Томуугаар өвчилсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь 0-9 насныхан байна
Хүйтний эрч улам чангарч байгаа энэ үед ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдэж томуугийн улирал эхэлдэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 152 мянга гаруй хүн эмнэлэгт хандан амбулаториор үзүүлсний 7140 нь томуугаар өвчилсөн нь тогтоогджээ. Томуугийн энэ дэгдэлт удаан хугацаанд үргэлжлэх магадлалтайг эмч нар хэлж буй.
Хоолой барих, гүйлгэх зэрэг давхар хам шинжээр илэрч буй уг ханиадыг богино хугацаанд амьсгал боох аюултай, шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн ч гэх мэдээлэл бий.
ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан “Улсын хэмжээнд томуугийн өвчлөлийн мэдээллийг долоо хоног тутам бид тоолж, хянадаг. Томуугаар өвчилсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь 0-9 насныхан . Тэгэхээр ийм насны хүүхэдтэй айл, хүүхдийн байгууллага, асрамжийн газрынхан илүү анхааралтай байх хэрэгтэй.
Ханиад томуутай холбоотой яаралтай түргэн тусламжийн дуудлага нийт дуудлагын 12 орчим хувийг эзэлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 10.6 хувь нь уушгины хатгалгаатай, ханиад нь хүндэрсэн хүмүүс байгаа юм. Орон нутгийн хувьд томуугийн өвчлөл 3.8 хувьтай байна. Гэвч хэд хэдэн аймагт томуугийн өвчлөл 5-10 хувьд хүрсэн. Үүнээс үзэхэд томуугийн дэгдэлт цаашид удаан үргэлжлэх байх” гэв.
О.Сайхан
URL: