“Сүүлд халдлагад өртөхөд нь тагнуулын байгууллагад хандсан ч шалгаагүй”
“Орчлон доторх аниргүйн хаант улс
Оршуулгын газар ажин түжин
Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө
“Үүрд дурсана” гэж бичсэн үгсийг салхи шоолно” хэмээх мөртийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Оршуулгын газар” шүлгээс олж уншлаа. Үнэхээр ч өөрсдөө үүрд амьдрахгүй мөртлөө үгүй болсон нэгнийхээ араас “Үүрд дурсана” гэж харуусдаг нь хүмүүс бидний зан гэлтэй. Сүүлийн хэд хоног учир битүүлгээр амиа алдсан Ирвэс хамгаалах сангийн биологич залууг “Үүрд дурсана” хэмээн үй олноороо бичиж байна. Яагаад ч юм “Үүрд дурсана” гэсэн үг бүрийг уншаад энэ хэрэг ингээд л мартагдахвий хэмээн зовинох.
2010 оноос Ирвэс хамгаалах сангийн судлаач, биологичоор ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл зөвхөн цоохор ирвэсийн тухай судлаад зогсохгүй ирвэс их тархсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахуулахаар тууштай хөөцөлдөж, судалж байсан нэгэн.
Талийгаач Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-ны өглөө “Машинаа гаражид тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд зургаа хоногийн дараа Хөвсгөл далайгаас цогцос нь олджээ. Түүний гэр бүл, Ирвэс хамгаалах сангийнхан талийгаачийн үхэлд уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа юм. Учир нь, Т.Лхагвасүмбэрэлийн тусгай хамгаалалтад авахуулахаар ярьж, хөөцөлдөж байсан Тост, Тосонбумбын нурууг тойроод хайгуулын 16, олборлолтын нэг тусгай зөвшөөрөл олгожээ.
Түүнчлэн, талийгаачийн биед өмнө нь гурван ч удаа халдаж байсан нь түүний үхэл золгүй явдал байгаагүй гэх хардлага төрүүлж байгаа аж.
Тэрээр 2014 оны тавдугаар сард “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байгаад үл таних дөрвөн залууд хоолой болоод шуундаа хутгалуулсан аж. Мөн 2015 оны нэгдүгээр сарын 13-ны шөнө тавдугаар сургуулийн ойролцоо баг өмссөн хүмүүс хүчээр машинд суулган авч явсан бөгөөд машинд оруулмагцаа толгойд нь уут углаж эзгүй газар аваачсан байна. Тэд хэлэхдээ “Хөдөө байхдаа том том юм ярьдаг бацаан байна лээ. Хотод, хөдөө ч бидний гараас мултрахгүй шүү” хэмээн дарамталсан аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас шалгасан ч “Хохирогчгүй” хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон аж.
Харин удаах халдлага өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын 30-нд Тостын нуруунд судалгаа хийж явахад нь тохиолджээ. Мөн л баг өмссөн хоёр хүн байрлаж байсан айл руугаа буцах замд нь отож байсан бөгөөд нэг нь толгой руу нь цохин ухаан алдуулж нөгөөх нь хэвлийн тус газар нь гурван удаа хутгалжээ.
Энэ бүхнээс үзэхэд талийгаачийн үхэл золгүй явдал байсан гэх үндэсгүй мэт. Ямартай ч, сүүлийн хоёр халдлагын тохиолдолд Ирвэс хамгаалах сангаас Т.Лхагвасүмбэрэлийг хамгаалалтад авах тухай цагдаагийн байгууллагад хандсан ч “нотлох баримтгүй, хэргийн бүрдэлгүй” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон байна. Мөн сүүлийн халдлага болсон газар Гурвантэс сумын хоёр цагдаа очиж үзээд “Ул мөр байгаагүй” гэсэн дүгнэлт гаргаж хэргийг хаажээ. Гурвын гурван тохиолдолд цагдаагийн байгууллага хойрог хандсанд талийгаачийн аав Ж.Төмөрсүх гомдолтой байгаа тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад шалгуулах хүсэлтэйгээ ч уламжилсан юм.
Талийгаачийн үхлийн тухай Ирвэс хамгаалах сан, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Аргаль агнуур, судлалын төвийн төлөөлөл өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийсэн бөгөөд МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн “Бид байгаль хамгаалагч нэгнийхээ үхлээр шоу хийгээгүй. Энэ хэргийг олон нийтэд дэлгэж, үнэн зөв мэдээлэл өгч, яаралтай илрүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн, байгаль хамгаалах болон бусад хууль, журмуудад яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатайг хууль санаачилах эрх бүхий субьектүүдэд хүргэх гэсэн юм. Өмнө нь талийгаачийн биед гурван ч удаа халдсан. Хамгийн сүүлд халдлагад өртөхөд нь тагнуулын байгууллагад удаа дараа хандсан ч асуудлыг шалгалгүй цалгардуулсан. Эх оронч залуугийн маань үхлийг С.Зоригийн хэрэг шиг илрүүлэхгүй замхруулчихвий гэхээс болгоомжилж байна” гэсэн юм.
Дээр дурдсанчлан талийгаач Т.Лхагвасүмбэрэл Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар ажилд орсон цагаасаа л хөөцөлдсөн аж. Эхний ээлжинд аймгийн удирдлагуудтай хамтарч орон нутгийн хамгаалалтад авсан ч улсын тусгай хамгаалалтад авах асуудал удааширсаар өдий хүрчээ. Энэ хугацаанд Гурвантэс сумын нутагт 17 тусгай зөвшөөрөл олгож, нэг нь олборлолтоо эхлүүлсэн байна. Энэ тухай Гурвантэс сумын байгаль хамгаалагч А.Атар “Тусгай зөвшөөрлийн тоо сар бүр өөрчлөгдөж хоёр, гурваараа хасагдаж, нэмэгдээд л байдаг юм” гэсэн бол УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Ашиглалтын хоёр талбайг “Southgobi coal trans” компани эзэмшдэг бөгөөд энэ нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх. Бусдыг нь би мэдэхгүй” хэмээсэн байна. Ямартай ч, “Southgobi coal trans”-ийн ашиглах талбай булаг шанд, баянбүрд ихтэй учир мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж. Тусгай хамгаалалтад авах саналыг мөн л талийгаач Т.Лхагвасүмбэрэл удаа дараа гаргаж байж шийдэгдсэн байна. Тиймдээ ч энэ асуудлаар лиценз эзэмшигч компани болоод орон нутгийн удирдлагууд хооронд маргаан үүсч хэрэг нь шүүхэд шилжээд байгаа аж.
Ямартай ч, жирийн нэг биологич залуугийн үхэл золгүй явдал байгаагүй гэдэгт олон нийт итгэлтэй байна. Үүнтэй адил цоохор ирвэс, аргаль, янгир тэргүүтэй ховор ан амьтад нутагшсан Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахгүй байх нь хэнд ашигтай вэ гэдгийг ч дэвшүүлж байна. Гагцхүү Т.Лхагвасүмбэрэлийн амь нас хэн нэгэн эсвэл хэсэг бүлгийн ашиг сонирхлын золиос байв уу гэдгийг шалгаж, үнэн мөнийг нь тогтоож чадвал олон асуудлын зангилаа тайлагдах болов уу. Байгаль эх, ан амьтдаа хайрлаж, хамгаалахаар тууштай тэмцэж байсан Т.Лхагвасүмбэрэл ажилдаа чин сэтгээлээсээ ханддаг нэгэн байсан тухай хамт олон, гэр бүлийнхэн нь хэлж байна. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт цас оролгүй хавартай золгосон. Тухайн үед талийгаач Т.Лхагвасүмбэрэл ирвэс болоод янгир ямаа харангадхаас сэргийлж уул өөд ус үүрч хүргэдэг байж. Ирвэс, янгир битгий хэл ижийдээ ус ойртуулж өгөх залуус ховордсон энэ үед хэн ингэх билээ. Үнэхээр байгаль дэлхий, ан амьтнаа гэсэн сэтгэлтэй нэгэн л ийн зүтгэж, тэмцэж чадна. Түүний үйл хэргийг үргэлжлүүлж, Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахуулах ажлыг иргэд үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
URL: