогтыг “Шударга ёс” эвслээс явлаа гэхэд хэн ч хориогүй, бас хэн ч гайхаагүй. Тэр ер нь юу хийж чадах хэн билээ гээд бодохоор хэний ч санаанд юу ч үл бууна гэж хүртэл бичиж байлаа. Яахав, Д.Батцогт гомдогсод гологдогсодын энэ бүлэглэлийг зүдэрч явахад нь Ховдоос нэг суудал чирч ирсэн нь бол яах аргагүй том гавьяа мөн. Гэхдээ энэ бол “Шударга ёс”-д л оруулсан гавьяа болохоос биш бусад зүйлд бараг лай болсон гэлтэй. Ер нь Эрдэнэтээс Л.Цог, Сонгиноос Д.Тэрбишдагва, Чингэлтэйгээс Г.Уянга гээд тус бүр нэг суудал чирж ирсэн нь гай удсан гэдэг нь ч ортой зүйл. Эд нар л суудал авчраагүй бол УИХ-д хэдэн гологдогсод гомдогсодын бүлэглэл бий болж, засагт хамтарч өнөөдрийн лай ланчигийг бий болгохгүй байсан л гэнэ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд ямар их гай удав аа, эд нар хэмээн бүр бухимдаж хүртэл үзсэн дээ.
Тэгэхээр энэ бүгдээс дүгнэлт хийн харвал Д.Батцогт Монгол Улсад ийн лай чирч ирсэн хүмүүсийн нэг болчих гээд байгаа хэрэг. Би урьд өмнө ч бичиж байсан, одоо ч өгүүлэхэд Монголын их улстөр Д.Батцогтоор дутна гэж юу байхав. Тэр “Шударга ёс” нь л дутдаг юм байгаа биз. Харин тухайн үед түүнийг ийн бүлгээсээ татгалзсаны дараахан МАХН-ын талын хэвлэл мэдээллээр Д.Батцогтыг хэнд ч хэрэггүй нэгэн мэтээр зарлаж өгсөн. Тэр ч бүү хэл хэнд ч хэрэггүй Д.Батцогт бушуухан зайгаа тавьж өг гэж хүртэл бичсэн. Тэгэхээр түүний асуудлыг хэлэлцэх үеэр нэг их төвөг чирэгдэл учраагүй. Ардчилсан нийгэмд аль нэг нам эвслээс гарч нөгөөг бараадах нь энгийн зүйл. Аливаа хувь хүн өөрийнхөө үзэл бодлын дагуу л хаана хэнтэй нөхөрлөхөө илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь Д.Батцогт ховдчууд Н.Энхбаярт санал өгөв үү, өөрт нь өгөв үү гэдгээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй нь илт.
С.Ууганбаяр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нийгэмд хийж бүтээсэн юмгүй иймэрхүү хүмүүс худал амлаж гарч ирчихээд ийш тийш гуйвж дайвж долигнож намаас нь шаардлага тавихад хүлээж авахгүй их зан гаргаж биеээ тоодог нь гэм биш зан болжээ. Иймэрхүү гуйвж дайвагсад улс орноо худалдах нь их байдаг.
hovdiin ard tumen ene gologt bish mahn nambariin enhbayart sanalaa ogson