УРГАЦ ХУРААЛТ ИРЭХ САРЫН ЭХЭЭР ДУУСНА

Эх орон даяар өрнөөд буй ургац хураалтын ажил хэрхэн өрнөж буй талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого хэрэгжүүлэлтийн газрын дарга Л.Баяртулгаас тодрууллаа.

-Энэ намрын ургац хураалтын ажлын бэлтгэл хэр хангагдсан гэж та үзэж байна вэ?

-Ургац хураалт өдгөө ид үргэлжилж байна. Энэ намар 300 орчим мянган га-гаас үр тариа, 14,6 мянган га-гаас төмс, 7000 орчим га-гаас хүнсний ногоо хураан авах шаардлага бид бүхний өмнө тулгарч байгаа. Ерөнхийдөө үр тарианы хураалт 50 хувьд хүрээд байна. Талбай дээр 200 гаруй мянган тонн будааг «Тариаланг эрхлэлтийг дэмжих сан»-гаас хураан авч эхлээд байна. Түүнчлэн зарим нэг гурилын үйлдвэрүүд худалдан авалт хийгээд эхэллээ. Төмс хураалт 70 гаруй хувьтай болсон, хүнсний ногооны хураалт үүнээс илүү буюу 80 хувьтай явж байна. Иймээс төмс, хүнсний ногооны хувьд хураалт шувтрах хандлагатай байна. Харин үр тарианы хураалт яг ид дундаа орж явна. Энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэнгэр муудах янзтай болж ирсэн ч хаа очиж гайгүй өнгөрлөө. Иймээс ургац хураалт хэвийн байдалд явагдаж байна. Тухайн орон нутагтаа комбайны сэлбэг хэрэгсэл дутах, дээрээс нь тээврийн зэрэг жижиг сажиг бэрхшээлүүд гарч байгаа ч тухай тухайн үед нь шийдээд явж байна. Ургацын комиссын хувьд ажлаа хэвийн үргэлжлүүлж, гишүүд нь орон нутагт ажиллаж байна. Тээвэрлэлтийн хувьд бага сага бэрхшээл саад тулгарсан боловч Зам тээвэр, хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай хамтран ажилласнаас гадна Батлан хам­гаалах яамтай хамтарснаар 1300 орчим цэргийн албан хаагч хураалтын ажилд тусалж байна. Мөн орон нутагт анхнаасаа л «Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил»-ийн хүрээнд орон нутагтаа түр хугацаагаар ч болов шинэ ажлын байр буй болгох чиглэл өгсөн байгаа. Цөөн ч болов хүмүүсийг ажилтай болгох хүсэлтийг гаргаснаар орон нутаг бүрт анхаарсан хэдий ч харамсалтай нь «нэг өдөр ажиллахад нь 10-15 мянган төгрөгөөр цалинжуулж, хооллоё» гэхэд зарим залуус үүнээс хойш сууж байна. Ургац хураалт, бүтээн байгуулалтын энэ их ажилд оролцоод амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжоос арагш сууж буй нь мэр сэр гарсаар байна.

-Миний санахад зарим намар оюутан суралцагчид ургац хураалтад их бага хэмжээгээр оролцож байсан. Харин энэ жилийн хувьд ямар байгаа бол?

-Бид их, дээд сургуулиудад хүсэлтээ өгч байгаа. Гэвч оюутан залуусын маань зав зай багаас болдог юм болов уу харьцангуй бага ажиллаж байгаа.

-Ноднин жилээс эхлэн төмс¬нийхөө дотоодынхоо хэрэгцээг бие даан хангадаг болсон багагүй амжилт олоод байгаа. Энэ амжилтаа цаашид нэмэгдүүлэх боломж гарах болов уу? -Ер нь хүнсний ногооныхоо 60 орчим хувийг дотоодынхоо ургацаар хангана гэсэн тооцоотой. Жилээс жилд хүнсний ногооны импорт багассаар байгаа. Хүнсний ногоо хураалтын хувьд ажиллагааг нь механикжуулах арга хэмжээг авч, ялангуяа 1-5 га буюу бага хэмжээний хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байна. Иймээс Солонгосоос бага оврын бүрэн механикжуулсан техникүүдийг оруулан ирж нийлүүлж байгаа нь 3,6-5,5 сая төгрөгийн үнэ ханштай байгаа. Үүнийг хөнгөлөлттэй үнэ гэж ойлгож болно. Механикжуулалтын энэхүү ажлыг мөн төмс, хүнсний ногооны салбарт үргэлжлүүлснээр ойрын 2 жилд хүнсний ногооны үйлдвэрлэлд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.

-Ургацаа хадгалах зоорь савны бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Зоорь савны хэмжээ ч нэмэгдэн, шинээр зоорь барьж буй хүмүүсийг дэмжихээс гадна хуучин зоорь савыг шинээр тоноглоход анхаарч байна.

-Ургац тээвэрлэлтэд замын саад багагүй тохиолддог. Зам засвар, бэлтгэлийн ажил хангагдсан уу?

-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар зам засварын ажилд тодорхой мөнгө хөрөнгө гаргахаар тогтсон. Гол чиглэлүүдэд ноднин хийгдэж чадаагүй засварыг гүйцэтгэж байна. Тээвэрлэлтэд 150 орчим машин тогтмол явахаас гадна иргэд, аж ахуйн нэгжийн ургацын талбай хоорондын дотоод тээвэрт нэлээд явж байна. Шаардагдах тээврийн хэрэгслийн тоог Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай ярилцан нэмэгдүүлэхээр тогтсон.

-Энэ намрын ургац хураалт хэзээ дуусах бол?

-Ургац хураалтаа энэ 9 дүгээр сардаа багтаая гэж төлөвлөж байсан боловч энэ сарын эхээр бага зэрэг хур тунадас унаж, чийг өгсөн нь сөргөөр нөлөөлсөн. Хэрвээ энэ эрчээрээ ажиллах аваас 10 дугаар сарын эх гэхэд үндсэндээ дуусна.

С.Энх-Амар


URL:

Сэтгэгдэл бичих