Халаасны хулгайчаа “хазаарлаагүй” цагт жуулчид Монголыг зорихгүй

Манай улсыг жуулчдад ээлгүй арван орны нэг гэдгийг дэлхий даяар зарласан. Үүнийг манай хотын удирдлагууд их л эмзэг хүлээн авч гадна дотнын туршлага судалсны эцэст энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлээд ч тусыг эс олов. Жуулчдын тоо өсөхгүй байгаа шалтгааныг “Эдийн засгийн хямрал” гэх үгээр эвтэйхэн тайлбарлаад өнгөрч байх шиг. Уг нь манай улс байгалийн үзэсгэлэнт газар нутаг, түүх дурсгалаараа жуулчдаас “мөнгө хүүлэх” боломжтой.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралыг сөрж зогсох хуримтлалыг аялал жуулчлалаас олж болох байлаа. Тэгвэл жуулчид яагаад манайхаас нүүр буруулах болов. Онгоцноосоо буугаад угтагчаа хайж байх зууртаа л бүх эд зүйлээ суйлуулчихсан жуулчин хаачих вэ. Цагдаагийн байгууллагаас “Бичиг баримтаа хулгайд алдсан” гэсэн бичиг хийлгээд төрхөмдөө буцдаг байна. Халаасны хулгайч нар жуулчдын ирэх, буцах өдрийг цаг минуттай нь мэддэг аж.

Ингээд “урт гарт”-ууд жуулчдыг амдаж эсвэл үдэж ажлаа хийдэг байна. Манайхыг зорьж байгаа цөөн тооны жуулчид баяр наадмын үеэр ихэвчлэн зочилдог. Наадмын нээлт үзчихээд орон нутгийн аялалдаа гарна. Аяллын бүсэд болж буй аймгуудын наадмыг жуулчид үзэж сонирхоно. Харамсалтай нь манай “хүнд гарууд” аймаг, сум, овооны наадамд мөн л тэднийг анаад зогсч байдаг аж. Ингээд гаднын зочид хө дөө хээр дахиад л “гуяа ганзагаладаг” байна.

Тухайлбал, халаасны хулгайчид зуны улиралд орон нутгийн наадам хэсдэг. Хөдөөний хүмүүс наадмаар 50-100 мянган төгрөгтэй хэтэвчээ алдчихаад цагдаад тэмдэглүүлээд явах нь цөөн. “Энэ жилийн барцад арилж байна. Гарах ёстой байсан юм байлгүй” гэх ухааны юм яриад л өнгөрнө. Үүнд ам ташсан сүмбэн хуруутнууд наадамчидтай тохой нийлүүлж хуушуурдаад, тонгойхдоо өврийг нь тэмтрээд л өнгөрдөг байна.

Хуулийн “цоорхой”-г нөхье

Нийслэлийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй мэргэшсэн 670 гаруй халаасны хулгайч бидний дунд аж төрж байна. Мэргэшсэн гэдэг нь хулгайн хэргээр өдөрт 3-4 удаа цагдаад баригдаж ирдэг гэж ойлгож болно. Хулгайч бүр өөрийн доштой. Бүлэг хулгайч нар хэзээ ч дошоо сэлгэдэггүй гэнэ. “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Хархорин” зэрэг МУБИС-ийн ойр орчимд бүлэг хулгайч нар байрладаг. Тэд цагдаад баригдахаасаа ч эмээдэггүй. Захын цагдаагаас дутахгүй хуулийн мэдлэгтэй учраас баригдсан ч суйлсан зүйлийнхээ үнээс шалтгаалаад торгуулиа төлөөд л эрх чөлөөтэй.

Тэднийг Захиргааны хуулийн 36-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-20000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэжээ. Ийм заалттай учраас цагдаагийн алба хаагчид хорьж цагдах эрхзүйн боломж байдаггүй.

Жишээлбэл, Дондог гэх хулгайчийг цагдаа бариад ирлээ. Нөгөө этгээд 192 мянган төгрөгөөс доош үнэ бүхий эд зүйл хулгайлсан бол захиргааны хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгоод л явуулна. Маргааш нь Дондог дахиад л хулгай хийж байгаад баригдана. Тэр300 мянган төгрөгний гар утсыг “Тэди”-гийн ченжүүдэд 150 мянган төгрөгөөр худалдаалж байгаад баригдлаа гэж бодоход торгуулийн 20 мянган төгрөгөө төлчихөөд 130 мянган төгрөгийн орлоготой гэртээ харьж байна.

Цагдаад баригдахгүй бол ямар ч гарлагагүй. Гар утас хулгайлж байгаа этгээдийг үйлдэл дээр нь цагдаа бариад утсыг эзэнд нь хүлээлгэж өгчихөөд, нөгөө этгээдийг торгуулиа төл гэхээр “Мөнгө байхгүй. Ах, эгчээсээ аваад ирье” гэж гараад л нэг хүний гар утсыг суйлж өнөөх ченжүүдэд борлуулчихаад торгуулийн 5000 төгрөгөө аваад ирнэ.

Араас нь утсаа алдсан иргэн гомдол мэдүүлээд л ороод ирдэг. Ийм тогтолцоо эргэлттэй учраас тэд өнөөдөр нийгэмд сүлжээ болтлоо хөгжиж, хөрөнгөжиж байна. Тэр байтугай одоогоос гурван жилийн өмнө нэр зартай халаасны хулгайч насан эцэс болоход төрийн өндөр албан тушаалтнаас дутахгүй ажил явдал нь өрнөж, олон зуун “урт гартнууд” нэгэн дор цуглаж байсан гэдэг.

Халаасны хулгайчийг Төр бодлогоор дэмжээд байна уу

Төрөөс 2015 оныг жижиг, дунд бизнесийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл хуулийн “цоорхой”-гоо нөхөөгүйгээс ха лаас ны хулгайчдыг төр бодлогоор дэмжиж байна гэж хэлэхэд хэтийдэл болохгүй байх. Өдөрт20 мянган төгрөгийн татвар төлөөд200 хүртэлх мянган төгрөгийн орлого олдог жижиг, дунд бизнес эрхлэгч цөөн гэж бодож байна.

Цагдаагийн байгууллага халаасны хулгайч нарыг баяр наадам, цагаан сарын үеэр албаар барьж авчраад саатуулах байранд хийчихээр “Хуулиа дагаж мөрдсөнгүй гэж дүрэмдэж, саатуулах байранд амиа хорлоно гээд хуруу гараа зүсээд бөөн шуугиан дэгдээдэг гэнэ. Ингэхээр хариуцагч цагдаа нь“Үхчихвэл би буруудна” гэж хаяагаа манаад хөөгөөд гаргачихдаг.

Ийм л байдлаар манай улсын хуулийн байгууллага халаасны хулгайтай тэмцэж байна. Гэтэл гадны оронд халаасны хулгайчийг барьсан тохиолдолд энгэрт нь пайз зүүж, гарыг нь гавлаад олны хөл хөдөлгөөн ихтэй зах, худалдааны төвүүдээр дагуулж яваад хэдэн удаагийн хулгайн хэргийг нь зарлаж иргэдэд сэрэмжлүүлдэг байна.

Манай цагдаагийн байгууллага яагаад дээрх хулгайч нарын зургийг дош цэгүүд дээр нь байршуулж болохгүй гэж. Автобусны буудал, худалдааны төвүүдийн ойролцоо “урт гартнууд”-ын зураг байвал иргэд хараад эд зүйлээ хамгаална шүү дээ. Ийм алхам хийхгүйгээс болоод цагдаа, халаасны хулгайч хоорондоо холбоотой ажилладаг гэх иргэдийн хардлага зүхэлтэй тулгарч байгаа юм.

Гэтэл цагдаагийн байгууллагаас “Бид мэргэшсэн хулгайчийн зургийг дэлгэж болно. Бэлэн байна. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхэнд бүдүүлгээр халдлаа гэж шүүмжилдэг. Өмнө нь ийм алхам хийж байсан” гэсэн тайлбар өгч байна. Тэгвэл хүний эрхийн үндэсний комисс яагаад хулгайчийн нэр хүндийг хамгаалаад байна вэ.

Өнөөдөр халаасаа тэмтрүүлж, өдрийн хоолныхоо таван төгрөг, гар утас зэрэг эд зүйлээрээ хохирч байгаа өчнөөн олон иргэн байхад хулгайчдын эрхийг хамгаалах нь өрөөсгөл мэт. Дээд шүүх ч мөн адил гэм буруутайг нь тогтоогоогүй байхад саатууллаа гэсэн байр суурьтай ханддаг байна.

Үнэхээр хуулийн заалт нь ийм болохоор хууль хэрэгжүүлэгч байгууллагууд ийм хандлагатай байхаас ч аргагүй ч юм шиг. Тэгэхээр цаашид дотоод, гадаадын иргэд эд зүйлээ алдчихна гэж айх аюулгүй байхын тулд хуулийн “цоорхой”-гоо нөхөж“урт гартнууд”-аа цээрлүүлснээр жуулчдад ээлтэй орны тоонд багтах боломжтой. Монголд халаасны хулгайчаас өөр айдас ховор.

Б.Цэцэгдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих