Зарим багийг татан буулгав
Увс аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаанаар “Зарим багийг татан буулгах, шинээр баг байгуулах, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг авч хэлэлцлээ.
Төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүртээмжтэй чанартай болгох, баг хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс Улаангом сумын багуудыг өөрчлөх, шинээр байгуулах асуудлыг авч хэлэлцсэн юм. Улаангом сумын 3-р багт хамаарагддаг Дулааны станцын хэсэг, Гаалийн байр, хуучнаар Усны аж ахуйн орчмын 266 өрх, 9-р багийн Гашууны хорооллын 298 өрх, “Магнай трейд”-ийн ШТС-ын эргэн тойрны 87 өрх, нийтдээ 651 өрхийг нэгтгэн Улаангомд шинээр нэг баг байгуулахаар боллоо.
Ингэснээр Улаангом сум 12 багтай болох юм. Мөн Улаангом сумын 9-р багийн хөдөөгийн 69 өрхийг 8-р багт, 4-р багийн Гурилын үйлдвэрийн ар тал, Бор толгойн чиглэлийн 117 өрх, Далангийн хорооллын 120 өрхийг 2-р багт шилжүүлэхээр боллоо. Үүнээс гадна Тариалан сумын Толь багийг татан буулгаж, Тарвагатай багт нэгтгэх шийдвэрийг аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргалаа.
Тариалан сумын Толь баг нь 2014 оны эцэст 54 өрх, 196 хүн амтай хэмээн статистик бүртгэлээр тоологдсон байна. Үүнээс 20 өрхийн 90 хүн тухайн багтаа байнга оршин сууж байгаа аж. Багийн нийт өрхийн 63 хувь буюу 34 өрхийн 106 хүн Улаангом сумын багуудад амьдардаг байна. Иймээс багтаа тогтмол оршин сууж байгаа 20 өрхийн 90 хүнийг Тарвагатай багт шилжүүлэхээр боллоо.
Увс аймаг Б.Батхүү
URL: