Барак Обама “Монгол хэрэггүй” гээд хэлчихлээ
Энэ өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дахь чуулган болж байгаа билээ. Үүнд дэлхийн улсуудын төрийн тэргүүн болоод өндөр албаны хүмүүс оролцож байгаа нэр хүндтэй уулзалт юм. Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албаны хүмүүс оролцож байна.
Чуулганд оролцоно гэдэг нэр хүнд дагуулдаг гэж Африкийн ардчилагч Нельсон Мандела нэгэнтээ хэлсэн байдаг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүндийг унагасан явдал болов.
Өнгөрсөн мягмар гаригт чуулганд оролцсон төрийн тэргүүнүүд гэрэл зураг татуулав. Энэ үеэр Б.Обама баруун гараа өргөж мэндчилж байгаагаар зургаа татуулснаар баруун хойно нь зогсч байсан Ц.Элбэгдоржийн нүүрийг таглажээ. Цагаан ордны тэргүүний энэ үйлдэлд хүмүүс дургүй хандсан байна.
“ABC” суваг сайтдаа энэ тухай мэдээлсэн юм. Сэтгэгдэл бичсэн америкчуудын үзэж байгаагаар Б.Обамагийн энэ үйлдэл Монгол Улсыг үл тоомсорлосон аж. Зураг дээр тэрбээр ганцаараа гараа өргөсөн байгаа нь хэдий нийтийн танил, АНУ-ын Ерөнхийлөгч хүний хувьд баймааргүй үйлдэл гэлтэй.
“Ныо-Йорк таймс” сонинд бичсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан ордны тэргүүнтэй ойрхон зогсч ардчилсан улсын тэргүүнүүдийн найрсаг харилцааг харуулах гэж хичээсэн ч Б.Обама харамсалтай нь Ц.Элбэгдоржийн нүүрийг таглаж орхижээ. Тэрбээр Б.Обамагийн арын эгнээний 20 см өндөр тавцан дээр зогсч байсан аж.
Тэрбээр урьд нь “Их-8″, “Их-20″ болон бусад өндөр хэмжээний уулзалтад оролцож, төрийн тэргүүнүүдтэй хамт даруулсан зураг дээр гараа өргөж мэндчилж байгаагүй гэж “Нью-Йорк таймс” онцолжээ.
“Лусианне” сайтад бичсэнээр Ц.Элбэгдорж Израйль, Палестин газар нутгийн маргааныг ардчилсан аргаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээх Б.Обаматай уулзахдаа тэмдэглэсэн байна. Гэвч Цагаан ордны тэргүүн түүнтэй санал нийлсэн ч АНУ-ын Израйлийн талыг баримтлах бодлогыг Б.Обама уг зураг дээр илтгэсэн аж.
“Монгол Улсын Ерөнхийлөгч түүнээс дохой илүү намхан” гэж тус сайтад өгүүлжээ.
Уг зургийг “Пүүл” агентлагийн фото сурвалжлагч Аилан Танненбаум дарсан байна. Тэрбээр “ABC” сувагт өгсөн ярилцлагадаа “Би боломжийг ашиглаж ийм зураг дарсандаа маш их баяртай байна. Б.Обамагийн сэтгэл маш их хөдөлсөн нь надад мэдрэгдсэн. Түүний баруун гарын цаана Монгол Улсын Ерөнхийлөгч байсныг би зураг дарж байхдаа анзаарсан. Өөр өнцгөөс дарсан ч гэсэн Ц.Элбэгдоржийн нүүрний дийлэнх нь Б.Обамагийн гарын цаана харагдана” гэжээ.
НҮҮРЭЭ ТАГЛУУЛСАН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Ц.Элбэгдорж нүүрээ Ерөнхийлөгчийн гараар таглуулсан анхны тэргүүн боллоо. Анхдагч гэхэд ийм зүйлд өртөж байхдаа яахав дээ. 1954 онд АНУ-ын Ерөнхийлөгч Двайт Эйсенхоуэр олон орны төлөөлөгчидтэй даруулсан зураг дээр толгойных нь тавны нэг нь хүний ард орсон байжээ. Үүнээс хойш Цагаан ордны зөвлөхүүд АНУ-ын Ерөнхийлөгчийг олны дунд зургаа татуулахдаа дунд зогсох, хоёрдугаар эгнээнд юм уу эхний гурван эгнээ дотор зогсохыг баталсан байна.
Энэ нь АНУ дэлхийн төв гэсэн утгыг илэрхийлдэг аж. Гэхдээ энэ удаад Цагаан ордны Дипломат ёс зүйн хорооныхон Б.Обамагийн үйлдлийг тайлбарлаж чадахгүй байна. Өмнө нь АНУ-ын аль ч Ерөнхийлөгч бусад улсын төрийн тэргүүний нүүрийг гараараа таглаж байгаад зургаа татуулж байгаагүй.
Б.Обама олон хүнтэй зургаа даруулна гэж мэдэж байсан. Түүний сонгуулийн кампанит ажил эхэлсэн ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нүүрийг таглах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн ардчилсан гэгддэг улсын тэргүүн энэ үйлдлээрээ “Монголгүй” гээд хэлчихсэн.
Магадгүй, түүний ард ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Жинтао, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон зогсч байсан бол гараа өргөж мэндчилж байгаагаар зургаа даруулахгүй биз.
Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: