АРИУН НОМЫН АВШИГ ХҮРТСЭН БОДИСАДВА НАР
Хамаг амьтаны тусыг хязгааргүй бүтээхээр энэ ертөнцөд залагдсан Бурханы ариун номын хувилгааныг “Бодисадва” гэнэм. Ийм хүмүүн болбоос хамаг амьтанд туслах эрдэм чадал, оюуны түвшингээрээ эгэл жирийн хүнээс давамгайлна. Аливаа бодь сэтгэлийн замаар төрөл төрөлдөө замнан бэдрэгч, хамаг амьтны тусыг бүтээгч бодьсадва нарын хүч чадал хязгааргүй бөгөөд тэд эрдэм номоороо ч тэр, рид хувилгаанаараа ч тэр, эрхэм алдраараа ч тэр, эд хөрөнгөөрөө ч тэр, ер нь бүх зүйлээрээ эгэл хүмүүнээс ялгамжаатай. Гэвч Монголын түүхэнд ариун номын авшиг хүртсэн эмэгтэй бодисадва нар тун цөөхөн төрсөн байх бөгөөд ёстой л гарын арван хуруунд багтахуйц тэдгээр бодисадва нарын тухай өгүүлсү.
ЦОГТ ХУНТАЙЖИЙН ЭРДЭМТ ЭХ ТАЙХАЛ ХАТАН
Эртний монгол хатдаас эрдэм номд төгс нэвтэрсэн нэгэн цуутай соён гэгээрүүлэгч байдаг бөгөөд тэр нь домогт Цогт хунтайжийн ээж Чин бишрэлт Тайхал хатан бөлгөө. Тухайн цагийн Бахрай хэмээх баатар эр Онигууд аймгийн Бэрх хэмээгчийн үзэсгэлэнт охин Тайхалыг хатнаа болгож авсанаар тус аймаг Халхад ихээхэн нэр алдартай болж, улмаар Халхыг нэлэнхүйд нь захирах хэмжээнд хүрсэн байдаг. Гэвч 17-р зууны эхэн үеэс өрнөсөн феодалын бутрал, дажин хямралаас үүдэж Онигууд аймаг хэд хэд хуваагдаж зарим нь Өвөр Монголд, зарим нь Онон мөрний сав газарт нутаглах болжээ. Энэ тухай Халуут эгчийгээ дурссан “Цоохор” Цогтын хадны бичигт: Халх Онигуудын нутаг хол боловч Хайрлан санагалзахын агаар нэгэн буй” гэж өгүүлсэн байдаг. Энэхүү яруу шүлэг нь өнөөгийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хаднаа сийлээстэй үлдсэнээр 17-р зууны Монголын уран зохиолын эрхэм дурсгал болж мөнхөрсөн юм. Халхад ууссан Онигууд овгийн Тайхал хатан болбоос Монголын төрд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж асан их бичгийн хүн төдийгүй яруу найрагч, дуун хөрвүүлэгч, эх оронч хүн байв. Тайхал хатны гавъяа зүтгэлийг хүү Цогт хунтайжийн нь гавъяатай зэрэгцүүлэн тавьж, олон үеэрээ бахархаж хэлэлцсээр ирсэн бөгөөд түүний дүрийг Ардын жүжигчин Ичинхорлоо гуай “Цогт тайж” кинонд амилуулсан билээ. 16-р зууны Халхын нөлөө бүхий зүтгэлтэн Цогт тайж эх Тайхалынхаа хамт түвд хэлнээс шашны олон арван ном судар хөрвүүлж алдарт “Цагаан байшин” хэмээх ордоныг Туул голын баруун биед байх “Зүрхэн” нэртэй уулын өвөрт байгуулж, “Сэтгэшгүй чандмань” тэргүүтэй зургаан сүмийг цогцлоон бүтээсэн түүхтэй. Эх хүү хоёрын туурвисан “Дуутын хадны бичээс”, “Хунтайжийн санаашрал” зэрэг олон арван зохиол бүтээл нь өнөөгийн бидэнд өвлөгдөж ирсэн юм. Цогт хунтайж, Тайхал хатан нарыг зохиол бүтээлээ туурвиж асан тэрхэн цаг үед Манж Чин улс ихэд хүчирхэгжиж, улмаар Монголын тусгаар тогтнолд заналхийлж эхэлсэн байдаг. Манжууд халхчуудыг дан ганц цэрэг зэвсгийн хүчээр биш Түвдийн шарын шашинаар эрхэндээ оруулахыг урьтал болгосноор Цогт хунтайж, Тайхал хатан нарын тэмцэлийн галыг улам асааж орхисон бөгөөд эх, хүү хоёр Манжийг эсэргүүцэн босч тусгаар тогтнолоо хамгаалах, хүн ардаа соён гэгээрүүлж, эрдэм боловсролыг хөгжүүлэхэд мундашгүй гавъяа байгуулсан бөлгөө.
ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ЭЛБЭРЭЛТ ЭХ ХАНДЖАМЦ
Халх даяар Өндөр гэгээн хэмээн хүндлэгдсэн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ээж Ханджамц бол Монголын түүхэн дэх алдарт эмэгтэйчүүдийн нэг аргагүй мөн. Өндөр гэгээний цутгасан бурхад, туурвисан ном сургаалууд, зохиосон соёмбо үсэг зэрэг нь Монголын соёлын үнэт өв дурсгал төдийгүй түүний бүтээлүүдээс эмэгтэйчүүд, эхчүүдийн уян налархай, гэгээлэг намбалаг, хөгжимлөг дүр төрх, эх хүний элбэрэл хайр тод томруун харагдаж байдаг нь чухамхүү ээж Ханджамцын нь ухаалаг ариун чанар, энэрэл хайр шингэсэн халуун дулаан сэтгэл түүнд хичнээн их нөлөөлсөнийг гэрчилнэ. Ханджамц хатны онцгой авъяас билэгт хөвгүүн Занабазарын бүтээсэн уран баримал, уран зураг, цутгамал бурхад нь өнөө ч үнэ цэнээ хадгалсаар байгаа агаад дэлхий дахины сая сая хүний хүндлэн биширдэг сод бүтээлүүд болой. Ийм эрхэм хүнийг төрүүлж өсгөсөн элбэрэлт эх Ханджамц өөрөө ч эгэлгүй нэгэн байсан нь тодорхой. Өндөр гэгээн Занабазар ээжийнхээ бурханлиг ариун чанарыг мөнхжүүлэн ээждээ зориулж нэгэн сайхан зураг бүтээсэн байдаг юм. Энэхүү зургийн төвд Ханджамц хатныг, хар эмжээртэй, дугуй шар хээтэй улаан торгон дээл өмсч, гадуур нь хээтэй улбар шар нөмрөг тэргүүн дээгүүрээ бүтээн нөмөрч, гүнгэрваа хэлбэртэй улаан хүрээ, алтан боронзоор зурсан цэцгэн хээтэй улаан түшлэг бүхий уужим том сэнтийд, шар хээтэй улаан олбог дээр очир суудлаар заларч, өвөр дээрээ судар ном залсан байгаагаар бусдаас том хэмжээтэй дүрсэлсэн байдаг билээ. Эндээс энэрэлт эхийгээ сүслэн дээдэлсэн хүүгийн сэтгэл нэвт харагдах шиг л болдог юм. Энэхүү гайхамшигтай зургийг Монгол улсын засгийн газрын 2002 оны 118-р тогтоолоор “Хосгүй үнэт” зэрэглэлд оруулсан билээ. Өндөр гэгээн эхийгээ шүтэн дээдэлж, хүндэтгэн хайрлаж явсаны бас нэгэн баримт нь Ногоон дарь эхийн сэрэг зургийг бүтээсэн явдал билээ. Ханджамц хатан гагцхүү хүүгийнхээ сэтгэл зүрхэнд ийнхүү бурхан мэт хүндтэйгээр заларсанаас гадна ард олны сэтгэл зүрхэнд, аман ярианд эх дагинын дүрээр мөнхрөн үлдсэн гэхэд болно. Үүнийг Ханджамц хатантай холбоотой домгууд ч гэрчилдэг юм. Занабазарыг мэндэлсэн өдөр Ханджамц хатны арван зургаан настай аягач хүүхний хөхнөөс гэнэт сүү гарч, тэр хүүхэн ихэд ичиж зовжээ. Харин Ханджамц хатан “Битгий сандар, битгий уйл, бүсгүй хүнээс сүү гарах ёстой” гэж мөнөөх бүсгүйг тайвшруулжээ. Тэгээд аягач хүүхний хөхийг рашаанаар угаан ариусган шимүүлсээр байгаад Занабазарын өрлөг эх болгожээ. Өрлөг эх, сүүний ээж нь биеийг нь төрүүлээгүй ч цагаан сүүгээ шимүүлсэн тул нэн хүндэтгэл хүлээдэг нь монгол ёс. Ханджамц хатан монгол ёс жаягийг ихэд дээдэлдэг ухаалаг хүн байсан учраас Занабазар хүүдээ багаас нь өрлөг эхийнх нь ачийг сануулж бахдуулж иржээ. Тийм ч учраас Өндөр гэгээн хожим өрлөг ижийдээ зориулж “Чих орд” хэмээх дацан байгуулсан ба гол шүтээн нь сайн бүхнийг төрүүлэгч Цаст уулын гэрэл адил машид гэгээлэг үзэсгэлэнтэй Цагаан дарь эхийн таталбар хөрөг болсон гэдэг. Цагаан дарь эх бурханыг 16 настай охины төрхтэй бүтээсэн учраас өнөөг хүртэл цэвэр ариуны билэгдэл болж, хийц ураараа гайхагдсаар байгаа билээ.
АНХДУГААР БОГДЫН СЭТГЭЛИЙГ БУЛААСАН АМИНАА
Монголын шашны их соён гийгүүлэгч, анхдугаар богд Занабазарыг 14 настайд нь Лхасад Далай ламын дэргэд шашны таван их ухаанд сургахаар Түвд рүү явуулсан байдаг юм. Ингээд 12 жил бурханы номонд цоорон гийж Монгол нутагтаа заларч ирсэн түүхтэй. Цастын орноос хөдөлсөн Өндөр гэгээний сүрт цуваа Засагт ханы нутагт орж ирэх үед нооройсон бор гэр таарчээ. Олон жил шашны номонд тархиа гашилтал нухлуулсан болоод ч тэр үү, Өндөр гэгээн нүүдлийг түр зогсоож тэрхүү бор гэрт заларч аяга зэлгээн цай уухыг хүссэн байна. Гэгээний бараа бологсод хориглосон боловч залуу Богд дураараа загнан мөнөөх ноорхой гэрийн эсгий үүдийг сөхөн ороход дөнгөж л 18 нас хүрч явсан Аминаа охин ээжийнхээ хамт хурганы арьс элдээд сууж байсан гэдэг. Амьд дарь эх гэмээр уран гоолиг галбиртай, үзэсгэлэн төгс царай зүстэй Аминаа охиныг залуу Богд хараад хэсэг зуур алмайран зогтусчээ. Түвдийн уулан дахь шорон шиг хатуу дэглэмтэй сүм хийдэд эм хүний бараа ховорхон харах нөхцөлд дияан бясалгалын чанд горимоор амьдарч ирсэн залуу гэгээнтэнд Аминаа охин бурханы ариун бодьсидва, өршөөнгүй дарь эхүүдийн нэг биеэрээ сууж байгаа юм шиг санагджээ. Халхын анхны гэгээнтэн нутагтаа залран ирэх замд ийнхүү ертөнцийн дарь эх бодьсидва, хандмаа чойжин сахиуснуудын нэг нь 18 настай мойл хар нүдтэй, усгал уяхан биетэй хүүхний дүрээр хүлээгээд сууж байсан нь эртний сайхан ерөөл буй за гэсэн сүсэг бишрэл хожим нь урган гарч ирсэн байна. Өндөр гэгээнтэн тэр даруй мөнөөх ноорхой гэрийн хажууд гурав хоног саатан тухлахаар шийдэж, ачаа бараагаа буулган аяны цацраа босгожээ. Бурхан Буддаг дияан бясалгалаа дуусган тайлж дөрвөн үнэнийг ухаарах цаг дор үзэсгэлэнт тариачин бүсгүй ирж домботой сүү уулгасан гэдэг шиг халхын Өндөр гэгээн Занабазарыг номын мөрөө дуусган Түвдээс ирж явах замд ийм нэгэн гоо бүсгүй тааралдаж сүүтэй цай чанаж өгсөн явдал нь хоёр их хүний хувь заяаны гайхалтай давхцал байлаа. Занабазарыг ийнхүү Аминаа бүсгүйн гэрийн хажууд гурав хоног саатаж байх зуур Түшээт хан Гомбодорж тэсч ядсандаа өөдөөс нь төрсөн ах Чахундоржийг нь 200 морин цэрэгтэй тосгуулан хөдөлгөсөн гэдэг. Ингэхдээ эх Ханджамцынх нь үсний сэвийг хадганд боож өгөөд явуулжээ. Өндөр гэгээн Занабазар Асурын орны үзэсгэлэн гоог агуулж төрсөн сайхан Аминаад хоргодож байсан ч олон жил уулзаагүй төрсөн эхийнхээ үсний сэвийг үнэртэж үзээд нутаг орон руугаа яаран хөдлөхөөр болж, удалгүй өсч төрсөн Есөнзүйлдээ буцаж ирсэний дараахан Засагт ханы хошуунаас Аминаа охины гэрийг нүүлгэж ирэх зарлигийг эцгээрээ гаргуулж дөнгөсөн байна. Ингэсэнээр Эрдэнэзуу хийдийн дэргэд дөнгөж босоод байсан Өндөр гэгээний Бүтээлийн сүмийн хажууд 18 настай Аминаа охин аав ээжийнхээ хамт нүүн ирж суурьшаад гэгээнтэний ариун номын авшигийг хүртсэн гэдэг. Зарим аман домогт Аминаа охиныг Өндөр гэгээний эх Ханджамц хатны аягачин байсан гэх нь бий. Чухам аль нь ч байсан Өндөр гэгээнтэн үзэсгэлэн гоо төрсөн Аминаа охины нөлөөгөөр өөрийн дэг сургуулийн үндэс болсон Ногоон дарь эх бурханаа анх урласан байдаг юм. Ногоон дарь эх бурханыг алтаар урлаад дуусахад нь Өндөр гэгээний дэргэд байсан бурхан бүтээгч түвд лам “Гэгээнтээн энэ бүтээл бурхан бодьсидва биш харин эгэл энгийн хүнтэй ихэд төстэй болсон байна” гэж дурамжхан өгүүлсэн гэдэг. Үнэхээр Өндөр гэгээний бүтээсэн Ногоон дарь эх нь Энэтхэг, Түвдийн бурхан бүтээх дэг жаяг тэг горимоос тэс өөр хэлбэр хийцийг агуулсан байдаг билээ. Гэвч Дэсрид Санжаажамц болон Манжийн хаанд адлагдан Далай ламын сэнтийгээсээ бууж өөрийгөө үхсэн хэмээн зарлаад Хөх нуур хавиар тэнүүчлэн явсан 5-р Далай лам Цанъянжамц нар тухайн үед Өндөр гэгээний бүтээсэн Ногоон дарь эх бурханыг үзээд “Энэ бол өгүүлэхүйн яруу найргийг нэвт шингээсэн бурхан байна” гэж дуу алдаж байсан гэдэг шүү дээ. Тухайн үедээ Түвдийн бурхан бүтээгчид Өндөр гэгээний туурвисан Ногоон дарь эх бурханыг “Тэчьяангуй суудалтай” гэж үзэн бурхан хэмээн хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж байсан ч Өндөр гэгээн Түвд, Энэтхэгийн бурхан бүтээх дэг жаяг, тэг горимоос тэс өөр өвөрмөц шинжийг агуулсан бурхад бүтээх дэг сургуулиа үүсгэн шавь нартаа уламжлуулсан түүхтэй. Бурханы шашны эрдэмд таван настайгаасаа эхлэн нэвт суралцаж буян нүгэлийн ялгаа заагийг хялгасны чинээ томруулан харж сурсан гэгээрсэн их хутагтын сэтгэл зүрхийг хөдөлгөн, бүтээж туурвисан бурханд нь хүртэл нөлөөлөн өөрийн дүр төрхийг шингээж чадсан Засагт ханы Аминаа бол халхын сайхан хүүхнүүдийн сор, охь манлай байсан нь эргэлзээгүй. Гэвч халхын анхдугаар Богд хийгээд Аминаа охин хоёрын хайр дурлал маш эмгэнэлтэйгээр төгссөн талаар олон домогт өгүүлсэн байдаг юм. Нийт монгол туургатныг оюун санаагаар нэгтгэх түүхэн чухал үүрэг хүлээсэн Занабазар хүүгийнх нь сэтгэлийг урвуулан татаж байгаа Аминаа охиныг Түшээт хан зүгээр хараад сууж тэвчээгүй учир Өндөр гэгээнээс холдуулах арга саам хайж эхэлжээ. Түүнчлэн Богдын шавь нар нь монголчуудын итгэл бишрэлийг хүлээж Түвд, Энэтхэгийн их мэргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн Жавзандамба хутагт жирийн нэг охинтой хайр сэтгэлийн холбоотой болж улмаар сахил санваараа огоорон эхнэрээ болговол том зорилго нь элсэнд шургах горхи шиг балран замхарна гэж үзээд Аминаа охиныг илт тээршаах болжээ. Тиймээс Аминаа бол Өндөр гэгээний сэтгэл санааг үймүүлэхээр Түвдээс ирэх замд нь зориуд отож суусан биелсэн шулам чаралбаа гэсэн цуурхалыг түвд лам нараар тараалгасан гэх нэгэн домог бий. Энэ домогт өгүүлсэнээр бол Аминаа охиныг маш далд харгис хэрцгий аргаар хөнөөсөн байдаг юм. Өөр нэг домогт Түвдээс зориуд авчирсан хортой тан өгч 19 настайд нь бурханы оронд илгээсэн гэдэг юм. Учир битүүлэгээр, мөн харуусалтайгаар хорвоог орхисон Аминаагийнхаа гэгээн дурсгалд зориулж Өндөр гэгээн Төвхөний агуйн дэргэдэх хийддээ Аминаагийн бүхий л төгс төгөлдөр шинжийг шингээсэн Хорин нэгэн Ногоон дарь эх бурханаа урлан бүтээж дуусгахын сацуу “Жанлавцогзолмаа буюу Адистидын дээдийг хайрлагч эх” хэмээх цагийг тохинуулж үйлсийг бүтээх тарнийн шүлгээ өөрийн зохиосон соёмбо үсгээр бичсэн гэдэг. Ногоон дарь эх бурханы амьд дүр Аминаа нь үнэхээр л Адистидын дээдийг хайрлагч бодисадва байсан нь эргэлзээгүй ээ.
ҮРЖИНХАНДЫН ГОО, “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ЫН ДАДИШИУРИ
Ноён хутагтын гэгээрэн тодорч гарсан 19-р зууны эхэн үед Монгол оронд бүсгүй хүнийг гэрийн баганаас дээш алхуулдаггүй, ялангуяа сахил санваартай лам нар бол эм хүнээс цээрлэн сэжиглэн зай барьдаг харанхуй цаг үе байлаа. Харин Данзанравжаа анх удаа энэхүү хатуу бүдүүлэг ёс жаягийг эвдэж эмэгтэй хүнийг ариун бодисадва хэмээн дээдлэн хүндэлж, өнөөгийн хэлээр бол жендерийн тэгш ёсыг нэвтрүүлсэн байдаг. Юуны өмнө тэрбээр үзэсгэлэн төгс Дадишиури хэмээх бүсгүйг дэргэдээ дагуулан ном судраа айлтган бичүүлж, улмаар өөрийн зохиосон ший жүжигтээ тоглуулж бүсгүй хүний нинжин сэтгэл, хайр дурлал, үзэсгэлэн төгс байдлыг тухайн цагийн хүмүүст танин мэдүүлж байсан түүхтэй. Дадишиури бүсгүйд зориулан нууц тарнийн хос ёсны хоосон чанараар билэгдэж бичсэн Ноён хутагтын олон арван яруу сайхан шүлэг байдаг. Тэдгээр шүлгүүдийг уншихад Данзанравжаагийн номын баринтаг баригч Дадишиури бүсгүй нь жирийн нэг эрдэм номын хамсаатан, буяны садан, хамтран зүтгэгч бус түүний хөлгүй их хайр сэтгэлийн эзэн байсныг гэрчилдэг. Гэвч зарим судлаач Дадишиури, хутагт хоёрыг янаг амрагийн явдалгүй, зөвхөн бичиг номын шидээр холбогдсон буяны садангууд гэж дүгнэсэн байдаг. Тийм ч биз, үгүй ч биз. Дадишиури бүсгүй болон “Үлэмжийн чанар“ дуу хэрхэн бүтсэн талаар нэгэн яруухан домог байдаг. Нэг удаа Говийн ноён хутагт элсэн цөлд дагалдах бараа бологчдын хамт хэд хоногоор нууц тарнийн ном бясалгаж яваад бие нь ихэд чилээрхэн өвдөж хэвтэрт орсон байна. Харин энэ үед хутагтын үнэнч зарц Дадишиури бүсгүй таван тансаг идээ эдлэлээр өргөл болгож хан хурмаст, хангай дэлхий, газар лусыг аргадсан юм гэдэг. Уг таван өргөлд нь хиргүй тунгалаг толь, бал бурам, аялгуу сайхан дуу, анхилуун ялдам үнэр, ариун онгон бие гэх мэтийн таван зүйл багтсан бөгөөд зарим ном сударт уг өргөлийг өргөхдөө Дадишүри бүсгүй өөрийн онгон биеэрээ нэгэн өргөл болж өвчинд шаналсан хутагтын өвөрт орж цэнгүүлэн тайвшруулаад аялгуу сайхан дуу дуулан өгч, улмаар анхилуун ялдам үнэртэй бал бурмын идээгээр зоог барьж, ариун тунгалаг толиор өргөл барьсан гэж тэмдэглэсэн байдаг. Ямар боловч нууц тарнийн хүч чадалтай уялдаатай ер бусын нэгэн өргөл тэнд явагдсан байгаа юм. Энэ явдлын дараа хүндээр чилээрхэж хэвтсэн хутагтын бие сэвхийн хөнгөрөөд босч ирсэн гэдэг. Тэгээд тэр хүнд өвчинөөс ангижруулсан Дадишиури бүсгүйдээ зориулж таван тансаг эдийг дээдлэн магтсан “Үлэмжийн чанар“ хэмээх агуу дуугаа зохиосон гэдэг билээ. Би бээр үүнд зориулж “Үржинхандын гоо бүсгүй Дадишиурыг бодисадва болгон дэргэдээ дагуулж, Үнэрлэх, амтлах, харах, мэдрэх, сонсох таван язгуураар номын увидасаа туурвиж…” гэх мэтээр шүлгэн цацал өргөж байлаа. Мөн энд нэгэн сонин домгийг өгүүлэхэд Сөнөдийн Алшаа хошууны номтой мэргэдийн нэг Агваандандар лхаарамба 1830 оны дундуур Говийн догшин ноён хутагттай уулзсаныхаа дараа сахил санваараа бурхандаа өргөж егүзэрийн дүрээр рэгма буюу эхнэр авч суусан гэдэг. Агваандандар лхаарамбатай уулзах үедээ Равжаа хутагт үзэсгэлэнт Дадишиури бүсгүйг дэргэдээ дагуулж явсан гэх бөгөөд анх уулзах үед хажуудаа хачин хөөрхөн хүүхэн хагас нүцгэлэн дагуулж, нэг л их архи үнэртүүлсэн лам байхыг үзээд Дандар лхаарамбын дотор эгдүүцэл төрж бушуухан салахын түүс болсон гэдэг. Энэ үед Равжаа хутагт хүний гавлын ясаар хийсэн аягандаа хар архи дүүргэн Агваандандарын гарт бариулаад, өөрөө “Ябаниулун” хэмээх ном уншиж дуусмагц аягатай архинаас нь гал оч бадран буцалжээ. Хутагт номоо дуусмагцаа пад тавин үлээгээд “Одоо уу” гэхэд Агваандандар лхаарамба мөнөөх архийг нь ууж орхисонд гэрийн гаднах зүйлс дотор байгаа мэт нэвт харагдан сүүмэлзсэн байгаа юм. Ийнхүү хоосон чанарыг онох увидас үзүүлсэний дараа Агваандандар лхаарамба Равжаад шавь орж сүмийн гороон дотор суухаа болиод Сөнөдөөс эхнэр авч сүмийнхээ зүүн хойд талд хэдэн ямаа сааж насан өтөл болтолоо хар хүний ёсоор амьдарсан гэдэг билээ.
ИЛДЭН БЭЙЛИЙН ХОШУУНЫ “ГОЁ АЖАА” ЦЭРЭНДОЛГОР
Халхын алдарт Цогт хунтайжийн хүү Заан тайж гэж байжээ. “Цогт тайж” кинон дээр гардаг Арслан тайж бол үнэн чанартаа Заан тайж юм. Заан тайжийн хүү Сутай нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны анхны засаг ноён юмсанж. Сутайн үр удам Илдэн бэйлийн хошууны засаг ноёны суудлыг үе улиран эзэгнэж ирсэн байх бөгөөд жишээ нь арван тав дахь засаг ноён Эрэнжунай, арван зургаа дахь засаг ноён Дондовжанцан, арван долоо дахь засаг ноён Норовжанцан гэж удамласаар 20-р зуунтай золгосон байна. 19-р зууны сүүл үед Илдэн бэйлийн хошууг захирч асан Дондовжанцан ноён нутаг орондоо гоё сайхнаараа, бас судар номын авшиг хүртсэн эрдэм ухаанаараа алдаршсан Цэрэндолгор хэмээх бүсгүйг хатнаа болгожээ. Энэ бүсгүйг Илдэн бэйлийн хошууныхан “Гоё ажаа” гэж хүндлэн биширдэг байж. Нэг удаа Дондовжанцан ноён Цэрэндолгор хатантайгаа хамт Амарбаясгалантын хийдэд мөргөхөөр явжээ. Энэ үед ноёнтон зориуд “Хар бух”-ын голыг зорьж эртний өвөг Цогт хун тайжийнхаа Хар балгасанд очиж мөргөсөн байна. Тэгтэл “Гоё ажаа”-гийн унаж явсан морь гэв гэнэт бусгаж хатан Цэрэндолгор мориноос унажээ. Үүнд Дондовжанцан ноёныг дагалдаж явсан хувилгаан ламтан ихэд билэгшээж, мэргэ төлөг гүйлгэж үзсэнээ “Хатан ахайтан Цогтын Хар балгасны дэргэд газардсан нь эцэг дээдсийн сүнс хатныг саатуулсан “хорог” байлаа. Та бодисадва юм байна. Одоо “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрнө. Тэр хүү энгүй их номтой хувилгаан лам болно. Даанч тэр хувилгаан цагийн цөвүүнд урт наслахгүй юм байна. Гэсэн ч би ноёнтоныг дагалдаж яваа Хүрэл гэдэг энэ залуугийн удамд хувилгааныг дахин төрүүлнэ. Дахин төрсөн тэр хүү олон түмнээ ямагт баясгаж, сэтгэлийн цэнгэл үзүүлж байдаг тэнгэрийн сурвалжит их хүн болно” гэж айлджээ. Энэ явдлаас хойш жилийн дараа “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрсөн бөгөөд тэр нь хожмын Илдэн бэйлийн хүрээний хувилгаан ламтан Сономцэрэн байлаа. Тэрбээр ямар ч хүний өвчин зовлонг шууд хэлдэг, түүнийг нь илааршуулж чаддаг, эрдэм номонд гаргууд сайн, дуу хууранд дуртай нэгэн байж. Харамсалтай нь Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх хувилгаан ламын айлдсанаар Сономцэрэн ламтан урт наслаагүй бөгөөд гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед хилс хэргээр цаазлагдсан байна. Тэр цагаас эхлээд Илдэн бэйлийн хошууны хөгшчүүд хэдийгээр цаг төр хатуу байсан ч Сономцэрэн хувилгааны хойд дүрийг тодруулахаар “Ямар айлд гэрэл гэгээ цацруулсан хүүхэд төрөх бол” хэмээн битүүхэн тандаж, ялангуяа нэгэн цагт Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх Хүрэл хэмээх залуугийн үр удмыг ихэд сонирхох болсон байна. Төдөлгүй Хүрэлийн удмын Цэрмаа хэмээх бүсгүйгээс гэрэл гэгээ цацруулсан нэгэн хүү мэндэлсэн бөгөөд Бэйлийн хүрээний хөгшчүүд энэ хүүг Сономцэрэн хувилгааны сүнс хэмээн далдуур шүтэж, улмаар Илдэн бэйлийн хошууны арван долоо дахь засаг ноён Норовжанцангийн нэрийг билэгдэн Жанцанноров гэж нэрлэжээ. Тэрхүү Жанцанноров нь өнөө цагийн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров бөлгөө. Миний төрсөн Хужирт нутгийн уугуул “Үхэрчин” Санжаазав, “Хар” Очир тэргүүтэй хөгшчүүл тээр жил эрт урьдын явдлыг хүүрнэж суухдаа “Өнөө цагийн алдарт хөвгүүн Жанцанноровын ээж Цэрмаа үнэхээр сайхан хүүхэн байсан юм. Сономцэрэн хувилгаан түүнд сэтгэл алдарч явсан ч энэ хоёрт учран золголдох хувь тохиогоогүй. Тиймээс хувилгаан Сономцэрэн Цэрмаа бүсгүйн хэвлийд дахин төрсөн юм” гэж өгүүлж билээ.
“ГАНЛИНГИЙН ДУУ” БОЛЖ ЭГШИГЛЭСЭН ЦЭСЭНДУЛАМ
Сүсэгтэн олныг ариун номын өргөөнд ормогц ганлин хөгжмийн яруу тансагхан эгшиг үл мэдэгдэх нууцлаг бишрэм орчинд аваачих шиг болдог билээ. Сүнс дуудах болон хөөж тонилгох, ариун бусыг арилгаж устгахад ашигладаг уг зэмсгийг “Нарийн эгшигт шулмын хоолойноос тасалж ариусгасан аялгуу” гэж Энэтхэг, Балбад тархсан улааны шашныхан үздэг. Харин шарын шашныхан “Есөн чивлийг дарах Мягмансамбуу бурханы охин хоолой шингэсэн аялгуу” гэж үздэг. Түүнчлэн гучаад оны их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн амьдарч байсан Халхын хутагт, хувилгаад уг зэмсгийг “Арга билгийг хооронд нь шүтэн барилдуулж муу үйлийг номхотгон дарж айлгах дуун чимэг” гэж нэрлэсэн байдаг. Ганлин хөгжмийг хийхдээ дээр үеийн лам нар зүс царай өв тэгш, бие бялдар зөв хийцтэй, хамгийн гол нь арван наймтайдаа өөд болсон сайхан охины дунд чөмөгний ясыг сонгодог байжээ. Гэхдээ лам нар арван найм хүрч яваа залуу охидын амь насыг хороогоод ганлин гэдэг хөгжмөө хийдэг байжээ гэж ойлгож болохгүй. Сүм дуган бүр нэг л ганлин хөгжмийг бүтээж түүнийгээ доод тал нь зуун жил, дээд тал нь гурван зуун жил хэрэглэдэг уламжлалтай байж. Амарбаясгалантын хийдэд бүр Өндөр гэгээний үед хурал номонд хэрэглэгдэж байсан ганлин хөгжим одоо хүртэл хадгалагдсаар байгаа нь бараг таван зуун жилийн настай хөгжим гэсэн үг. Тиймээс нэг л ганлин хөгжимтэй болсон сүмийн лам нарт ахиад арван наймтай охидын хөлийн шилбэ рүү хялалзаж явах шаардлага байхгүй нь тодорхой. Гэхдээ тухайн үеийн лам нар үнэхээр эмс охидын хөлийн шилбэ рүү харж явдаг байнгын зуршилтай байсан гэдэг. Тэд нутаг нугынхаа сайхан тэгш шулуун шилбэтэй охидыг өсөх наснаас нь эхлэн нүдлэн цээжилж аваад хэрвээ яг арван найман насандаа мөнх бусыг үзүүлбэл дөчин ес хоног өнгөрсний дараа ном журмын дагуу шарилыг нь хөндөөд дунд чөмөгнийх нь ясыг салгаж авдаг байж. Ийнхүү хэдхэн сарын өмнө нутаг нугынхаа залуусын нүдний хорыг шингээж, шунал тачаалыг үржүүлж явсан согооны шилбэ шиг тэгшхэн чөмөг “Ганлин” хэмээх арга билгийн нууц хосолсон ховор нандин зэмсэг болж, мэргэн номч лам нарын гарт ад зэтгэрийг үргээн уянгалдаг байж. Хүний хүсэл шуналыг өдөөн асаагч залуухан охидын дунд чөмөгний ясаар сансар орчлонгийн үйлийн үрийн нарийн утгыг тайлна гэдэг Буддын шашны зан үйлийн нэгэн далд томъёо байсан нь ойлгомжтой. Гэвч дунд чөмөгний ясаа сүм хийдийн ганлин болгон мөнхөлж, улмаар “Ганлингийн дуу” болж эгшиглэсэн сайхан бүсгүйн нэр тэр бүр тодорч байсангүй. Харин 18-р зууны сүүл, 19-р зууны эхэн үед Чойрын хийдийн ойролцоо амьдарч байсан Цэсэндулам хэмээх сайхан бүсгүйн нэр дуулдаж байдаг. Түүний тухай домог яриа ном зохиолд ч хөндөгдсөн байх бөгөөд нутаг орондоо шагшигдаж явсан энэ сайхан бүсгүй цэцэг цэврүү лугаа 18 насандаа овооны наадам үзэж яваад мориноос унаж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Тиймээс тэр зод лүйжинч лам нарын хараанд өртжээ. Тухайн үед Зүүн жанжин Чойрын хийд ид мандаж байсан бөгөөд уг хийд 1800-гаад оны үед Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл Дагдандоржийг хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн “Марцын хоолой” хэмээх газарт Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг тав зургаан дацантай, 1500 орчим ламтай байгуулагджээ. Чухам л тэр үед Цэсэндулам охины дунд чөмөгний яс “Ганлингийн дуу” болж эгшиглэсэн байна. Ингэж нэгэн сайхан бүсгүй амиа өргөн байж хамаг амьтаны тусыг бүтээх бодисадва болж мөнхөрснөөр Зүүн жанжин Чойрын хийдээс Буддын гүн ухаан, яруу найраг, зурхайн ухаанд гүн суралцсан олон арван мэргэн лам нар төрөн гарч өөрсдийн зохиол бүтээл олныг туурвижээ. Харамсалтай нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Чойрын хийд ногоон малгайтануудын гарт шатаагдаж зөвхөн туурь л үлдсэн бөгөөд Цэсэндулам бүсгүйтэй гүн бат холбогдсон “Ганлингийн дуу” чухам л тэр үеэс эгшиглэхээ больжээ.
“ЭХ ТАНТРА”-Д БҮЖИГЧИН БОЛСОН “ЭЕТЭЙ ГҮН”-ИЙ ХАЖИД
Догшин ноён хутагт Данзанравжаа Хамарын хийдийг байгуулсаныхаа дараа Өмнөговь аймгийн нутагт байх эр хүний бэлэг эрхтэний хэлбэртэй хад болон хажуу талынх нь гайхамшигтай уулыг олж харуутаа тус газар Дэмчигийн хийдийг байгуулсан түүхтэй. Тухайн үеийн монголчууд шарын шашинд дэндүү автчихсан, энэ үүднээсээ шарын шашны лам нар бүсгүй хүнтэй хурьцах явдлыг нүгэл гэж үзээд зогсохгүй эмэгтэй хүнийг муу доод язгууртан гэж үздэг байж. Харин Данзанравжаа Дэмчигийн хийдийг байгуулмагцаа шарын шашныг хурцаар шүүмжилж, Түвдийн их богд Ловон Бадамжунайн бий болгосон улааны шашны урсгалыг даган баясаж, эмэгтэй хүнийг шүтэн бишрэх үзлийг бий болгожээ. Ингэх үндэс нь дээр өгүүлсэн эр хүний бэлэг эрхтэний хэлбэртэй хадтай холбоотой юмсанж. Уг хадыг эрт цагаас эхлээд “Газраас ургасан гайхамшигт эрхтэн” гэж нэрлэсээр ирсэн бөгөөд Данзанравжаа энэхүү бэлэг эрхтэнд зориулж “Эх тантра” хэмээх бүсгүй хүний бие цогцос бүхий асар том шүтээнийг цогцлоожээ. Бурхадын илрэх дүр төрхийг Тантрын гурван их ай савд авч үздэг юмсанж. Үүнд эцэг тантра, эх тантра, нэгдмэл тантра багтана. Эцэг тантра нь догшин дүрт бурхадын төрхийг агуулдаг бол эх тантра нь амирлангуй бурхадын дүр төрхийг агуулдаг аж. Данзанравжаа Дэмчигийн хийдэд лам нар бус, эрчүүд бус зөвхөн хүүхнүүдийг цуглуулаад тэдэнд шашны бүжиг болон тухайн үеийн пийпаа хөгжмийг зааж өгч урлагийн тоглолт, ший жүжиг зохион байгуулдаг байснаараа онцлогтой. Энэ сургаар хавь ойрын хүмүүс болон алс холын мөргөлчид, аянчин жинчид Дэмчигийн хийд рүү хошуурдаг болсон бөгөөд тухайн үед ший жүжиг гээч юм огт дэлгэрээгүй байсан тул хөмөрсөн тогоон доторхи монголчууд эвэртэй туулай үзсэн мэт гайхдаг байж. Ямар сайндаа л Түшээт хан аймгийн Эетэй гүний хошууны засаг ноёнд бага хатнаар богтлогдож очсон Хажид хэмээх үзэсгэлэнт бүсгүй ноён хутагт Равжааг Галбын говьд өвөрмөц хийд байгуулсаныг дуулж сонсмогцоо хөгшин ноёноосоо оргон босч Дэмчигийн хийдэд ирээд ариун номын авшиг хүртэж бодисадва болоод зогсохгүй, ший жүжгийн дуучин, бүжигчин болж байсан түүхтэй ажээ. Данзанравжаа хол ойрын гийчдэд гайхамшигтай ший жүжгээ зүгээр нэг үзүүлчихдэггүй байсан бөгөөд эмэгтэй хүнийг дорд язгууртан гэж үздэг мунхаг бодлыг нь тэдний толгой тархинаас авч хаяхын тулд ший жүжиг үзэх гэсэн хүсэл сонирхол дээр нь хөөрхөн “тоглочихсон” байх жишээтэй. Тэр нь юу гэвэл үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүдийн ший жүжиг, дуу хуурыг үзэж сонирхохоор ирсэн мөргөлчид, аянчин, жинчдэд хандаж “Та нар эх хүн, эмэгтэй хүнээс төрөөгүй бол цаашаа яв. Харин эмэгтэй хүнээс төрсөн нь энүүгээр орж жүжиг үз” гээд “Эх тантра” шүтээний салтаан доогуур оруулдаг байж. Мэдээж тэнд ирсэн хүмүүс эх хүнээс төрсөнөө эрхбиш өөрсдөө мэдэхтэйгээ болохоор “Эх тантра” шүтээний салтаан доогуур орох нь ойлгомжтой. Тиймээс ший жүжиг үзсэн хүмүүс эмэгтэй хүний хамаг л сайн сайхныг шүтэн бишрээд шарын шашны номлол болох “Эмэгтэй хүн бол дорд язгууртан” гэдэг үзэл бодлоос татгалзахад хүрдэг байжээ. Догшин ноён хутагт маань хүмүүсийн оюун ухааныг ингэж л бодитойгоор сэнхрүүлдэг байсан бөгөөд нэг ёсондоо тухайн үеийнхээ харанхуй нийгэмд хүний эрх, ардчиллын бамбарыг асааж байсан бус уу. Тэрбээр нэгдүгээрт эх хүн, хоёрдугаарт хун цагаан шувуу, гуравдугаарт хилэнцэт хорхойг эрхэмлэдэг байсан гэдэг. Эдүгээ түүний үүсгэн байгуулсан дэлхийн энергийн төв буюу Дэмчигийн хийд, мөн энергийн төв Хамрын хийд гадаад дотоодын судлаачид, жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг болж. Дэлхийн энергийн төв гэж нэрлэгдээд байгаа хадан хавцлын орой дээр нарийхан төмөр хатгасан жижигхэн цэг байх бөгөөд энерги авахаар очсон хүмүүс уг цэг дээр 3-5 минут ээлжлэн сууж, эцэст нь ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг нийтээрээ дуулдаг юм байна. Би бээр одоогоос хоёр жилийн өмнө Дэмчигийн хийдэд очиж “Үлэмжийн чанар”-ыг дуулаад, өнгөрсөн жил Хамрын хийдэд очиж энерги аваад ирсэн болохоор уран бүтээл их л арвин байх шиг санагдаад байгаа юм.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
(Эхний зураг нь Б.Энхтуяагийн “Бодисадва тусгал”, хоёр дахь зургийг Э.Цолмонбат)
URL: