АН-ынхан Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдаар томилохыг хүлээн зөвшөөрөх үү

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж эзгүй байгаа ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэх хүнээ эцсийн байдлаар тохирлоо.

Тодруулбал, МАХН-ынхан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын оронд намын даргынхаа эмч байсан Л.Жамбалжавыг томилуулахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар намын Гүйцэтгэх товчооны гишүүд Л.Жамбалжав эмчийг салбараа маш сайн мэддэг, анагаах ухааны салбарт насаараа ажиллаж бүхий л зовлон жаргалыг нь ойлгодог, мэддэг хүн гэж үнэлсэн учраас Эрүүл мэнд, спортын сайдад дэвшүүлэхээр болжээ.

Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байх үед нь эмчилж байсан бөгөөд тэр цагаас хойш МАХН болон Н.Энхбаяр нартай тун ойр явж ирсэн нэгэн юм. Тийм ч учраас тэрбээр өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа МАХН болон МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвсэл Засгийн газарт орох үед Эрүүл мэндийн яамны дэд сайдын суудалд яригдаж байсан нэгэн юм. Харин тухайн үед квотын хувиарлалтаар тус яамны дэд сайдыг АН-ынхан авч Ж.Амарсанааг томилож байв.

Ямартаа ч хуучин сайд Г.Шийлэгдамба нь асуудал орсон даруйдаа Ерөнхий сайдад хүсэлт гаргаж үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн. Түүнийг АТГ-аас авилга авсан гэх шалтгаанаар шалгаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр хийгдсэн төвсийн тодотголын “ачаар” дэд сайд Т.Болдбаатар нь мөн л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг нь бас авилгалын хэргээр бариад хорьчихсон учир тус яам удирдлагаар үнэхээр хомс байгаа. Тиймээс ЭМСЯ-ыг маш хурдан сайд, төрийн нарийн бичгийн даргатай болгох шаардлагатай нь мэдээж хэрэг болсон. Үүнийг ч УИХ дахь суудалтай зарим намууд шаардаад эхэлсэн.

Тэгвэл ЭМС-ын сайдын суудлыг АН-ынхан авахаар илт сонирхож байгаа нь ил болсон. Г.Шийлэгдамбын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт явуулсан захидлын дараа уг суудлыг өөрийн болгох хүсэлтүүдийг эхнээсээ гаргаж эхэлсэн. Жишээлбэл, энэ салбарыг өмнө нь удирдаж байсан С.Ламбаа АН-ын гүйцэтгэх зөвлөлдөө хандаж Эрүүл мэнд, спортын сайдад АН-аас хүн томилохыг сануулаад байгаа. Ингэснээр тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эвслийн бүлэгт хариуцуулж нэр хүнд нь унаад буй Эрүүл мэндийн салбарыг дахин сэргээж чадна гэж үзсэн. Тиймээс эзэнгүй байгаа ЭМС-ын суудалд аль намаас хэнийг томилох нь одоо ч асуулт болон үлдээд байна.

Ямар ч байсан МАХН-аас Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Харин энэ шийдвэрийг нь АН-ынхан хүлээж авах болов уу. Хэрэв хүлээн зөвшөөрвөл өнөөдөр хуралдах Засгийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яам сайдтай болох магадлалтай байна.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: Зочин Огноо: 30 November 2015

Зөв сонголт байна.

Сэтгэгдэл бичих